Р.Буд: ”Бид Сүхбаатар нутгийнхан” золголт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Р.Буд: ”Бид Сүхбаатар нутгийнхан” золголт өнөөдөр болно

Нийслэлд ажиллаж, амьдардаг Сүхбаатар нутгийнхны сар шинийн золголт-шашин урлагийн цэнгүүн өнөөдөр Бөхийн өргөөнд болох гэж байна. Зохион байгуулагчаар  энэ онд  90 жилийн ойгоо тэмдэглэх  Сүхбаатар, Уулбаян сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан  Р.Будаас тодрууллаа.

-Танд шинэ оны мэнд хүргэе. Нийслэлд амьдардаг Сүхбаатар аймгийн  иргэдийн сар шинийн золголт өнөөдөр болох юм байна.Үүнийг дагаад нутагт нь шүлхий гарчихаад байхад золголт хийлээ гэсэн шүүмжлэл бас байх шиг ?

– Та сая асуулаа, нийслэлд амьдарч байгаа Сүхбаатар нутгийн иргэдийн золголт гэж. Золголтын утга энд л байгаа юм. Ажил, амьдралын мөр хөөж нийслэлд амьдарч байгаа иргэд маань тэр болгон нутаг руугаа  явах боломжгүй байдаг. Энэ л үүднээс аймгууд нийслэлд амьдарч буй уугуул, суугуул иргэдийнхээ сар шинийн золголтыг хийж, бие биетэйгээ уулзаж, нутаг усаа, ах дүү садангаа ярьсан, дурссан сайхан уулзалт зохиож ирсэн уламжлалтай. Сая Баянхонгорынхон   золголтоо хийлээ,  Төв аймгийн Өндөрширээт, Лүн сумынхан золголоо. Олон аймаг  нийслэлд сар шинийн золголт хийж байна.  Хэдийгээр Сүхбаатар аймгийн нутагт шүлхий өвчин гарсан ч  монгол хүн билэг дэмбэрлээ дээдэлдэг тэр л ёс уламжлалаар бид сар шинийн золголтоо тасалдуулахгүй хийе гэж ярьж, тэр дагуу  өнөөдөр зохион байгуулж байна. Улаанбаатарт амьдарч байгаа Сүхбаатарын уугуул, суугуул иргэдэд мэдээлэл хүргэсэн. Хүмүүс идэвхтэй оролцож байна.

 -Шашин урлагийн цэнгүүн болно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?  -Золголтын үеэр шашны төлөөлөгчид нутгийнхаа шүтлэгтэй уул, овооны сан тарнийг уншиж, арц утлагыг Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдээс гаргасан морь жилийн цаг тооны бичгийн хамт   тараана.  Мөн урлагийн тоглолт болно.  Сүхбаатар  нутгаас төрсөн нэртэй уран бүтээлчид,  Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, Г.Батсайхан болон залуу уран бүтээлчид оролцоно.

-Золголтоо “Бид Сүхбаатар нутгийнхан” гэж нэрлэсэн нь содон сонсогдож байна?
-Сүхбаатар аймгийн хувьд бас хэд хэдэн онцлогтой. Сүхбаатар хүссэн ч,  эс хүссэн ч  их жанжнаар овоглосон ганц аймаг.  Энэ их хүний 121 жилийн ой саяхан тохиолоо. МАН хоёрдугаар сарын 2-нд энэ өдрийг тэмдэглэж, хөшөөнд нь цэцэг өргөж, мөн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Манай аймаг 1921 оны Ардын хувьсгалын анхдагч, үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг, нэрт жанжнаар овоглосон аймгийн хувьд түүний нэр алдрыг түүхэнд мөнхөлж үлдээх нь чухал юм. Бусдыг дууриан хуйларч, жанжнаа янз бүрээр хэлэх нь зохисгүй. Энэ миний хувийн бодол,  Буд гэдэг хүний санал. Гэхдээ  Буд ингэж ярьж байна гэдэг Сүхбаатар аймгийнхны болон ард түмний санал юм. би Сүхбаатар аймгаас хоёр удаа ард иргэдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Тэр үед ч, жанжны хөшөөг буулгах тухай яриа гарч удаа дараа яригдах үед ч би өөрийн байр суурийг илэрхийлж  байсан.  Энэ байр суурьт манай нутгийнхан ч  нам эвсэл гэхгүйгээр  нэг үзэл бодолтой байдагт талархаж явдаг. Монгол Улсад түүхт хүнээр нэрлэсэн ганцхан аймаг байна. Тэр бол Сүхбаатар. Тиймээс үйл хэргийг нь мөнхжүүлэх, түүхийг нь үнэн бодитоор өвлүүлэх, хойч үед үлдээх асуудал бидэнд их чухал юм.

-Энэ нэрийг танай аймгийн нутгийн зөвлөл зөвлөлдөж гаргасан уу?

-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлд янз бүрийн намын төлөөлөл бий. Бүгд санал нэг байгаа. Цаг тооны бичиг хэвлүүлсэн, нүүрэн дээр нь жанжныхаа хөшөөний зургийг тавьж, Сүхбаатар аймагт төр, засгаас олгосон шагналыг дурьдаж оруулсан. Үүгээрээ бид нэгдсэн ойлголттой байгаа.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж