
Ажиглаж байх зуураа өөрийгөө айл болгонтой хамт байгаагаар төсөөлнө. Нэгэн удаа түүний хуучин дуранд ганцаардсан бүсгүй өртдөг. Хүү бүсгүйн амьдралыг ажиглан заримдаа бүр дагаж явдаг байв. Ганцаардсан бүсгүйд хүрэхийг хүссэн Шувуухай зурагтны удирдлагаар ч болтугай эмэгтэйн ертөнцөд нэвтэрхийг хүсдэг. Зурагтны удирдлагаар нисэх онгоцны хуваарийг тааруулж байгаагаар, хөлбөмбөгчдийг удирдаж байгаагаар төсөөлдөг.
Ганцаардсан бүсгүйн айдсыг давахад хүү тусална. Ингэхдээ хүү түүнтэй хамт нисэхийг хүснэ. Харин бүсгүй өндрөөс айна. Хүсэл мөрөөдөл, бодит амьдрал, айдсын огтолцол. Кино цааш яаж үргэлжлэх бол. Хэрхэн өрнөхийг та "Алсын удирдлага" киноноос үргэлжлүүлэн үзээрэй.
“Art house” чиглэлийн тус бүтээлд ямар ч хүнд сэдэв, чамирхаж гангарсан зүйл байхгүй. Сүүлийн үед киногоо борлуулах моод болсон хөөрхөн эмэгтэй уйлж, увайгүй залуугийн хүчирхийлэл энэ бүтээлд гарахгүй.

“Азийн Канн” гэгддэг Бусаны кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино хөгшин Европт зочлоод ирсэн билээ. Хараахан өөрийн эх орондоо нээлтээ хийж амжаагүй байсан тус бүтээл хоёрдугаар сарын 19, 20-нд урьдчилсан үзлэгээ хийлээ.
С.Бямбын “Алсын удирдлага” бүтээл нь хоёрдугаар сарын 27-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх юм.