
Үүний зэрэгцээ “Улс орондоо хүчирхийлэл явуулсан хариуцлага” -ыг тооцохоор Европын холбоо Украины эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ. Европын холбооноос эхний ээлжинд Украины эрх баригчдын эсрэг визний болон эд хөрөнгийг нь царцаах, экспортыг зогсоох зэрэг хориг арга хэмжээ авах гэнэ. Харин АНУ-ын зүгээс хэдийнэ Украины эрх барих 20 албан тушаалтны эсрэг визний хориг хэмжээ аваад буй юм. Түүнчлэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /II.20/ Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой утсаар холбогдон Вашингтоны зүгээс жагсагчдын эсрэг гал нээх зөвшөөрөл өгсөн Киевийн Засгийн газрын албан тушаалтнуудад дахин хориг арга хэмжээ авахаа анхааруулжээ.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын холбоонд нэгдэх гэрээнээс татгалзсанаас үүдэн ард иргэд түүний эсрэг жагсч эхэлсэн юм. Украинчуудын зүгээс Виктор Януковичийг ОХУ-ын нөлөөнд автаж, улс орны ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасанд буруутгаж буй юм. Үүний дараа Украины хууль тогтоогчид өнгөрсөн нэгдүгээр сард жагсагчдын эсэргүүцлийг дарахаар жагсаал, цуглааны эсрэг хууль баталсан нь бослого, үймээнийг өдүүлсэн билээ. Үүний улмаас Киевт байдал хурцдаж, мөргөлдөөн гарч эхэлснийг Виктор Янукович сөрөг хүчнийхэнтэй тохиролцсоны үндсэн дээр жагсаал, цуглааны эсрэг хуулийг цуцалж, баривчлагдсан хүмүүсийг суллах шийдвэр гаргаж, үйл явдлыг түр намжаагаад байсан юм. Гэвч Украины Засгийн газар энэ долоо хоногийн эхээр Киевийн төв талбайгаас жагсагчдыг хүчээр тараах шийдвэр гаргаснаар дээрх байдал үүсээд байна. Иймээс Виктор Янукович Засгийн газрыг тарааж, ээлжит бус парламентын сонгууль явуулахаар болсныг Польшийн Ерөнхий сайд мэдэгджээ.