Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Сонгууль төсөөлөгч

УИХ-д сууж буй цөөн эмэг­тэйчүүдийн нэг  Р.Бурмааг өмнө нь бид Сонгогчдын боловсрол тө­вийн тэргүүн гэдгээр нь мэддэг байсан. Өмнөх парламентын үед тэрбээр “Сонгуулийг ингэж зохион байгуулмаар байна. Сонгуулийн энэ систем буруу байна” гэж үе үе шүүмжилдэг байлаа. Нэг ёсондоо Р.Бурмаа бол сонгуулиар имижээ хийн гарч ирсэн гишүүн. Сонгуулийн асуудал ярихаар л үе үе гарч ирдэг байсан түүнийг Ардчилсан намынхан сонгуулиар жагсаалтын эхэн хавьцаа оруулснаар азаар УИХ-ын гишүүн болж, өдгөө сонгуулийн хуулиудыг боловсруулсан шиг яваа. УИХ-д намынхаа нэрийн жагсаалтаар сон­гогд­соныхоо дараагаас өдийг хүр­тэл энэ имижээ хадгалж яваа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг Р.Бурмаа гишүүн боловсруулж батлуулж байгаа болохоор тэр л дээ. Түүний батлуулсан хуульд буруу, зөвийн аль нь давамгай байдгийг бүү мэд. Одоо тэр Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Нэг ёсондоо ирэх сонгуулиудын дүр төрхийг өөрийнхөөрөө зураглаад эхэлж. Ингэхдээ УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулах асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан байна билээ. Түүнчлэн түүний сонгуулийн өдрийн төсөөллөөр сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг болно. Бас сонгуулийн үеэр гаргасан зардлаа нэр дэвшигч гишүүн болсныхоо дараа эргүүлээд төлдөг болох гэнэ. Энэ нь харин аваад үлдмээр, цаашид хэрэгжүүлмээр санал байж болох юм. Гишүүдээс мөнгө хураах ажлыг ч гэсэн Р.Бурмаа гишүүнд даатгаж болох аж. Ямартай ч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга ирэх сонгуулийг зургийг ийнхүү төсөөлөн сууна.

М.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж