Жүдочид өнөөдөр Бакугийн татамид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Жүдочид өнөөдөр Бакугийн татамид зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2011 оны тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөнд багтсан 40 гаруй тэмцээний нэг болох Бакугийн гран-при тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Азербайжаны нийслэл хотноо болох гран-при тэмцээнд дэлхийн 50 орны эрэгтэй 206, эмэгтэй 136, нийт 342 жүдоч оролцохоор цуглаад байна. Харин Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор Бакугийн татамид хүч үзнэ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 болон 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд эдгээр жинд Монголын баг тамирчдаас Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Т.Баттөгс /57/ нар зодоглоно.

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай Бакугийн гран-при тэмцээн гурав хоног үргэлжилж, 8-нд өндөрлөх юм. Дашрамд дурдахад, IJF-ийн чансааны оноо олгох дүрмийн дагуу гран-при ангилалд багтах тэмцээнд түрүүлбэл 200, мөнгө, хүрэл медаль хүртвэл 120 болон 80 оноогоор чансаагаа ахиулах боломжтой. Жүдо бөхийн хувьд дэлхийн чансаанд эхний 20-д бичигдсэн тамирчдад олимпийн эрх олгох тул жүдочдын хувьд IJF-ийн аливаа тэмцээн, уралдаан бүр үнэ цэнэтэй.

Бакугийн гран-прид зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Ч.Болдбаатар
66 кг: Б.Хишигбаяр
73 кг: Х.Цагаанбаатар
81 кг: О.Ууганбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр
-100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
57 кг: Т.Баттөгс
63 кг: Ц.Мөнхзаяа
70 кг: Ц.Наранжаргал

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж