
Сүүлийн жилүүдэд барилгын янз бүрийн компаниуд цэцэрлэг, сургуулийн барилга барих төсөв хөрөнгийг нь уралдан байж авчихаад, хүүхэд багачуудын эрүүл мэнд, орчин нөхцөлд нь тохироогүйгээс тухайн барилга нь дахин засварт орж зардал чирэгдэл болж байгааг иргэд шүүмжиллээ. Хүүхдүүдийн тав тухыг алдагдуулж хохироодог нь гол дутагдал гэцгээв. Гишүүн С.Ганбаатар хариулахдаа “-Иргэд эцэг эхчүүд өөрийн хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж, сургууль цэцэрлэгийн барилгын чанарт эхнээс нь хяналтаа тавих эрхтэй. Үүний тулд эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулсан хяналтын зөвлөл байгуулж, хаанахын ямар материалаар барилга барьж байгаа, өрөлт угсралт, шугам сүлжээний холболтын ажлын чанар нь ямар болж байгааг хянаж шалгаж болно” гэдгийг хэлэв. Тэрбээр цааш нь “- Эцэг эхийн энэхүү зөвлөл нь, сургууль цэцэрлэг барих барилгын компаниудын шалгаруулалт хир шударга болж байгааг ч хянах шаардлагатай” гэв.
Дархан-Уул аймагт энэ 2014 онд тус бүр нь 100-150 ортой хүүхдийн цэцэрлэг 4-ийг, 4 тэрбум 250 мянган төгрөгөөр шинээр барихаар төсөвт тусгагдсан учраас барилгын чанарын асуудлыг нь иргэд ийнхүү онцлон ярьцгаажээ.