Асашёорюү плейоффын тоглолт үзлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Асашёорюү плейоффын тоглолт үзлээ

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Супер лиг”-ийн “Танан гарьд” болон “УБ Альянс Тэх Харцага” багуудын тоглолтыг үзэж сонирхжээ.

Их аваргын хувьд Япон улсыг зорихоосоо өмнө 77-р сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин төдийгүй хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог байсан шаггүй сайн сагсан бөмбөгч юм.

Өчигдөр /II.21/ “Дорнод Танан Гарьд” болон “УБ Альянс Тех Харцага” багуудын цувралын гурав дахьтоглолт болсон байгаа. Энэ цувралын харьцаа 1:1 болж тэнцээд байсан. Тиймээс хожсон нь тэргүүллийг авах чухал тоглолтыг хийсэн юм.

Тоглолтын эхний хагаст харцагууд хүчирхэг тоглолт үзүүлж, довтолгоо нь гайхалтай байснаар, оноог хошуучилж байлаа.Тэднээс энэ тоглолтод  Marcus Hammonds 24 оноо, 11 самбар, П.Болортулга 23 оноо, 9 самбар, Г.Баттөр 14 оноо, 4 оновчтой дамжуулалт, Б.Одбаяр 14 оноо, 11 самбар, О.Золзаяа 2 оноо, 8 самбар авчээ. Гэсэн ч энэ тоглолтын турш харцагуудын гол зэвсэг болох төвийн тоглогчид дээр гарьдууд сайн хамгаалалт хийж байлаа. Энэ арга барил нь тоглолтын сүүлийн хагаст үр дүнгээ өгч, тэд самбартаа илүүрхэж чадсан юм. Тэр дундаа Гарьдуудын легионер тоглогчид хамгаалалт, довтолгоонд жигд байлаа. Тэднээс Dane Rawlins 18 оноо, 11 самбар, 4 бөмбөг таслалт, Joe Davis 16 оноо, Freddie Woods 12 оноо, 13 самбар, 5 блок, С.Батбямба 7 оноо, 5 самбар, Б.Мөнхболд 6 оноо, М.Дорждавга 6 оноо авчээ.

Ингэснээр тоглолт сүүлийн мөч хүртлээ маш өрсөлдөөнтэй явагдсан. Тоглолтын төгсгөлд оноогоор хожиж явсан Гарьдууд бөмбөгөө алдсанаар, Харцагуудад оноог тэнцүүлэх боломж гарсан. Энэ шидэлтийг Харцагуудаас холбон тоглогч Г.Баттөр хийсэн ч, түүн дээр хамгаалагчид амжиж ирсэн. Ингэснээр хүч шавхсан өрсөлдөөний эцэст “Дорнод Танан Гарьд” 84-81 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2:1 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Цувралын дөрөв дэх тоглолт ирэх даваа гаригт СТО-нд болно. Үзэгчдийн сэтгэлийг сэргээсэн Үндэсний Супер Лигийн плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

УЛИРЛЫН ШИЛДЭГ АМЖИЛТ НЬ АХИСАН ТОГЛОГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА

Үндэсний супер лигийн 2013-2014 оны улирлын "ШИЛДЭГ АМЖИЛТ НЬ АХИСАН ТОГЛОГЧ"-оор Б.Шихтулга эзэнтэй Увс Эрдэнэдрийлинг Ригс багийн тоглогч Ганхуягийн Нямбаяр шалгарлаа. Шагналыг өчигдөр болсон плэйоффын тоглолтын үеэр МСБХолбооны Ерөнхийлөгч Ч.Ганхуяг гардуулав.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж