
Сотникова дөрвөн настайгаасаа гулгаж эхэлжээ. Нийслэл Москва хотод төрж өссөн тэрбээр “Южний” мөсөн талбайд тэшүүр углан гарч байсан үеэ үргэлж дурсдаг гэнэ. Тэрбээр долоон настайгаасаа “ЦСКА” клубт бэлтгэлд хамрагдаж эхэлсэн бөгөөд жилийн дараагаас Елена Буянова дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэх болжээ. Алена 2009 онд дөнгөж 12-хон настайдаа насанд хүрэгчдийн тэмцээнд хүч сорьж, тэр жилдээ насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлэв. Ингэж тэр Орос орныг тив, дэлхийн тавцанд төлөөлөх ирээдүй гэдгээ харуулжээ. Тэр цагаас хойш Алена Сотникова тивийн аваргаас хошой мөнгөн медаль хүртэж, Гран-при цувралуудаас таван медаль, улсынхаа аваргад харин дөрвөнтөө түрүүлсэн байна.
Сочийн мөсөн талбайд эх орноо төлөөлөх эрх түүнд тийм хялбар олдоогүй. Асар уудам нутаг дэвсгэртэй Орос орны өнцөг булан бүрт дөрөв, тавхан настайгаасаа бяцхан хөлдөө тэшүүр углаад мөсөн талбайд гарах ирээдүйн сод авьяастнууд боловсорч байдаг болохоор улсад нь олдсон хоёр эрхийг хэнд хэрхэн хуваарилахыг нарийн шалгуураар шийддэг аж. Сочийн олимпийн өмнө ч тэр хоёр эрхийн нэгийнх нь төлөө ширүүн өрсөлдөөнийг давж гарсан юм. Эцэстээ Аленагаас гадна 15 настай Юлия Липницкая нар ОХУ-ын нэрийн өмнөөс Сочийн талбарт өрсөлдөхөөр болсон билээ. Улсын аваргын тэмцээнд Сотникова хоёр насаар дүү Липницкаяд дийлдсэн боловч Европын аваргаар “хариугаа авчээ”.
Олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан уран гулгалтын багийн төрөлд Липницкая Оросыг төлөөлж, богино үзүүлбэрт хамгийн өндөр оноо авснаар багаа ялалтад хөтлөх чухал үүрэг гүйцэтгэж, олимпийн ууган аварга нь ОХУ-ын баг болсон. Харин Сотникова ганцаарчилсан төрөлд гялалзах хувьтай байв. Богино үзүүлбэрийн дараа Ванкуверийн олимпийн аварга, олны дунд хамгийн их хүлээлттэй байсан БНСУ-ын уран гулгагч Ким Юна хамгийн өндөр буюу 74,92 оноо авч, Сотникова түүнээс ердөө 0,28 оноогоор дутсан билээ. Харин чөлөөт үзүүлбэрт Алена Сотникова өөлөх зүйлгүй сайн гулгаж, Ким Юнагаас даруй таван оноо илүү авснаар олимпийн аваргаар тодорлоо. Мөсөн талбайд алдаа мадаггүй даалгавраа гүйцэтгэж, мөнгөн медаль дээр буусан Ким Юнагаас давуу нь Сотникова гурвалсан үсрэлтээ нэгээр илүү гүйцэтгэсэн юм. Гурав дахиа үсрэлт хийхдээ үл анзаарагдам шахам алдаа гаргасан ч тэр техникээрээ шүүгчдээс өндөр оноо авчээ.
Тэрбээр түүхэн ялалтынхаа талаар “Би энэ улирлын хамгийн өндөр оноогоо авлаа. Үнэндээ карьерынхаа хамгийн өндөр оноог авлаа, тэгэх тэгэхдээ олимпийн талбарт авлаа. Өөрийгөө ингэж гулгана гэж төсөөлөө ч үгүй. Өнөөдөр надад нэг л өөр мэдрэмж төрж байсан. Би ер нь гулгахынхаа өмнө жаахан сандардаг, гэтэл өнөөдөр гайхмаар тайван байсан. Гулгах хичнээн сайхан билээ л гэж бодож байлаа” хэмээн ярьжээ.
Олимпийн өмнө хамгийн их хүлээлттэй байсан, мөсний хатан Ким Юна харин тэмцээний дараа “Шүүгчид оноо өгдөг. Тиймээс би онооны талаар ямар нэг зүйл хэлмээргүй байна. Миний үг юуг ч өөрчлөхгүй шүү дээ. Хамгийн чухал нь би энэ олимпод оролцсон явдал” хэмээжээ. Тэр чөлөөт үзүүлбэрт хамгийн сүүлд гулгасан болохоор өрсөлдөгчдөө хэрхэн гулгаж, хэдэн оноо авч байгааг хараагүй гэнэ. Сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болох талтай тул Ким Юна зөвхөн өөрийгөө л бэлтгэж суужээ.
Уран гулгалтын эмэгтэй, ганцаарчилсан төрөлд хүрэл медалийг Италийн Каролина Костнер хүртсэн. 2012 оны дэлхийн аварга тэрбээр богино үзүүлбэрт 74,12, чөлөөт үзүүлбэртээ 142,61 оноо авчээ.
Уран гулгалтын эмэгтэй, ганцаарчилсан тэмцээний дүнг танилцуулъя.
Мөнгөн медаль: Ким Юна (БНСУ) -219.11 (74,92+144.19)
Хүрэл медаль: Каролина Костнер (Итали) – 216.73 (74.12+142.61)
IV байр: Грейси Голд (АНУ) -205.53 (68.63+136.90)
V байр: Юлия Липницкая (ОХУ) -200.57 (65.34+135.34)
VI байр: Мао Асада (Япон) -198.22 (55.51+142.71)
VII байр: Эшли Вагнер (АНУ) -193.20 (65.21+127.99)
VIII байр: Акико Сузуки (Япон) -186.32 (60.97+125.35)
IX байр: Полина Эдмундс (АНУ) -183.25 (61.04+122.21)
X байр: Мэ Беренис Мейте (Франц) – 174.53 (58.63+115.90)
С.ЦЭЛМЭГ