Оюутолгойг ойртуулж харвал

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Оюутолгойг ойртуулж харвал

Монгол орны хөгжил өмнийн говиос эхлэлтэй гэдэг. Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгойн уурхай зэсийн баяжмалаа БНХАУ руу экспортлоод хагас жил болжээ.

Харин Өмнийн говьд буй зэс, алтны нөөцөөрөө дэлхийд гуравт тооцогдох энэхүү ордыг ашиглах яриа, хэлцэл 2003 оноос хойш яригдсан. Зургаан жилийн турш хэлэлцэж, УИХ дээр нийтээр хэлэлцэн, судалсны үр дүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд талууд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан билээ.

Үүнээс хойш дөрвөн жил гаруй хугацааг үджээ. Одоогийн Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн тулд нийтдээ 6,2 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм.

Өмнийн говьд өрнөж буй Оюутолгойн орд, баялаг, бүтээн байгуулалтын талаар Монголчууд өдөр бүр ярьдаг, бас сонсдог. Монголчуудад ашиггүй гэрээ боллоо, гадаадынханд хамаг хөрөнгөө алдах нь гээд халаглах бий. Бас Монгол Улсад маш ашигтай, Монгол орныг хөгжлийг хурдасгаж, хөгжил дэвшлийг авчрах сайн гэрээ болсон гэж хоёр тал болон ярих нь бий.

Өнгөрсөн мягмар, лхагва гаригт /II.18-19/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг "Оюутолгой" ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах боломж тохиосон. Өглөөний 07:30 цагаас Улаанбаатараас Оюутолгой руу онгоцоор нислээ. Ингээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ханбумбат нисэх онгоцны буудалд 08:45 минутад газардлаа. Ханбогд суман дахь "Оюутолгой" ХХК-ийн Ханбумбат нисэх онгоцны буудал тун чамин, гэр мэт хэлбэртэй, Монгол хэв маягийг хадгалсан нь сайхан санагддаг. Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас орж байна. Нисэх буудлаас Оюутолгойн уурхайн тосгонд очлоо. "Оюутолгой" хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дүрэм, журмыг хатуу мөрддөг газар. Аюулгүйн дүрэм, журмыг тусгай сургагч багшаар заалгуулаад Оюутолгойн музейг үзэхээр боллоо. Музейд нь Улаанбаатар хотыг тэр чигт нь жижгэрүүлэн буулгажээ. Централь тоуэр, Бодь цамхаг гээд л Улаанбаатар хотын томоохон барилга байгууламжууд маш гоё буулгасан харагдлаа. Түүний дээр зэс шиг шаргал өнгөтэй бөөрөнхийдүү хэлбэртэй зүйлийг эхэндээ анзаарсангүй.

Зурагт харагдаж буй энэ шаргал зүйл бол Оюутолгойн ордны баялаг юм. Доор Улаанбаатар хотыг масштабаар жижгэрүүлэн буулгасан байгаа юм. Тэгвэл Оюутолгойн ордыг Улаанбаатартай харьцуулахад маш том харагдаж байна. Оюутолгой бол дэлхийд маш томд тооцогдох төсөл. Ямар том төсөл болох, яагаад Монголчууд төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулж буйг музейд байрласан энэхүү Улаанбаатар хот, Оюутолгойн ордын харьцуулсан хэмжээнээс харж болно. Бид ийм их баялгийг хэрхэн хувааж идэхээ бус харин үр ашгийг хурдан хүртэхийн тулд яаравчлах ёстой мэт.    

Өдгөө "Оюутолгой" ХХК-ийн баялгийн нөөцийн ихэнх нуугдаж буй далд уурхай хөрөнгө оруулалт болон Монголын Засгийн газар, "Рио Тинто"-гийн үл ойлголцлоос шалтгаалан түр хугацаа зогсоод байгаа гэнэ. Далд уурхайн шавыг 2010 оны долдугаар сард тавьж ажлаа эхлүүлсэн. 2013 оны долоон сард буюу гурван жилийн хугацаанд тус бүр нь таван метр өндөр, өргөнтэй, 1380 м гүн 18 км урт замтай далд уурхайг бий болгожээ. Оюу Толгойд гурван далд уурхайн ам байгаа бөгөөд 2018 он гэхэд зургаан болж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Оюутолгойн бүтээн байгуулалтын сонирхолтой баримтууд: 

-Хэрвээ нэг хүн хоногт найман цаг ажиллавал 18 км урттай, 1380 метр гүн далд уурхайг баривал таван мянган жилийг зарцуулна. 

-Оюутолгойн ил уурхайгаас хүдэр хадгалах байгууламж хүртэлх дамжуулах хоолой /канвер/ 2,7 км-ын урттай.  Энэ нь Монгол Улсад байгаа хамгийн урт хүдэр дамжуулагч юм.

-"Оюутолгой" ХХК-ийн барьсан зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрийг байгуулахад орсон төмрөөр арван Эйфэлийн цамхаг барьж болно.

Үүний дараа "Оюутолгой" ХХК-ийн ажилчид хийж, бүтээж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Оюутолгой уул уурхайн усныхаа 83 хувийг дахин ашигладаг 

Говь ус, усны нөөц багатай. "Оюутолгой" компани байгуулагдахтай зэрэгцэн усны асуудал сөхөгдөж  эхэлжээ. Малчид худгийн усыг унд, ахуйдаа хэрэглэж, мал сүргээ ундаалдаг. "Оюутолгой" ХХК-д долоон мянга гаруй хүн ажилладаг. Өдгөө далд уурхай ажиллахгүй байгаа тул гурван гаруй хүн уурхайн хотхонд ажилладаг. Ажилчид 28 хоног ажиллаад, 14 хоног амардаг ч уурхайн тосгонд гурван мянган хүн тогтмол ажиллаж байдаг. Ажилчид болон уурхайн баяжуулах үйлдвэрийг усаар хэрхэн зөв зохистой хангах талаар олон судалгаа хийсний дараа усыг дахин, дахин ашиглах нь зүйтэй гэдгийг тогтоосон байна.

2003 оноос хойш одоог хүртэл Оюутолгойн усны нөөцийг судалж, хайгуул хийжээ. Дээрх судалгааны ажлын үр дүнд газрын гадаргаас 150 метрээс багагүй гүнд байрласан усны нөөц бүхий хоёр томоохон усны ордыг илрүүлсэн юм. Ингээд нарийвчилсан судалгааны үр дүнд  6,800 сая м3 усны нөөцтэйг тогтоосон байна. Үүний 20 хувийг уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн турш ашиглана гэсэн тооцоо гаргасан байна. Оюутолгой жилдээ 11,4 сая ус хэрэглэдэг. Уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бүх усаа дахин ашигладаг. Өмнө хэрэглэсэн усныхаа 83 хувийг эргэн ашигладаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Энэ нь уул уурхайдаа ашигласан арван литр ус тутмынхаа найман литрийг дахин ашиглаж байгаа гэсэн үг юм.

Гүний усыг ашигласнаар газар хотойх, хөрш доройтох асуудал гарахгүй гэж байна.


2013 онд 20,3 сая тонн хүдэр боловсруулжээ

Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2013 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс хүдрээ. Түүнээс хойш үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жигдрүүлэх ажил өрнөж, 2013 оны долдугаар сараас баяжмалаа БНХАУ руу экспортолж эхэлжээ. Баяжуулах үйлдвэр хоногт 100 мянган тонн, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Баяжуулах үйлдвэр хүдрээс зэсийг 88 хувь хүртэл хувь ялгаж чадна. Харин сүүлийн үед 92 хувь хүртэл медалийг ялгаж, авч чадаж байгаа гэж Баяжуулах үйлдвэрийн ярилаа.

Баяжуулах үйлдвэрт 500 орчим Монгол ажилчид, 20 гаруй гадаад мэргэжилтэн ажилладаг юм байна. 2013 оны байдлаар "Оюутолгой" ХХК 20,3 сая тонн хүдэр боловсруулж, 290 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. Жилдээ 35 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ч 2013 онд баяжуулах үйлдвэрээ жигдрүүлэх ажлыг чухалчилснаар 20,3 сая тонныг боловсруулсан байна. "Оюутолгой"-н эцсийн бүтээгдэхүүн нь одоохондоо цэс, алтны баяжмал юм. Цаашид зэсийн хайлмаг, зэс гэх мэт эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэр байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" ХХК шийдэх учиртай юм байна.

"Оюутолгой" ХХК-д ажилласан эхний өдөр ийнхүү уурхайн орчин, ажилчдын хотхонтой танилцах, баяжуулах үйлдвэр гээд олон бүтээн байгуулалттай танилцлаа. Орой хоолонд орсны дараа Оюутолгойн спорт заал, бодибилдинг, фетнисийн танхимуудаар очлоо. Спорт заал цэвэрхэн том юм. Удахгүй Оюутолгойн ажилчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн эхлэх гэж байгаа юм байна. Тэмцээнийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчид шүүдэг юм байна.

Харин Оюутолгойн ажилчдын хотхон дахь пиццаны газар очлоо. Пиццаны газрыг орон нутгийн иргэд ээлжлэн ажиллуулдаг бөгөөд орлого тун сайтай гэнэ. Пиццаны газарт ажиллахын тулд иргэд Улаанбаатар хотод ирж, хоолны дамжаанд суралцдаг гэнэ. Мөн дэлгүүр, супермаркет ажиллаж байна. Дэлгүүр, супермаркетийг нь мөн л орон нутгийн иргэд ээлжлэн ажиллуулдаг юм байна.

Пицца нь  тун амттай. Ажилчид амралтаар буцахдаа гэр лүүгээ авч буцаж байгаа харагдсан.

Уул уурхайн компаниуд архи уухыг хатуу хориглодог. Арга ч үгүй. Бөөн согтуу хүн болчихвол уул уурхайн компанид аюул нүүрлэнэ. Уул уурхайн орчин аюултай бүсэд хамаардаг. Аюултай бүсэд согтуу хүмүүс эрүүл, мэнд амь насаа алдахыг үгүйсгэх аргагүй. Харин Оюутолгойн ажилчдын хотхонд баар байна. Баар орой 19:00-21:00 хүртэл ажилладаг гэнэ. Хоёр цагийн хугацаанд залуус сайхан бүжиглэж, доргиж болох юм байна. Бааранд нэг хүн хоёр пиво уух эрхтэй. Мөн бүсгүйчүүд вино уух боломжтой. Харин архиар үйлчилдэггүй гэнэ.

Оюутолгойд ажилласан дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.

Б.ОЙНБИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж