
Үзэгдэл I
Чөлөөт бөхийн спортын дэлхийн аварга С.Батцэцэг хэвлэлд хандаж, “Би МАХН-д элсээгүй” хэмээн мэдэгдлээ. Түүнд МАХН-ын удирдлагууд хүчээр намынхаа батлахыг гардуулсан талаар тайлбар өгөв. Учир нь, МАХН-ынхан энэ удаад гавъяат тамирчинг өөрсдийнхөө дэглэсэн жүжгийг гол дүрд тоглуулах гэсэн боловч бүтсэнгүй. Хувийн ажлаар явж байсан бүсгүйг улс төрийн тоглоомынхоо золиос болгосны төлөө уг нь МАХН-ынхан уучлалт гуйх ёстой баймаар. МАХН-д элсэх хүмүүсийн дунд урлаг, спортынхон байгаа гэсэн "мөрөөдөл" байж, намынхаа нэр хүндийг өсгөх санаа төдий тулган шаардалт, шахалт байсныг харуулсан. Тиймээс ч Гавъяат тамирчин С.Батцэцэг МАХН-д элсээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн биз. Энэ талаар МАХН-ын удирдлагууд албан ёсны тайлбар хэлээгүй байгаа ч МАН-аас урвах гишүүд, МАХН-ын гишүүн болох урлаг, спортын одод олдохгүй нь бололтой. Жүжиг нэгдүгээр үзэгдэл өндөрлөв.
Үзэгдэл II
МАХН-ынхан намдаа гишүүд урвуулах тактик боловсруулсан нь намдаа хасах онооноос өөр зүйл авчирсангүй. Өчигдөр жүжгийн хоёрдугаар үзэгдэл үргэлжилж, жирийн гишүүд нь хоорондоо асуудалтай байгаагаа харуулж орхив. Энэ нам дээрээ ч, доороо ч гүйдлээ олохгүй байгааг хоёрдугаар үзэгдэл харууллаа. Уг нь МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ нь МАХН-ын дэргэдэх байгууллага. Гэтэл эдгээр байгууллага нь МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар олон нийтэд мэдээлж, хэвлэлийн хурал зарласан юм. Тэд МАХН-ыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоохоор Улсын Дээд шүүхэд ханджээ. Дээрхи хоёр төрийн бус байгууллагын удирдлагууд нь намын дарга Н.Энхбаярыг баривчлагдахаас өмнө албан тушаал горилж байгаад намаасаа хөөгдсөн хэмээн хүмүүс ярих юм билээ. Тэдний мэдээллээ хийж байтал МАХН-ын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүс орж ирэн мэдээлэл хийж буй хүмүүс рүү дайрснаар хоёрдугаар үзэгдэл өрнөв. Дайран орж ирэгсэд “Эд бол МАХН-аас хөөгдсөн, тэгээд албан тушаал хүссэн боловч өөрсдийнх нь хүссэн албан тушаалыг өгөөгүй учраас ийнхүү намын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. МАХН бол ууган улс төрийн нам” хэмээн тогоон доторх хэрүүлээ илчилчихэв. Хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс нь намын захиалгаар ирж байгаа гэх боловч эсрэг талынхан нь намаас албан тушаал авч чадаагүй болохоороо намын үйл ажиллагааг зогсоох, намын эсрэг үйл ажиллагаа хийж байна хэмээсэн.
Төгсгөлийн үзэгдэл /үргэлжлэл бийг үгүйсгэхгүй/
Эрх баригч Ардчилсан намын 400 гаруй гишүүн МАХН-д элсэнэ гэх мэдээлэл өнөөдөр цацагдсанаар жүжгийн төсгөлийн үзэгдэл эхлэв. Өмнөх алдаанаасаа сургамж авахгүйгээр дахин сенсааци дэгдээж, олны анхаарлыг татах нь магадгүй МАХН-ын шилдэг тактик байхыг үгүйсгэхгүй. Өөрсдийгөө ууган нам гэж цоллох дуртай МАХН-ынхан намдаа гишүүд элсүүлнэ, түүний дотор олны танил хүмүүс байна гэж ард түмнээ хуурах тусам нэр хүнд нь улам доройтсоор байгааг сануулах нь зөв биз ээ. Тэгээд ч намд олны танил хүн элслээ гээд намын үйл ажиллагаа сайжирч, нам сайхан болчихгүй нь лавтай. Эндээс харахад МАХН-ын энэ хаврын синдром эхэлж байх шиг. Тэд хэтэрхий утга авцалдаагүй, муу найруулгатай жүжгээр хаврын синдромоо эхлүүлж байна. Харин энэ жүжиг төгсөх үү, үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.