“Хутагтын нутгийн урчууд” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

“Хутагтын нутгийн урчууд” үзэсгэлэн нээгдэнэ

Дорноговь аймгийн 80 жилийн ойг угтан зураач, урчуудын уран бүтээлийн үзэсгэлэнг Сайншанд, Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа билээ. Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш 10.00 цагт “Хутагтын нутгийн урчууд” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

XIX зууны дорно дахины суут гүн ухаантан, соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн бүтээлээс эхлээд өнөөгийн авьяас билэгт зураач, урчуудын бүтээлээс бүтсэн үзэсгэлэн ийнхүү үзэсгэлэнд ардын зураач, төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваа, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч, зураач Д.Гүрдорж, МУЭ-ийн шагналт барималч Ж.Цолмонхүү нарын бүтээлээс гадна СУИС-ийн багш, уран барималч Т.Даваасамбуу, Техник, технологийн дээд сургуулийн багш Ж.Хас-Эрдэнэ, залуу зураач Х.Энх-Номин зэрэг 30 гаруй уран бүтээлчийн 150 орчим уран зураг, зураасан зураг, уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ.
Энэ удаагийн үзэсгэлэнд говийн ноён хутагтын “Саран хөхөө” дуулалт жүжгийн зурмал горим буюу “Намтрын Ганзай”, “Шамбалын тухай Очирваанийн хувилгаан”, “Эзэн богд Чингис хаан” бүтээлүүд нь олны хүртээл болж байгаагаараа онцлог аж.

Дашрамд сонирхуулахад Дорноговь аймгийн урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн анх 1969 онд “Алтан говь” нэртэйгээр Сэлэнгэ аймагт, 1979 онд “Говийн өнгө” нэртэйгээр Улаанбаатар хотноо тус тус зохиогдож байсан юм. Харин энэ удаа “Хутагтын нутгийн урчууд” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-12-ны хооронд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж