Агаарын тухай хууль Утаа адил замхрав

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

АГААРЫН БОХИРДОЛ

Агаарын тухай хууль Утаа адил замхрав

Агаарын тухай хууль Утаа адил замхрав

Улаанбаатар хотын цаг уурын нөх­цөл, ард иргэдийн ахуйн байдал, хот байгуулалтын буруу төлөвлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан агаарын бохирдол­той холбоотой асуудал Засгийн газраас эхлээд жирийн иргэдийн санааг зовоосоор ирлээ. Арга ч үгүй биз. Нийслэлийн өнгө төрх зундаа тоосжилт, өвөлдөө утаагаар тодорхойлогддог болсон. Үүнд иргэд бухимдахаас ч яахав. Ингээд зогсохгүй агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчин, нярайн эндэгдэл ихэссэн. 2012 оны байдлаар бага насны хүүхдүүдийн  нас баралтын хамгийн түгээмэл тохиолдол нь амьсга­лын дээд замын цочмог халдварт өвчин байна гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Үүнд агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө л гэхэд есөн хувьтай байдаг нь тогтоогдсон аж.

Өмнөх парламентын үед буюу 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр Агаарын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь баталсан байдаг. Энэхүү хуулийн зорилт нь  хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн 4-9 зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс авахуулаад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргийг тодорхой заачихсан байдаг. Түүнчлэн дээрх хуулийн 19 дүгээр зүйлд Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээг ингэж заасан байдаг.

Үүнд:

19.1. Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэм хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахаар болсон бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба энэ тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон хүн амд шуурхай мэдээлнэ.

19.2 .Агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, бүх шатны Засаг дарга, холбогдох эрүүл ахуйн болон бусад байгууллага хамтран яаралтай авч хэрэгжүүлнэ.

19.3. Энэ хуулийн 19.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд тусгай горим тогтоох, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд хүн амыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хуульд[3] заасны дагуу авч хэрэгжүүлнэ гэжээ.

Гэсэн ч хууль, журам нь хэрэгжихгүй, хэдэн жилийн турш агаарын бохирдол, утаа, түүхий нүүрс зэрэг асуудал яригдсаар л байгаа. Засгийн газраас утааг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа гэж буй. Улаанбаатар хотын утааны хорт нөлөөг багасгаж байна гэх мэдээллүүд гарах нь олонтаа. Харамсалтай нь нийслэлийг тойрон утаа суунагласаар хэдэн жилийн нүүр үзэж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Иргэдэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нь суурьшлийн бүстэйгээ нэгдмэл байна. Нөгөөтэйгүүр, ганцхан утаа гэж ярих биш агаарыг бохирдуулагч станц, хогийн цэг зэрэг объек­туудыг агаарын урсгалын доор оруулж,  суурьшлийн бүсээс холдуулах гэх мэтээр  цогц арга хэмжээ авах хэрэг­тэй. Мөн түүхий нүүрсийг халж, оронд нь нүүрснээс гаргасан түлшүүдийг гаргаж авах нь чухал. Энэ талаар өмнөх Засгийн газар ч ярьж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг түүхий нүүрснээс тат­гал­­зуулж, хийн хэрэглээнд шилжүүлэх хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд шахмал түлшинд шилжих. Үүний дараагаар хийн хэрэглээнд шилжих нь зүйтэй байх. Хамгийн гол нь хорт хий ялгаруулаад байгаа утааны агууламж болон хорт хий хаанаас үүсээд байгаа гэдгийг гаргаж ирэх шаардлагатай. Гэтэл манайхан хүйтний ам наашлахаар л нөгөө утаагаа санадаг. Тэгээд дулааны улирал эхлэхээр эргээд асуудлаа мартчихдаг. Ингэхээр ажил хийж байгаа мэт боловч тэр нь зүгээр улирлын чанартай болчихож байгаа юм. Хэдэн зуух солих зэргээр ямар ч уялдаагүй ажлуудыг хийснээр агаарын бохирдол буурахгүй. Тиймээс энд хоорондын уялдаа холбоо дутмаг гэж болно.  Нэгдүгээрт, төрийн ажлын уядлаа холбоо шаардлагатай. Хоёрдугаарт, хот төлөвлөлтөө нэгдсэн байдлаар явуулах. Гуравдугаарт, шинжлэх ухааны эрдэмтдийн сүүлд хийсэн судалгаа, нотолгоог онолд тул­гуурлан ашиглах. Гэр хорооллын айлууд бараг жорлон ухах зайгүй байршсан байна. Энэ бүхнийг цогцоор шийдэж байж утаа, агаарын бохирдлоос салах байх.  Түүнээс биш нэг зуух солилоо гээд түүхий нүүрсээ хэрэглэсээр байвал утаа буурахгүй нь ойлгомжтой. Энэ мэтээр дутмаг зүйлс нь  улирлын чанартай “PR” болчихгүй байгаасай.

Улаанбаатар- Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд:

-Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах гурван төсөл байдаг. Үүнд нэгдүгээрт, агаарын бохирдлын чиглэлээр “Цэвэр агаар төсөл”, хоёрдугаарт, гэр хо­рооллын иргэдийг дэмжих үүднээс “Иргэдийн оролцооны төсөл”-ийг хэрэг­жүүлж байна. Уг төслийг  Японы нийгмийн хөгжлийн сангаас санхүүжүүлдэг.   Нөгөөх нь үерийн усны аюулд өртөхгүй байх гэсэн нэгдсэн төсөл байдаг. Дээрх төслүүдээс анхаарлын төвд байдаг гол төсөл нь “Цэвэр агаар төсөл” юм. Энэхүү төслийн  хүрээнд долоон сая ам.долларын төсвийг зарцуулна гэсэн тооцоо бий. Тухайлбал, төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах тал дээр Францын компанитай хамтран ТЭЗҮ боловсруулж эхэлсэн байна. Түүнчлэн хавраас эхэлж Тасганы овоон дээр ногоон байгууламж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Сайжруулсан зуухны тухайд одоогийн байдлаар 33 мянган зуух тараасан байгаа. Мөн зөв болон буруу галласан зуухны харьцуулсан судалгааг гаргасан. Үүнээс гадна зөв галлагааны горимыг иргэдэд танилцуулж байгаа.  Хам­гийн сүүлд бид сайжруулсан зуухыг зөв ашиг­лах тал дээр анхаарч Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны хэсэг өрхөд зөв галлагааг хийх зөв­лөмжийг  биеэрээ  очиж өгсөн. Тэгэхэд дүр зураг өмнөхөөсөө өөр гарч байсан. Иргэд зуухаа зөв галласан тохиолдолд агаарын бохирдол нэг хоногт л 30 хувиар буурна. Гэр хорооллынхны хувьд агаарын бохирдлын 60 хувийг эзэлдэг. Харин автомашин 20 хувь, цахилгаан станцуудаас гарч байгаа утаа нийт бохирдлын  таван хувь байдаг. Энэ нь судалгаагаар батлагдсан. Бидний хийж буй ажлын зорилго гэр хорооллыг барилгажуулж, зуухыг сайжруулах. Гэтэл зарим иргэдийн буруу ойлголттой холбоотойгоор шүүмжлэл гарч байдаг. Иргэд “Зуух ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Зүгээр барилга бариад өгчих. Эрчим хүчний үнийг тэгэлж, цахилгаанаар халаагаад өг” зэргээр саналаа ирүүлдэг. Гэтэл дахин төлөвлөлтийн ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн. Тэгэхээр утаагүй зуух бол бидний нэн түрүүнд авч байгаа арга хэмжээ юм.

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Л.Оюун:

-Өнөөгийн байдлаас би хууль хэрэгжиж, утаа буурсан байгааг харахгүй байна. Манайх гэхэд утаагүй зуухыг эхний ээлжинд тарааж байхад л авч тавьсан. Цаанаас заасан журмынх нь дагуу тавьсан. Гэсэн ч өдий болоход үр өгөөжөө өгсөн зүйлгүй. Утаанаас үүдэлтэй гэр хорооллын иргэдэд тулгардаг асуудал олон байдаг. Тухайлбал, гэрээсээ өглөө гараад явахад нам дор газар юу ч харагддаггүй гэхэд болно. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй сайжруулсан зуух тараасан гэж яриад байна. Гэтэл тэрхүү ажил нь үнэн хэрэгтээ иргэдэд хүрч чадахгүй л байна шүү дээ.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн Л.Янжмаа:

-Агаарын бохирдлыг бууруулах гол хүчин зүйл нь гэр хорооллыг барилгажуулах явдал гэж бодож байна. Хаа сайгүй л хот төлөвлөлт гэж яриад байна. Гэтэл гэр хорооллын иргэдэд юу ч анзаарагдахгүй байгаа нь харамсалтай. Утааг бууруулах гэж ярихын оронд хот төлөвлөлтийн асуудалд илүү анхаарвал агаарын бохирдол буурах байх. Хэдий зуухыг сайжрууллаа гэсэн ч нүүрс түлж байгаа нөхцөлд утааны хор нөлөө буурна гэж байхгүй. Одоо нэг өндөр барилга дээрээс хотын ерөнхий төрхийг харвал бүрхэг л харагдана.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж