Баяжуулах машинуудын тоног төхөөрөмжийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Баяжуулах машинуудын тоног төхөөрөмжийг шинэчлэв

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах
фабрикийн 3-р ээлжийн хөвүүлэн баяжуулах машинуудыг шинэчлэн солих ажил
өчигдөр дуусч ашиглалтанд хүлээлгэн өглөө. Энэхүү хөвүүлэн баяжуулах
машинуудын тоног төхөөрөмжийг ОХУ-ын Санкт-Петербург хотын РИВС фирмд
үйлдвэрлэсэн аж. Хөвүүлэн баяжуулах машинуудын тоног төхөөрөмжийг
шинэчлэн солих ажлыг зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн байна. БФ-ийн
3-р ээлжийн хөвүүлэн баяжуулах машинуудыг шинэчлэн сольсноор жилд дөрвөн
сая тонн хүдэр баяжуулдаг байсан нь зургаан сая тонн болж хүчин чадал
нь нэмэгджээ. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал
Ч.Ганзоригоос тодруулахад: Өнөөдөр Баяжуулах фабрикийн 3-р ээлжийн
хөвүүлэн баяжуулах машинуудыг иж бүрэн шинэчилж хүлээлгэн өглөө. Эдгээр
машинуудыг 72 цаг ажиллуулж туршилт хийсэн. Туршилт амжилттай боллоо.
“Эрдэнэт” үйлдвэр 30 гаруй жил ажиллаж байна. Уул уурхайн нөхцөл байдал
хүндэрч хүдэр дэх металлын агуулга жилээс жилд буурч байгаа. Бид
зэсийнхээ баяжмал гаргалтыг нэг түвшинд барихад хоёрхон зам бий. Нэг нь
хүчин чадлаа нэмэгдүүлэх, нөгөө нь металл авалтаа нэмэгдүүлэх явдал юм.
Энэ хийгдсэн ажил “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 он хүртэл хөгжүүлэх
хөтөлбөрт тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр жилд 25 сая
тонн хүдэр боловсруулдаг. Цаашид жилд 31 сая тонн хүдэр боловсруулах
хүчин чадалд хүрэх зорилготой ажиллана. Ингэснээр бид үйлдвэрийнхээ үр
ашгийг бууруулахгүйгээр ажиллах боломж бүрдэх юм. Өнөөдөр бид 1983 онд
ашиглаж байсан тоног төхөөрөмжөө иж бүрэн шинэчилж ашиглалтанд хүлээн
авлаа. Энэ бол үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг зогсоохгүйгээр 20
орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдсэн том ажил юм. Ийм
болохоор зөвхөн Эрдэнэтчүүдийн тухайд биш нийт монголчуудын хувьд онцлог
үйл явдал болж байна гэв.
Т.Батчулуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж