Нигерийн Төв банкны захирал ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Нигерийн Төв банкны захирал ажлаасаа халагджээ

Нигерийн газрын тосны салбараас олсон орлогоос 20 тэрбум ам.доллар сох дутсан хэрэгт Төв банкны захирлыг буруутган, ажлаас нь халжээ. Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчил гаргасан Төв банкны захирал Ламидо Санусиг ажлаас нь халах шийдвэр гаргасан байна. Ламидо Санусийн Нигерийн Сенатад мэдээлснээр өнгөрсөн 19 сарын хугацаанд газрын тосны салбарын орлогоос сар бүр нэг тэрбум ам.доллар тооцоологдолгүй өнгөрч байсан гэнэ. Нигери 2012 оны нэгдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэлх хугацаанд газрын тосны салбараас 67 тэрбум ам.доллар олсны 20 тэрбум ам.доллар нь улсын дансанд ороогүй байгаа аж.

Одоогоор энэ хэргийг Нигерийн хууль хяналтынхан мөрдөн шалгаж байгаа аж.  Нигерийн хууль хяналтынхны үзэж буйгаар 20 тэрбум ам.долларын хэргийн мөрөөр газрын тосны салбарт бугшсан авилга, хээл хахууль, албан тушаалын том хэргүүд илрэх магадлалтай байгаа гэнэ.

Ламидо Сануси нь 2009 онд Нигерийн банкны салбарт шинэчлэлтийг авчирсанаар нэр хүнд өсч, 2010 онд “Banker” сэтгүүлээс түүнийг оны шилдэг банкны захирлаар нэрлэж байсан юм.

Нигери нь дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж