-Эрлийн багийнхан өчигдөр цаг агаарын байдлаас шалтгаалж, өндөр уулын бүс рүүгээ хайлт хийж чадаагүй байгаа. Өнөөдөр өглөө тэд цаашаа явсан болов уу?
-Өнөөдөр үүрээр уулын орчимд битүү манантай, цаг агаарын хувьд таагүй байсан тул хүлээж байгаад орон нутгийн цагаар 08 цагийн орчимд эрлийн багийнхан таван хүний бүрэлдэхүүнтэйгээр уул руу явсан байна. Дөрвөн морь, нэг мотоцикльтой уул руу явсан.
-Таван хүний дунд уулчин Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх байгаа юу?
-Байгаа. Б.Үүрцайх зам зааж, эрлийн чиг баримжааг гаргах гол хүн тул хамт явсан. Таван хүний хоёр нь Х.Агваанданзан, Б.Баасанжав гэж хоёр уулчин байгаа. Мөн Онцгой байдлын дэслэгч н.Азат, Хилийн цэргийн ахлах ахлагч н.Болд нарын алба хаагчид багтсан байна.
-Бусад хүмүүс хаана байгаа вэ? Нийт хэчнээн эрлийн багт ажиллаж байгаа билээ?
-40-өөд хүн бий. Бусад хүмүүсийн тухайд уул руугаа арай ойртон, 30 км-ын зайтай орших н.Батсайхан гэж айлын хаваржаанд бэлэн байдалд байрлаж байгаа.
-Таван хүн өглөө уул руу хөдөлснөөсөө хойш холбоо бариагүй байна уу?
-Одоогоор холбоо бариагүй байна. Иридиум утсаар холбоо барьж байгаа. Холбогдох боломжтой газраасаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр тохиролцсон. Хүлээж байна.
Ямартай ч өнөөдөр ийн уулчид эрлийн гол авиралтаа хийж эхлээд байна. Уулчин Л.Болдбаатар сураг тасраад 4-5 өдөр болж байгаа ч энэ хугацаанд хоёр өдрийн дараа түүний алга болсныг мэдсэн, цасан шуурганы улмаас нэг өдөр алдсан гээд нөхцөл байдал хүнд байна.
Сануулахад, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Малчин оргилд өөрийн охин Б.Үүрцайхын хамт авиралт хийн, бууж яваад сураггүй алга болсон юм. Уулчин Ч.Болдбаатар энэ удаагийн авиралтаа хоёрдугаар сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн ням гаригаас хойш сураггүй болоод байгаа юм. Түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг өгөөд байгаа билээ.
Холбоотой мэдээллүүд:
Эрлийг маргааш үргэлжлүүлэхээр болжээ
Уулчин Л.Болдбаатарыг олоогүй байна
Уулчин Л.Болдбаатар сураггүй алга болжээ