Хөрөнгө оруулагчдыг намнах хөдөлгөөнийхний тактик

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг намнах хөдөлгөөнийхний тактик

Хүн бүхний эдийн засаг сайнгүй байна. Талх, тариа, гурил будаа, бензин шатахуун, хувцас  хунар гээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ цөөнгүй төгрөгөөр нэмэгдлээ.   Санхүүгийн хямралаас шалтгаалсан эдийн засгийн уналтууд манай иргэний хөдөлгөөний нөхдүүдийн ч орлогыг хумисан нь гарцаагүй.  Нүүрсний салбар тэг зогсолт хийсэн, “Оюутолгой”-н санхүүжилт тааруухан, ядаж байхад мөнгө өгдөг байсан хөрөнгө оруулагчид цөөрсөн  нь  тэдний санхүүгийн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй нь мэдээж. Гэхдээ энэ бүхэн чухамдаа хэнээс болсон билээ.

Гадаах хүйтний эрч бага зэрэг буурахтай зэрэгцээд хөдөлгөөнийхөн ажилдаа орцгоосон нь цаана нь ямар нэгэн мөнгөний үнэр үнэртээд эхэлжээ гэдэг нь тодорхой байна.
  Хэдхэн хоногийн өмнө Монголын ногоон нам, Гал үндэстэн холбоо болон бусад иргэний хөдөлгөөнүүд Төрийн ордны өмнө жагсч уран олборлогчдыг эсэргүүцэв. Хальтхан харвал уран олборлолтыг эсэргүүцэж буй жагсаал боловч цаад зорилго нь хөрөнгө оруулагчдыг намнах гэсэн хөдөлгөөнүүдийн нэг тактик.  Тэдэнд мөнгө, бас даин мөнгө  чухал болохоос мөнгөгүй “гуйлгачин” компаниудыг “гөлөөг” гэж хашгирсан ч тоохгүй л дээ.

Хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ бууруулсан нь ганцхан төрийн бодлогын алдаандаа ч биш юм. Өдөр шөнөгүй гуаглаж байдаг популистуудын шантааж, дарамт  цөөнгүй хөрөнгө оруулагчдын нутах буцах шалтгаан болсон хэн мэдлээ.  Морь унаж, буу шийдэм агссан, уриа лоозон болсон нөхдүүд байсхийж ирээд хүүхдийн сургалтын төлбөр, авгайн эмчилгээний зардал, орон байрны мөнгө, адаглаад л архи, шатахуун өг гээд ажил хийлгэхгүй дарамтлаад байх хэцүү шүү дээ. Дэлхий дээр Монгол ганцаараа байгалийн баялагтай орон биш болохоор хөрөнгө оруулагчид аль нэгэн эрсдэлгүй, эрх зүйн орчин нь тогтвортой, тоглоомын дүрэм нь ил тод, иргэд нь эдийн засгийн ухамсартай улс оронд хөрөнгөө зарцуулах нь тодорхой. Монголоос хөрөнгө оруулагчид нүүрээ бурууллаа гээд монголчуудад л хохирол, эрсдэлтэй болохоос цаана нь "Манайд ирээрэй" гэж заллага дэвшүүлсэн баялагтай, манайх шиг нүүрстэй, зэстэй, алт мөнгөтэй орон зөндөө л байна даг.
Харамсалтай нь хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ бууруулснаар өөрсдийнх нь идэж ууж, эдэлж хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилээс багагүй хувиар өссөн гэдгийг манай иргэний хөдөлгөөнийнхөн мэдэж байгаа янз алга. Тэдэнд мөнгөний АТМ машинууд хэрэгтэй болохоос улс орны язгуур эрх ашиг, эдийн засгийн хөгжил, ард түмний амьдарлын төвшин, гадаад дотоод харилцаа чухал биш. Гадаад орчин биднийг ямар нүдээр харж, таних нь тэдний хувьд аль нэг компанийг яаж шантаажлах вэ гэдгээс жижигхэн асуудал шүү дээ. Хавар болонгуут л Монголын иргэний хөдөлгөөнүүдийн ажил ид оволздог. Бүтээн байгуулалттай зэрэгцэн эхлэх тэдний ажлын гол шаардлага нь мөнгөн дээр тогтдог болохоор аргагүй ч юм уу.  Гэтэл өнөөдөр Монгол Улс хууль, эрх зүйн орчиноо сайжрууллаа гээд хичнээн хашгираад ч тоох хүн олдохгүй байгаа цаад шалтгаан нь эдгээр хөдөлгөөнүүдийн гол эрх ашгаас хамааралтай байхыг үгүйсгэх аргагүй юм.

Монгол Улс  өнгөрсөн намар хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулж, хууль, эрх зүйн бодлогоо шинэчилсэн. Эдийн засагт хэрэгтэй, чухал асуудлуудыг цэгцэлж чадсан хэмээн дүгнэж болох ч тэдгээр бодлогуудыг хэрэгжүүлэх нөхцөл, боломж хэр байгааг, түүнийг нь олон нийт хэрхэн хүлээн авч байгаагаас хуулийн хэрэгжилт, бодлогын үр дүн орших юм.  Нийгэм дэх хөрөнгө оруулагчдыг гэх сэтгэлгээг эерүүлэхгүйгээр, популистуудынхоо хашгирах дууг намсгахгүйгээр Монгол руу хөрөнгө оруулалтын урсгалыг татна гэж хэлэхэд бэрхтэй. Мянган сайхан бодлоготой байлаа гээд популистуудынх байнгын дарамт, шантаажинд дунд хөрөнгөө хийх “тэнэг” баян олдох уу. Тэгээд ч хэзээ  хамаагүй алуулчиж мэдэх эрсдэл дунд амьдарч, зөвхөн Монголд л би хөрөнгө оруулах учиртай гээд зүтгэх зөрүүд "хөгшин" байхгүй шүү дээ. Хаана боломж байна, хаанаас мөнгө үнэртэж байна, тэнд л мөнгөө эргэлдүүлдэг нь бизнесийн гол зарчим. Алтан дүрэм.  Гэтэл хуулиар биш буугаар, айлган сүрдүүлэх замаар асуудлыг шийдвэрлэдэг популистуудтай Монгол энэ янзаараа эдийн засаг сэргээхийн тулд багагүй хөдөлмөр шаардагдаж магадгүй юм.  Үүний тулд эхлээд эх орончдын дарамтыг багасгах, цаашлаад тэдэнд эх орон мөнгөтэй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжил, чухамдаа бол өөрсдийнх нь амьдралд ямар ашиг унацтай вэ гэдгийг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байна.
 “Хулгайч хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэгчээр эдийн засгийн алуурчид хэмээн хөрөнгө оруулагчдыг үзэн яддаг, хөгжлийн тухай ярьсан бүхнийг урвагчаар цоллодог, эх орон гэдэг иргэний хөдөлгөөнийхөнгэж эндүүрдэг   популистууд өөрсдөө эдийн засгийн алуурчин байхыг хэн мэдлээ. Асар их баялгийн эзэн Монгол ядуу, буурай, хөгжил муутай байна гэдэг чухамдаа гадаадынханд ашигтай. Тэр тусмаа зөвхөн уул уурхайн салбрынхан хөрөнгө оруулагчидтай “ноцолддог” нь хөдөлгөөнийхний нэг тактик  болохоор бүр их "но" цаана нь нуугдаад байна уу гэж хардмаар үе цөөнгүй гардаг. Хөрөнгө оруулагчдыг намнахын тулд эгзэгтэй цаг мөчийг ангаа буудах гээд тэвчээртэй хүлээж буй анчны тактикаар хөдөлгөөнийнхөн ажилладаг нь худлаа биш. Гэхдээ энэ нь “ан”-гаа улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийнхөө халаасийг дүүргэх мөнгөний эх үүсвэр гэж хардаг явцуухан эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг нь хамгийн харамсалтай. Гэсэн хэрнээ өөрсдийгөө эрх оронч хэмээн том цоллох тэдэнд ядаж л ичих булчирхай баймаарсан.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж