Ж.Баянцагаан: Цасан шуурга эрлийн багийнханд саад болж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Ж.Баянцагаан: Цасан шуурга эрлийн багийнханд саад болж байна

Монголын уулын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаантай холбогдлоо. Түүнээс бид “Алтай таван богд” ууланд сураггүй алга болоод тав хонож буй уулчин Л.Болдбаатарын эрлийн ажиллагааны талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Өнөөдөр өглөө таван хүн уул руу явсан байна. Эрлийн талаар танд шинэ мэдээлэл байна уу?

-Онцгой байдлаас авсан, адилхан л мэдээлэлтэй байна. Ямар ч байсан өнөөдөр өглөө эрлийн багийн хоёр уулчин, Онцгой байдал, хилийн цэргийн алба хаагчаас бүрдсэн дөрвөн хүн, Л.Болдбаатарын охин Б.Үүрцайхын хамт уул руу явсан байна. Манан бага зэрэг шингэрч байгаа тул эрлийг үргэлжлүүлэхэд дөхөм болох байх гэж найдаад, хүлээж байна.

-Улаанбаатараас уулчид нэмж очих уу?

-Уулчид очиход бэлэн байгаа. Баян-Өлгийгөөс манай гурван уулчин нэгдсэн байгаа. Мөн бэлэн байдалд байгаа уулчид ч бий. Хамгийн гол нь хэн ч очсон байлаа гэсэн, цаг агаарын нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаалаад, эрлийн ажил удааширч байна. Гол нь цаг агаар, цасан шуурганаас бүх зүйл шалтгаалж байна.

-Гэр бүлийнхэн нь Улаанбаатарт байгаа юу, Баян-Өлгий явсан уу?

-Хотод байгаа. Бид нар яг одоо гэрийнхэнтэй нь уулзаж ярилцаад сууж байна. Өнөөдрөөс гэр бүлийнхэн нь Баян-Өлгий явах байх.

Сануулахад, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Малчин оргилд өөрийн охин Б.Үүрцайхын хамт авиралт хийн, бууж яваад сураггүй алга болсон юм. Уулчин Ч.Болдбаатар энэ удаагийн авиралтаа хоёрдугаар сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-наас хойш сураггүй болоод байгаа юм. Түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг өгөөд байгаа билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж