Монгол Ардын Нам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөгийн эдийн засаг, нийгэм, бизнесийн орчны нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл сайжруулах арга зам, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Монгол Ардын Намаас санаачлан баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжихээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Ардын Нам, УИХ дахь намын бүлгээс баялаг бүтээгчид, ажил олгогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй гол асуудлуудыг төрийн бодлогын хүрээнд шийдвэрлүүлэх талаар санал санаачлага гарган ажиллаж байгаа билээ. Энэхүү санаачлагыг Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Уг санамж бичигт:
1. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлыг багасгах үүднээс лиценз, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх;
2. Баялаг бүтээгчдэд төрийн байгууллагуудаас үзүүлж буй элдэв шахалт дарамтыг багасгах;
3. Импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, өөрийн зардлаар мэргэжлийн сургалт явуулсан, шинээр ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн энэ зориулалтаар гаргасан хөрөнгийг татвараас чөлөөлөх хууль эрх зүйн орчинг бий болгох;
4. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох;
5. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бие даан хараат бусаар ажиллах боломж нөхцлийг сайжруулах, эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар тусгажээ.
Мөн МАН аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл лиценз, эдгээрт хамаарах дүгнэлт саналыг тоог 50 хувь бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм.
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сайд учруулж буй, хүчингүй болговол зохих 500 гаруй зөвшөөрөл байдаг байна.