Дюссельдорфоос гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.23-нд нийтлэгдсэн

Дюссельдорфоос гурван медаль хүртлээ

Герман улсын Дюсселдорф хотноо болж буй жүдо бөхийн “Гран-при” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд дэлхийн 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155, нийт 368 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр, уржигдар хөнгөн жингийн барилдаан болох эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд Монголын багийн хувьд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт Германы Мартин Сецийг, дараагийн барилдаанд Румыны Лазло Зокег ялсан. Харин зооны аваргын төлөөх барилдаанд Японы Рэн Миязакид ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Израилийн Таль Фликер, Бразилийн Луйз Ревите нарыг ялж, хүрэл медаль хүртсэн юм.

Харин  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Словенийн Кристина Вршичийг, зооны аваргын төлөөх барилдаанд Германы Соня Виртийг ялсан юм. Ингэснээр хагас шигшээ барилдаанд Японы Ами Кондог ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Шуген Вүд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд Францын Элен Ресевийг, зооны аваргын төлөөх барилдаанд АНУ-ын Хана Кармайклийг ялсан. Улмаар хагс шигшээ барилдаанд Бразилийн Кетлын Куадросыг ялж, алтан медалийн төлөө барилдахаар болсон. Алтан медалийн төлөө Японы Каори Мацумотод ялагдаж, мөнгөн хүртлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг жин болон эмэгтэйчүүдийн -78, 78 кг-ын жингийн барилдаанууд болно.
-100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр зодоглоно.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж