Сомалийн ерөнхийлөгчийн ордонд халджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Сомалийн ерөнхийлөгчийн ордонд халджээ

Сомалийн Ерөнхийлөгч Хассан Шейх Махмудын ордон руу өчигдөр /II.21/ зэвсэгт этгээдүүд халджээ. Сомалийн албаныхны мэдээлснээр зэвсэгт этгээдүүд ерөнхийлөгчийн ордоны хаалганы гадна автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэлж, улмаар дотогш нэвтэрсэн байна. Азаар Сомалийн ерөнхийлөгчийн ордоны хамгаалагч цэргүүд гэмт этгээдүүдийг хурдан зогсоож, олон хүний амь эрсдэхээс сэргийлжээ. Энэ үеэр Сомалийн ерөнхийлөгчийн ордоны хоёр хамгаалагч, есөн зэвсэгт этгээд амь үрэгдсэн байна. ВВС-д мэдээлснээр ерөнхийлөгчийн ордоны хамгаалалтын цэргүүдтэй ижил хувцасаласан зэвсэгт этгээдүүдийн зарим нь тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн байсан гэнэ. Сомалийн Ерөнхийлөгч Хассан Шейх Махмудын аминд хүрэх зорилготой халдлагыг аль-Каидатай сүлбээтэй аль-Шабааб бүлэглэл зохион байгуулсан гэдгийг хүлээжээ. Халдлага гарах үеэр Сомалийн Ерөнхийлөгч Хассан Шейх Махмуд ойролцоох сүмд мөргөл үйлдэж байсан гэнэ.

Сомалийн Ерөнхийлөгчийн ордон нь нийслэлийн өндөр хамгаалалт бүхий хэсэгт оршдог бөгөөд энд Ерөнхий сайд, парламентын ордон, яамдууд, сүм хийд байрладаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж