Олимпийн эзэд медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.23-нд нийтлэгдсэн

Олимпийн эзэд медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Хар далайн эрэг дэх Сочи хотыг дэлхийн анхаарлын төвд аваачсан өвлийн XXII олимпийн наадам өнөөдөр “хөшгөө хаах” гэж байна. Орчин цагийн олимпийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэх тодотголтой “Сочи-2014” наадмын сүүлийн өдөр бобслей, гүйлтийн цана болон хоккейн аваргууд тодрох учиртай. Харин өчигдөр  буюу олимпийн 16 дахь өдөр долоон багц медаль эздэдээ очсон. Ийнхүү 16 өдрийн дараагаар 95 багц медалийн эзэд тодорч, зохион байгуулагч ОХУ-ын баг нийт 29 медаль, үүнээс алт-11, мөнгө-10, хүрэл-8 гэсэн амжилтаар медалийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна. Тэдний араас мөн 29 /11-5-10/ медальтай Норвегийн баг удаалж байгаа юм.

Оросууд өчигдөр хоёр алтан медаль хүртсэн. Америкт төрж өссөн боловч хожим нь ОХУ-ын иргэншилтэй болсон Вик Уайлд өчигдөр болсон сноубордын эрэгтэйчүүдийн слалом төрөлд аваргалсан бол биатлоны эрэгтэйчүүдийн 4х7,5 км-ийн буухиа уралдаанд мөн ОХУ-ын баг 1:12:15.9 цагийн амжилтаар түрүүлснээр оросууд багийн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн юм.

Мөн өчигдөр мөсний хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолт болж, Финляндын шигшээ ялалт байгуулсан. Хагас шигшээ шатанд хөрш Канадад хожигдсоноор хүрлийн төлөө тоглох эрхтэй болсон АНУ-ын баг өчигдрийн тоглолтод 5:0 харьцаатай бут ниргүүлсэн юм. Хэсгийн шатанд талбайн эзэн Оросын багийг буулган авч, эхний дөрвөн тоглолтдоо л 20 шайб оруулаад байсан америкчуудаас үзэгчид хүрэл медалиас хавьгүй илүү амжилт хүлээж байсан нь лавтай. Ямартай ч Сочийн мөсөн талбай АНУ-ын хоккейчдийг ивээсэнгүй. Хоккейн эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын баг шигшээ тоглолтод эцсийн мөчид ялагдал хүлээж, эрэгтэйчүүд нь залгуулаад ийнхүү бүтэлгүйтэв.

Өнөөдөр орой олимпийн аваргын төлөөх тоглолт Канад болон Шведийн багийн хооронд болно.

Сочийн олимпийн уралдааны талбарт Нидерландын тэшүүрчдийн ноёрхол өчигдөр ч мөн үргэлжлэв. Тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй багийн цуваа гараатай уралдаанд тэд ээлжит түрүүгээ авсан юм. Тэгэхдээ эрэгтэй баг нь ч, эмэгтэй нь ч ялгаагүй олимпийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Цагаан олимп эхэлсэн цагаас 24 медаль /8-7-9/ хүртсэн тэд зөвхөн тэшүүрийн төрөлд 23, үлдсэн нэг медалиа мөн л тэшүүрийн нэг төрөл болох шорт-трекээс авсан юм.

“Сочи-2014” олимпийн 16 дахь өдрийн медальтнуудыг танилцуулъя.

Уулын цана /эрэгтэй, слалом/:

Алт: Марио Матт /Австри/ 1:41.84
Мөнгө: Марсел Хиршер /Австри/ 1:42.12
Хүрэл: Хенрик Кристофферсен /Норвеги/ 1:42.67

Биатлон /эрэгтэй, 4х7,5 км буухиа/:

Алт: ОХУ 1:12:15.9
Мөнгө: Герман 1:12:19.4
Хүрэл: Австри 1:12:45.7

Гүйлтийн цана /эмэгтэй, бөөн гараатай 30 км/:

Алт: Марит Бьёрген /Норвеги/ 1:11:05.2
Мөнгө: Терез Иохауг /Норвеги/ 1:11:07.8
Хүрэл: Кристин Стоермер Стейра /Норвеги/ 1:11:28.8

Сноуборд /эмэгтэй, параллел слалом/:

Алт: Жулия Дуймовиц /Австри/
Мөнгө: Анке Карстенс /Герман/
Хүрэл: Амели Кобер /Герман/

Сноуборд /эрэгтэй, параллел слалом/:

Алт: Вик Уайлд /ОХУ/
Мөнгө:  Зан Косир /Словени/
Хүрэл: Бенжамин Карл /Австри/

Тэшүүр /эрэгтэй, баг/:

Алт: Нидерланд 3:37.81 /олимпийн рекорд/
Мөнгө: БНСУ 3:40.85
Хүрэл: Польш 3:41.94

Тэшүүр /эмэгтэй, баг/:

Алт:
Нидерланд 2:58.05 /олимпийн рекорд/
Мөнгө: Польш 3:05.55
Хүрэл: ОХУ 2:59.73

С.ЦЭЛМЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж