
Хамгийн сүүлд 1988 оны Калгарийн олимпод түрүүлсэн /дараа нь 1992 оны өвлийн олимпод хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ОХУ, Украин, Казахстан, Беларусь, Узбекистан, Армян улсын тамирчид нэгдэж ОУОХ-ны тугийн дор өрсөлдөж түрүүлсэн/ оросууд /тухайн үед ЗХУ байсан/ энэ удаад нутгийнхаа дэвжээнд олимпийн аварга цолоо эргүүлэн авахыг хүсч байлаа. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин ч тэр мөрөөдлийн “гол дүр” нь байсан. Өчигдөр болсон шөвгийн наймын тоглолтыг үзэж суусан В.Путин, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар багийнхаа ялагдалтай эвлэрч чадахгүй, харуусан сууж буй дүрс, гэрэл зураг өдгөө цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байна.
“Ямар санагдаж байгааг илэрхийлж ч чадахгүй нь. Хов хоосон мэдрэмж төрж байна” хэмээн ОХУ-ын хоккейн шигшээ багийн ахлагч Павел Дацюк тоглолтын дараа ярьжээ.
Дөрвөн жилийн өмнөх Ванкуверийн олимпиос хүрэл медаль хүртсэн Финляндын багаас Юхаматти Аалтонен тэнцээний шайбыг оруулж, улмаар эхний үе өндөрлөхийн өмнөхөн Теему Селанне тооны харьцааг 2:1 болгожээ. Ингээд хоёрдугаар үеийн эхэнд Микаэл Гранлунд багийнхаа гурав дахь шайбыг оруулснаар ордонд цугласан Оросын хөгжөөн дэмжигчдийг намжаасан юм.
Одоо тэд хагас шигшээд Шведийн багтай тоглоно. Сочийн өрсөлдөөний талбарт хүчирхэг байгаа шведүүд өчигдөр Словенийн шигшээг 5:0 харьцаатай буулган авсан. Сүүлийн гурван олимп дараалан аваргалсан Канадын шигшээ мөн өчигдөр ээлжит өрсөлдөгч болох Латвийн багийг 2:1-ээр хожиж, их шөвөгт шалгарсан. Тэд 2014 оны олимпийн финалыг давтаж, хагас шигшээд АНУ-ын багтай тоглох юм. Америкчуудын хувьд өчигдөр 5:2 харьцаатай Чехийн багийг буулган авсан.
Сочийн олимпийн 13 дахь өдөр ийнхүү хоккейн дөрөвний нэг шигшээ тоглолтууд олны анхаарлын төвд байснаас гадна уран гулгалтын эмэгтэй, ганцаарчилсан төрлийн тэмцээн эхэлсэн билээ. Богино үзүүлбэрт БНСУ-ын тамирчин Ким Юна хамгийн өндөр буюу 74,92 оноо авсан. Өнөөдөр уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөж, Сочийн олимпийн аваргууд тодорно.
Энэ өдрийн бас нэг онцлох үйл явдал нь Норвегийн домогт биатлонч Уле-Эйнар Бьёрндален олимпийн 13 дахь медалиа хүртэж, дээд амжилт тогтоосон явдал байлаа. Энэ удаагийн наадмаас олимпийн долоо дахь алтаа гардсан тэрбээр өчигдөр болсон холимог багийн төрөлд түрүүлснээр олимпийн найм дахь алт, нийтдээ 13 дахь медалиа хүртэж, дээд амжилтын эзэн болсон юм.
“Сочи-2014” олимпийн 13 дахь өдрийн медальтнуудыг танилцуулъя.
Уулын цана /эрэгтэй, слалом/:
Алт: Тед Лигети /АНУ/ 2:45.29
Мөнгө: Стив Миссилье /Франц/ 2:45.77
Хүрэл: Алексис Пинтуро /Франц/ 2:45.93
Биатлон /холимог баг/:
Алт: Норвеги 1:09:17.0
Мөнгө: Чех 1:09:49.6
Хүрэл: Итали 1:10:15.2
Бобслей /эмэгтэй/:
Алт: Кайли Хамфрис, Хитер Мойз /Канад/ 3:50.61
Мөнгө: Елена Мейерс, Лорин Уильямс /АНУ/ 3:50.71
Хүрэл: Айя Эванс, Жейми Грубел /АНУ/ 3:51.61
Гүйлтийн цана /эмэгтэй, багийн спринт/:
Алт: Норвеги 16:04.05
Мөнгө: Финлянд 16:13.14
Хүрэл: Швед 16:23.82
Гүйлтийн цана /эрэгтэй, багийн спринт/:
Алт: Финлянд 23:14.89
Мөнгө: ОХУ 23:15.86
Хүрэл: Швед 23:30.01
Сноуборд /эмэгтэй, параллел слалом/:
Алт: Патрициа Куммер /Швейцарь/
Мөнгө: Томока Таэкэүчи /Япон/
Хүрэл: Алена Заварзина /ОХУ/
Сноуборд: /эрэгтэй, параллел, слалом/:
Алт: Вик Уайлд /ОХУ/
Мөнгө: Невин Галмарини /Швейцарь/
Хүрэл: Зан Косир /Словени/
Тэшүүр /эмэгтэй, 5000м/:
Алт: Мартина Сабликова /Чех/ 6:51.54
Мөнгө: Иреен Вюст /Нидерланд/ 6:54.28
Хүрэл: Карьен Клейбюкер /Нидерланд/ 6:55.66