
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Энэ талаарх мэдээллийг сарын өмнө өдөр тутмын сонинуудаар зарласан бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 13,5 тэрбум төгрөгөөр тогтоосон гэлээ. Дуудлага худалдаа тогтсон хугацаандаа буюу 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Төрийн өмчийн хороон дээр явагдах юм байна. Энэхүү дуудлага худалдааны дэнчингийн доод үнэ нь үнийн дүнгийн 20 хувь буюу хоёр тэрбум 700 сая төгрөгөөр тогтоожээ.
Улаанбаатар хотын төвд тэр дундаа ногоон бүс буюу хүүхэд залуучуудын очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байршилтай уг барилга бизнесийн байгууллагуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа гэх сураг ч байна. Энэхүү барилга, байгууламж нь нийт зургаан корпустай бөгөөд таван корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. 150 авто машины зогсоол бүхий газар доорхи байгууламжтай гадна цахилгааны болон шугам, дулааны шугам, цэвэр бохир усны шугам зэрэг ижненерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн. Нийт барилгын гүйцэтгэл 80 орчим хувьтай, эзэмшилдээ 1,5 га газартай гэдгээрээ чамгүй үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.