
Украины ерөнхийлөгч Виктор Янукович албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай нь түүний зөвлөх Анна Герман мэдэгдсэн байна. Улс оронд нь өрнөж буй үйл явдлыг тэр “төрийн эргэлт” гэж тодорхойлжээ. Янукович видео илгээлтээ Харьковт бичүүлээд UBR телевизээр дамжуулахын сацуу интернэтээр ч цацсан байна.
“Улс оронд цус урсгахгүйн төлөө би бүхнийг хийж байна. Одоо надад хүмүүсийг мөрдөн мөшгиж байгаа тухай мэдээлэл ирж байна. Ажил дээр нь, сургуульдаа явах замд нь мөрдөн мөшгиж байгаа хүмүүсийг би хамгаалахаар оролдож байна. Дахин цус урсгахгүйн төлөө бүхий л хүчээ дайчилна. Намайг айлган сүрдүүлж, сайн дураараа огцор гэж шахаж байна. Би огцрохгүй” гэсэн түүний үгийг Анна Герман дамжуулжээ. Улс орныг ийм байдалд турхирч байгаа хүмүүстэй би нэгдэж, гарын үсэг зураглахгүй. Бид 1930-аад онд Герман, Австрид нацистууд гарч ирсэн шиг тийм үйл явц Украинд өрнөж байгааг харж байна. Байр байшин, албан газрыг шатааж байна. Бүс нутгийн намын 200 гаруй оффисийг галдсан” гэх Януковичийн үгийг РИА Новости агентлаг онцолжээ.
Виктор Янукович хоёрдугаар сарын 22-ны өдөр Дээд радын гаргасан хууль тогтоомжийг хууль бус гээд “Би ямар ч бичиг баримтад гарын үсгээ зурахгүй” гэжээ. Мөн тэрээр сөрөг хүчнийг “дээрэмчид” гэж нэрлэв. Януковичийн хэлснээр депутатуудыг парламентаас гарахад нь барьж авч, зодож байгаа гэлээ. Янукович улс орноосоо гарч явахгүй гэж хэлээд Харьковаас Украины зүүн өмнөт нутгаар орон сонгогчидтойгоо уулзана гэсэн байв.
Дээд рад хоёрдугаар сарын 20, 21-нд ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар хуулийн төслийг бүртгэн авсан байв. Мөн 2004 оны Үндсэн хуулийг буцаан авах талаар санал хураалт явуулан баталгаажуулав. Тэд ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах тогтоолыг баталжээ. Мөн парламентын шинэ даргаар

Тимошенкогийн хамтран зүтгэгч Турчиновыг сонгосон байна. Үүний өмнө парламентын спикер Рыбак биеийн эрүүл мэндийн байдлаар огцорчээ.