Эдийн засгийн чөлөөт бүс болгохыг санал болголоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас эхлэн Хөвсгөл, Булган, Орхон, Зүүнхараа хотуудад ажиллалаа. Орон нутаг дахь томилолтын хүрээнд тэрбээр 2014 оны төсөвт царцаасан барилгуудтай газар дээр нь танилцсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өгч, иргэдтэй уулзаж санал бодлоо солилцсон юм. Олонхийн бүлгийн даргын тухайд Орхон аймгийн удирдлагууд шинэчлэгдсэнээс хойш анх удаа ирж ажиллаж байгаа юм байна.
Ажлын арга барил болоод орон нутгийн хөгжлийн төлөө дэд бүтцийг шийдэх чиглэлд түлхүү ажиллаж байгаа юм байна гэдгийг тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ онцолж байсан юм. Түүнчлэн“Эрдэнэт” бол аж үйлдвэр дагасан хот учраас аж үйлдвэрийн даргатайгаа нягт уялдаж ажиллаж, “Эрдэнэт”-ийн хэтийн хөгжлийн асуудлыг хамтарч шийдэх учиртай гэдгийг тэрбээр аймгийн удирдлага болоод үйлвэрийн удирдлагуудад давхар сануулсан. Орос -Монголын харилцаа царцмаг байгаа энэ үед халуун дулаанаар ойртуулах нэг гарц нь “Эрдэнэт” үйлдвэр гэж харж байгаагаа УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат аймаг болон үйлдвэрийн удирдлагууд нийт орхончуудад шуудхан хэлж, санал болгосон юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг Орос-Монголын хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс болгох ажлыг яаравчлан хийх хэрэгтэй Газар нутгийн байрлалаараа ч Оросын хилтэй ойрхон байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх баялаг нь их байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн парк байгуулах нь зарчмын асуудал юм гэдгийг орон нутгийн удирдлага болон уурхайн удирдлагад тавьсан. Хамгийн гол нь энэ асуудлыг асуудлыг удаахгүй байхыг тэрбээр хүссэн. Энэ санаачилгыг дэмжих юм бол төрөөс эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгье гэдгийг ч хэлсэн. Мөн шаардлагатай бол зөвхөн “Эрдэнэт”-д зориулсан эдийн засгийн чөлөөт бүс болгох хууль тогтоомжийг гаргаж өгөхөд болохгүй зүйл байхгүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Орхончуудтай уулзах үеэрээ онцолж байлаа. Тэрбээр томилолтын хүрээнд зэс кабель үйлдвэр болох “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Орхон аймгийн долоон обьектыг царцаасан байна. Зайлшгүй хэрэгтэй барилга байгаа ч асуудлаа шийдээгүй атлаа төсвөөс мөнгө нэхсэн барилгууд ч цөөнгүй байна. “Евро Эко төгөл” гээд Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны барилгын газрыг шийдвэрлэсэн. Энд Монголын талын хөрөнгө оруулалт гэж 11 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Хоёр гурван орон сууц нь баригдаж эхэлсэн ч 20, 30 га талбай нь эзэнгүй байх жишээтэй. Гэсэн хэдий ч энэ барилгыг эхлүүлэх нь зөв, иймээс 2014 оны төсөвт тусгасан мөнгийг нь шийдье гэж АН-ын бүлгийн дарга царцаасан обьектуудтай танилцах үеэрээ хэлж байсан юм. Үүнээс гадна Эрдэнэт хот гэр хороолол ихтэй учраас орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх нь зүйтэй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Хүүхдийн эмнэлэг, мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, түргэн тусламжийн барилга, мөн нэг сургуулийн барилга зураг төслөөс өөр хийсэн ажилгүй атлаа төсвөөс мөнгө нэхжээ. Энэ жил ажлыг нь эхлүүлээд хавар Төсвийн тодотголоор оруулаад, ажил нь намар эхэлж, тэгээд мөнгийг нь хувааж тавина гэвэл дахиад л гурав, дөрвөн жил үргэлжилнэ. Тийм учраас ажлуудаа эрэмблээд, юу нь хэрэгтэй байгааг жагсаагаад нэг жилд багтааж барих төсвийн хөрөнгө оруулалтыг нэг обьектод хийе гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьж байлаа. Мөн Орхон аймгийн “Их залуу” баг дээр сургуулийн барилга баригдаад дуусч байна. Харин аймгийн “Эрдэнэ” баг дээр Соёлын төв барьсан гэсэн ч зураг төсөл нь театр шиг хийгдсэн байсан. Ахмадууд болон иргэд их дургүйцэж байгаа гэсэн. Зураг төслийг нь өөрчлөөд иргэдэд бүжиглэх талбай гаргаж өгөөд шийдэхгүй бол босоо зерителийн суудалтай, симфони оркестор тоглох талбайтай багийн төвд ашиглахад их хэцүү. Тиймээс зураг төслийг нь бага зэрэг өөрчлөөд оруулаад ирвэл УИХ дэмжээд явна гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тэрбээр Төсвийн хөрөнгө оруулалтыг үрэлгэн зарж байгаа асуудлыг УИХ хөндөнө. Энэ бүхэн санаатай хийгдсэн зүйлүүд байна гэж харж байгаагаа нуусангүй. Хэдийгээр барилга барьж болох ч гараас нь гарсан зүйл байхгүй.Төсвийн хөрөнгийг санамсаргүй биш зохион байгуулалттайгаар үрэн таран хийсэн иймэрхүү жишээ бараг бүх аймагт гарах хандлагатай байгаа учраас хяналт тавьж хариуцлага тооцох цаг нь болсон байна гэдгийг УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажилласан аймаг бүртээ сануулж байлаа.
нарийн ногооны аж ахуйг хөгжүүлэх эхлэлийг тавина
УИХ дахь АН бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилласнаар дууслаа. Монгол орны хөдөө аж ахуй, тариа ногооны тулгуур гэгддэг Зүүнхараачууд нутгийнхаа унаган хүүг халуун дотноор угтан авч байсан юм. Энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хамтаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал ажилласан юм.
Газар нутаг хүн амын байдлаараа томоохонд тооцогддог уг суманд төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны аж ахуйг хөгжүүлэх тулгуур боломжтой гэж үзэж буйгаа тэрбээр хэлсэн. Хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 12 хүлэмж барихаар төлөвлөгджээ. Үүнээс дөрвөн хүлэмж нь халаалттай буюу жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай байх юм байна. Үүний хажуугаар саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэгчлэн 1000 тонны хүнсний ногоо хадгалах зоорь барихаар мөн төсөвт суусанд баяртай байгаагаа Зүүнхараачуудад олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзах үеэрээ хэлж байсан юм гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээлэв.