Д.Бат-Эрдэнэ: Манайд нүүрс борлуулалтын систем алга

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ: Манайд нүүрс борлуулалтын систем алга

“Coal Mongolia-2014” чуулга уулзалт “SS club”-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтын үеэр Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу вэ. Өмнөх  чуулганаас төлөөлөгчдийн тоо өссөн ч гадаадын хөрөнгө оруулагчид төдий л олонгүй байх шиг?

-Энэ удаагийн чуулга уулзалтын өмнөхөн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт их гарсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдлаа, Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орсон гээд хууль эрх зүйн хувьд 2013 оныхоос их өөр болсон. Оролцогчдын тоо өссөн гэдэг нь ч анзаарагдахаар байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд алсаас зорьж ирсэн нь цөөн байж болох юм. Энэ бол өмнөх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт буурсны л илрэл болов уу. Энд ирсэн гадныхан бол голдуу Монголд үйл ажиллагаа явуулдаг л хүмүүс байх шиг байна. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн чуулга уулзалтад ашиглалт үйлчилгээний компаниуд илүү оролцож байна. Өмнөх жилүүдэд геологийн шинэ төслүүд олноороо оролцдог байсан бол лицензэд хориг тавьсантай холбоотойгоор геологийнхон ховор байна. Түүнчлэн хайж олсноо ашиглаад эхэлчихсэнтэй ч бас холбоотой. Илтгэлээс харахад Монголын нүүрсний олборлолт ашиглалт Монголын төв болон зүүн бүсэд илүүтэй байрлаж байгаа. Баруун буюу хангайн бүс нутагт эрчим хүчний эрэлт их хэрнээ нүүрс олборлолт хөгжиж амжаагүй. Баруун аймгууд эрчим хүчний хомсдолтой, ОХУ-ын хараат байдалд олон жил болж байна. Тиймээс нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан дулааны станц барих нь зүйтэй юм.

-Нүүрсний салбарт 2013 он хүндхэн жил байсан. Энэ онд хүнд байдлаас гарах магадлал байна уу?

-Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний салбарт ахиц гараагүй. Хятадад нийлүүлдэг нүүрсний хэмжээ нэмэгдсэнгүй. Дээрээс нь хятадууд сар шинээ бүтэн сарын турш тэмдэглэсэн нь ч нөлөөлсөн байх. Ер нь бол ганцхан зах зээлийн хараат байгааг л харуулж буй хэрэг. Тиймээс нүүрсний салбарыг сэргээхийн тулд гуравдагч зах зээлийг хайх, нүүрсний чанарыг дээшлүүлэх нь чухал байна. ОХУ бол асар их нүүрсний нөөцтэй, төмөр зам, дэд бүтэц хөгжсөний дээр хоёр хөрш орны удирдагч нар дээд төвшний харилцаагаа хөгжүүлж амжсан. Харин манайх тэр хэмжээнд хүрч чадахгүй байгаа.

-Нүүрсийг түүхийгээр гаргаж ашиг олно гэдэг амаргүй. Тиймээс нүүрсийг  боловсруулж, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн мэдээлэл чуулга уулзалтын өмнө ч, өнөөдөр ч яригдаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Одоогийн байдлаар "Энержи ресурс" компани л боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортолж байгаа. Нарийн сухайт орчимд "Саус гоби сэндс" баяжуулах үйлдвэр барьсан боловч усны асуудлаас болж зогсчихоод байгаа. "Энержи ресурс"-ийн хувьд угаасан нүүрсний хаягдал усыг дахин боловсруулж байгаа нь их зөв шийдэл юм. Тус компанийн нүүрс боловсруулж буй туршлагыг бусад нь судлах учиртай.

Дэлхий дахины хувьд нүүрс боловсруулж, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргасан туршлага арвин. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бол хүрэн нүүрснээс нефть гаргаж байсан. Өнөөдрийн хувьд газрын тосны баялаг нөөцтэй болохоор германы технолгийг тэр бүр хэрэглэхгүй байгаа. Харин хятадууд хүрэн нүүрснээс нефть гаргах талаар ихэд сонирхдог юм билээ. Манай улсын хувьд хүрэн нүүрснээс нефть болоод хий гаргах технологиудыг судалж эхэлж байна.

-Нүүрсний салбарынханд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нь хэр байна вэ?

-Одоогийн байдлаар Өмнөговь аймагт нүүрс экспортлогч таван компани байдгийн гурав нь үндэсний компани байгаа бол нэг нь хамтарсан, нөгөө нь цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг. Дорноговь болон бусад аймагт олборлолт хийж байгаа ч голчлон монгол компаниуд байгаа. Нийт экспортын 95 хувийг Өмнөговь дахь "Энержи ресурс", "Эрдэнэс Тавантолгой", жижиг "Тавантолгой", "Чинхуа Мак", "МАК" гэсэн компани хийж байна.

-Нүүрсний жишиг үнийг төрөөс тогтоож буй нь зах зээлийн үнэ тогтооход саад болдог төдийгүй нүүрсний салбарт тээг болж байгаа тухай хүмүүс их шүүмжилж байна. Жишиг үнийг чухам хаанаас тогтоодог юм бэ. Энэ үнийг зах зээлд ойртуулах боломж бий юү?

-Жишиг үнийг Сангийн яаман дахь комиссоос тогтоодог. Жишиг үнийг бодит үнээс хэт өндөр тогтоосноос болж нүүрс олборлогчид алдагдалд орж байна гэж уул уурхайн бүх салбарынхан хэлдэг. Яагаад гэвэл бүх төрлийн татвар, төлбөрийг тэрхүү жишиг үнээр тооцон авдаг. Үүнээс болж зарим уурхай ажиллахгүй сул зогсоход хүрсэн нь ч бий.

2008 онд худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд нүүрсний үнэ тогтоогч зөвлөл байгуулж байсан. Гол таван компани нэгдэж үнэ ханшийг тогтоодог байсан. Тэрхүү зөвлөл ажиллахаа больсноос хойш хамтын ажиллагаа дутмаг болсон. Гадны улс орнууд, тэр дундаа хятадууд нүүрс худалдан авах үнэ ханшийг хамтын шийдвэрээр гаргадаг. Хэнээс нь ч асуусан нэг л үнэ хэлээд байдаг. Нөгөөтэй нь яриад үнэ өсгөнө, бууруулна гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл манайхан хурдхан борлуулахаа бодоод өөрийн дураар үнээ бууруулж орхидог. Үүнийг л засч залруулах учиртай.

-Ерөнхий сайд өмнөд хөршид айлчлах үеэрээ жилд 50 сая тонн хүртэлх хэмжээний нүүрсийг экспортлохоор гэрээ хэлэлцээр хийсэн. Нийлүүлэлт хийх гэрээг цөөн тооны хэдэн компани байгуулсан гэсэн. Хувийн хэвшлийнхний хувьд тогтвортой нийлүүлэлт хийх боломж хэр байна вэ?

-Манай нүүрсний салбарынхан хайгуул болоод олборлолтыг бол сайн хийдэг. Харин борлуулалтын систем нь огт болохгүй байна. Компаниуд тус тусдаа борлуулалт хийж байгаагаас үнэ ханшаа унагах, нэг нь нөгөөгөө үнээр цохих, бие биеэ хардах байдал даамжирсаар байна. Ялангуяа жижиг компаниудын хувьд том компаниудын өмнүүр орж борлуулалтын үнэ ханшийг буулгах үзэгдэл их байна. Тийм учраас үнэ ханшийг зөв тогтоох, эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг яаравчлах чухал байна. Тэрхүү бирж нь хөдөө аж ахуйн биржийн адил үйлчилгээ үзүүлэх юм. Бирж байгуулсан цагт монголчууд өөрсдөө үнээ тодорхойлдог болно. Саяхныг болтол ноолуурыг хятадууд үнэ унаган хямдаар худалдаж авдаг байсан бол одоо биржийн үнэ ханшийг мөрдөж байгаа. Яг үүн шиг Эрдэс баялгийн биржтэй болчихвол монголчууд өөрсдөө үнэ ханшаа тогтоодог болох юм.

-Эрдэс баялгийн бирж хэдийнээс ажиллаж эхлэх вэ?

-Бирж байгуулах ажлын хэсэг яаманд байгуулагдаад ажлаа эхэлсэн. 2014 ондоо багтаагаад биржээ байгуулчих санаатай зүтгэж байна. Бирж ажиллуулах байр, ажиллах хүчнийг бэлтгэхээс эхлээд их ажил ундрах нь мэдээж. Ямартай ч биржээ байгуулчих юм бол  нүүрс төдийгүй алт, зэс, жонс зэрэг экспортын бүтээгдэхүүний борлуулалт нэг шат ахих юм.

-Нүүрсний өртөг зардлыг өсгөдөг гол хүчин зүйл нь тээвэр, дэд бүтэц гэдгийг хүн бүр хэлж байна. Төмөр зам чухал гэх мөртлөө царигийн хувьд нарийн байх уу, бүдүүнийг сонгох уу гэдгийг шийдэж чадалгүй өнөөг хүрсэн. Таны хувьд төмөр замын аль царигийг тавибал ашигтай гэж үзэж байна вэ?

-Мухар зам буюу богино замын хувьд нарийн царигтай байхад буруудахгүй. Нарийн Сухайтын зам л гэхэд ердөө 46 км-ийн урттай. Түүнийг нарийн зам тавьчихад болохгүй гэх зүйлгүй. Тавантолгой болон бусад олон улсын зах зээл рүү нийлүүлэхэд аль нь ирээдүйтэй вэ гэдгийг бодолцох нь зүйтэй байх. Гэхдээ ОХУ, Казакстан зэрэг улс орнууд нарийн царигтай замыг тавиад эхэлчихсэн юм билээ. Казакстан л гэхэд уурхайнууд руугаа 300 гаруй км нарийн царигийн зам тавьсан байна лээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд нааштай өөрчлөлт оруулсан гэх боловч хөрөнгө оруулагчдын татсан зүйл ховор харагдах шиг. Хөрөнгө оруулагчид гэдгээр байгаагийн шалтгаан юү юм бол?

-Хөрөнгө оруулагчдын хувьд ерөнхий хууль бус тодорхой нэг төслийн дэмжлэг хэрэгтэй байдаг юм билээ. Одоогийн байдлаар нүүрсний салбарт хамгийн их хөрөнгө оруулж буй улс бол БНХАУ. Япон, Солонгос бол геологийн хувьд ч олборлолтын хувьд ч оруулсан хөрөнгө бараг үгүй.

-Ингэхэд манай улс Япон, Солонгос руу нүүрс гаргах боломж хэр байна вэ?

-Маш хэцүү. Далайн тээврээс эхлээд бэрхшээл бий. Хятадуудын хувьд ч Монголын нүүрсийг дээрх улсууд руу гаргах ямар ч сонирхол байхгүй. Яагаад гэвэл өөрийнхөө олборлосон нүүрсийг л экспортлохыг бодно шүү дээ.


Ярилцсан Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж