Мянган тэмээтэй айлаар зочилсон нь

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Мянган тэмээтэй айлаар зочилсон нь

-Мянган тэмээтэй өрхийн жилийн орлого тэрбум орчим төгрөг-

Хонгор
нутагт өрнөж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцахаар Үйлдвэр, хөдөө
аж ахуйн яамныхантай Баянхонгор аймагт очиход хөдөлмөр, үр бүтээлээрээ
тэргүүлсэн мянган тэмээтэй айлаар орсон юм. Тал хээрийн уудамд тэмээн
сүрэг тааваар бэлчин байх нь үзэсгэлэнтэй. Холоос жирэлзэн үзэгдэх
тэрхүү тэмээн сүрэг нааш нүүдэллэн ирэхэд сэтгэл баясахгүй монгол
байхгүй биз. Аяны замд ийнхүү тэмээн сүргээрээ тэргүүлсэн 1000 гаруй
тэмээтэй Ц.Шинэн гуайн бэлчээрийн талд түр саатаж, нүдээ баясган,
сониноос нь сонссон юм. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Шинэн
гуайд улсынхаа хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж энэ
үеэр өргөмжлөл гардуулж байна лээ.

Ц.Шинэн гуай таван хошуу мал
малладаг ч гэсэн тэмээн сүргийнхээ тоог 1100-д хүргэсэн бөгөөд 20 орчим
жил тэмээн сүрэг дагнан үржүүлж байгаа гэсэн. Тэмээ тайван агаад
тэвчээртэйгээрээ гайхагддаг. Бусад малтай харьцуулахад арчилгаа бага мэт
санагддаг ч мянга хүргэж үржүүлэхэд нөр их хөдөлмөр шаарддаг нь түүний
хэдхэн үгнээс анзаарагдсан юм. Тэрбээр энэ өвлийг давсан тухайгаа
хуучлахдаа “ботго томорч, сайн бойжиж өгөхгүй байвал ингэнийх нь
хүзүүнээс зүүгээд ч болов өвлийг үдлээ” гэж ярьж суусан. Ц.Шинэн гуайнх
тэмээгээ Зайсангийн хөндийд бэлчээдэг. Тэмээ мянгуулаа нэг талд
бөөгнөрөн бэлчих боломжгүй учраас мэдээж мянган тэмээг нэг дор харж
чадаагүй юм. Биднийг тэмээн сүргийг ажин байхад 2-3 буур бэлчин яваа
харагдсан.  Шинэн гуайн тэмээн сүрэгт 10 орчим буур байдаг бөгөөд
сүүлийн хоёр жилд 200 орчим ингэ ботголсон гэсэн. Анх жилдээ 2-3 ботголж
байсан бол сүүлдээ зуугаар тоологдох ингэ ботголж, мал сүргийнхээ тоог
нэмсээр байгаа нь бахархалтай сайхан юм.

Малын буян

Шинэн
гуай ганц хүүтэй. Хүү нь ХААИС төгсч ирээд одоо аавынхаа үйлсийг
үргэлжлүүлж, малдээр гарч, ажил, амьдралаа зохицуулж байгаа гэсэн. Ер нь
малаа үе удмаараа орхихгүй, малласаар байна гэдгээ хэлж байсан бөгөөд
сумынхаа иргэдээс авч ажиллуулдаг ажээ. Малын буян хишиг арвижих сайны
ерөөлөөр туслах малчиддаа бойжуулсан төлийнх нь 40 хувийг өгдөг байна.
Шинэн гуай анх мал маллаж байсан цагаа хуучлахдаа “Миний хувьд тэмээгээ
тоо толгойгоор нь бодож өсгөөгүй юм. Ер нь хувьчлалаар  нэгдлээс нэг
ишиг ч аваагүй. Нэг малаас мянга давсан малтай болсон доо. Тэмээг дагнаж
хорь гаруй жил маллалаа.  Угшил, сүү сааль, бие бялдарыг нь тэнцвэртэй
байлгахын тулд тэмээгээ олон газраас цусыг нь сайжруулахаар авсан. Олон
газраас буур авчирсан даа. Хавтгайн төлөөс ч авчирсан. Тиймээс манай
тэмээ угшил сайтай” гэж хэлсэн юм.

Тэмээнээс ноолуур авдаг болъё

Мянган
тэмээтэй айлынхны яриагаар бол тэмээн сүргийн үр өгөөж нь өндөр гэнэ
лээ. Ноос, сүү сааль ихтэй. Тэмээний ноосыг ашиглахаас гадна ноолуурлаг
чанар ихтэй байдаг ажээ. Үүнийг нарийсгаад тэмээнээс зөвхөн ноос биш
ноолуур авдаг болвол ашиг шим ч их болох санаа хэлж байсан. Ингэснээр
нэг ямаанаас хэдэн зуун грамм ноолуур авдаг бол тэмээнээс хэдэн зуун кг
ноолуур авах боломжтой юм байна. Одоо үед дан ганц уул уурхайн салбарт
найдалгүйгээр хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхийн тулд энэхүү санааг
бодит ажил хэрг болговол үйлдвэрлэл ч нэмэгдэх, малын үр ашиг ч өсөх
талтай ажээ. Ер нь хөдөө аж ахуйн салбарт энэ чиглэлээр дэмжлэг
үзүүлэхийн тулд Засгийн газраас малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд
ноосны урамшуулал өгч байгаа. Үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг
тутамд 2000 төгрөг олгож буй бөгөөд Шинэн гуай 1100 малтай тул 9-10 сая
төгрөгийг урамшуулаар авчээ.

Тэмээний үр өгөөж дээр хэлсэнчлэн
өндөр бөгөөд улсдаа тэргүүлэх малчин нэг мянга гаруй тэмээ маллаад
жилийн орлого нэг тэрбум төгрөг хүрч байгаа гэсэн. Хотын тогтмол ажил
орготой хүн тэрбум төгрөг олж чадахгүй байхад хөдөө газар тууштай
хөдөлмөрлөөд ийм орлого орж чадаж байна. Ийнхүү Хонгор нутгийн хавар
урин дулаан сайхан, мал сүрэг тавтай байна. Хөдөө орон нутаг хотын
хөгжлөөс холдсон гэдэг ч тэрбум төгрөгийн орлоготой, юугаар ч дутахгүй
амьдрах боломж бий. Юм бүхэн багаас эхэлдэг болохоор сэтгэл, хөдөлмөр,
ур ухаан байхад хаана ч хангалуун амьдарч болох сайхан жишээ Хонгор
нутагт байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж