
Эхлээд улс орныхоо амьдралын гадаад талыг нь нэг эргэцүүлж харцгаая.
1990 оноос өмнө манай орон бага зэрэг хэтрүүлэн хэлбэл ганцхан оронтой л харилцдаг байлаа. Социалист системд харъяалагддаг хорь шахам орон байсан болов ч тэдэнтэйгээ харилцахад хүртэл Москвагаас зөвшөөрөл авах ёстой байв. Гадаад явахыг тэр үед энгийн хар ярианд “хойшоо явах” гэж нэрлэдэг байсныг 40-өөс дээш насныхан санаж байгаа байх. Өнөөдөр энэ хэллэг ор тас мартагджээ. Монгол хүн дэлхийн аль ч улс оронд зорчиж, аялах бүрэн эрхтэй болсон. Хойшоо явлаа гэж яривал 32, 7 буудал явах нь л гэж ойлгохоор болжээ. Үүнийг эрх чөлөөний дэвшил, ололт гэхгүй бол өөр юуг дэвшил, ололт гэх билээ дээ. Монгол орныг дэлхийн бүх улс орнууд мэддэг болж иргэд маань дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч амьдарсаар байна. Манай охид хөвгүүд олон улсын спорт, соёл урлаг, оюун ухааны төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцон цахиур хагалцгааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Монгол Улсын улс төр, нийгмийн салбарт олсон амжилтыг дэлхийн улс орнууд үлгэр жишээ болгон бахархан ярьцгааж анхаардаг болжээ. ХХ зууны эхэн үед монголчууд бид өөрийн улс орны тусгаар тогтнолыг дэлхийн том улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэж хандахад тэд газрын зураг дээр тийм улс алга гэж байсан гэдэг. Хожим дэлхийн дайн гараагүй бол энэ дайнд манай улс холбоотон гүрнүүдийн талд орж милитарист Японд дайн зарлаагүй байсан бол хэрхэх байсныг бүү мэд. Магадгүй Зөвлөлт Оросын тоглоомын улс байсаар байгаад өнгөрсөн зууныг дуусгах ч байсан байж мэднэ. Социализмын үед эх орон улс гэрийнхээ тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө тэмцэж шар махаа хаттал зүтгэж явсан ахмад буурлуудынхаа байгуулсан гавъяаг үүгээр үгүйсгэх гэсэн юм биш шүү. Гэхдээ нөхцөл байдал үнэхээр гашуун өнөөдрийнхтэй харьцуулшгүй дорой байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зөвхөн гадагшаа харилцахдаа төдийгүй дотоод амьдралаа ч Москвагийн заавар зөвөлгөө зөвшөөрөлтэйгээр зохион байгуулдаг байсан юм шүү дээ. Харин өнөөдөр бид үнэхээр жинхэнэ тусгаар улс шиг өөрийн дураар өөрсдийн амьдралыг авч явна. Энэ бол үнэхээр бахархмаар зүйл юм. Энэ дэлхий дээр зөвхөн бид л ганцаараа монголчууд биш ээ. Биднээс гадна хэд хэдэн сая Монгол хүн биднийг харан дотор нь онгойж суугаа гэдгийг бид байнга санаж явах учиртай юм.
Одоо дотоод амьдралаа нэг эрэгцүүлэн харъя. Юуны өмнө улс төрийн салбарт гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийг харцгаая. ХХ зуун эхэлж байх үеийн Монгол орон дэлхийн хөгжлөөс үлэмж хоцорсон эртний феодалын харилцаа ноёрхсон орон байлаа. Тусгаар тогтнолынхоо төлөө ард түмнээ оройлон боссон үндэсний удирдагчид маань оросын коммунист больщевикуудын хядлагад өртөн бараг бүгд толгойгоо тушаав. Баабарын тэмдэглэснээр “Иргэдээ өөр үзэл бодолтойг нь алж устгаж хэлмэгдүүлж дарангуйлаад дууссан.Хувийн өмчийг нь хурааж нийгэмчлээд өмчгүй болгосон” Монгол улсыг Москвагийн хий гэсэн бүхнийг үг дуугуй ёсчлон гүйцэтгэдэг дуулгавартай зарц нар улс орныг удирдан социализм байгуулна хэмээн биднийхээ толгойг дал шахам жил эргүүлэв. Харин өнөөгийн Монгол орон өөрийн гэсэн хэнээс ч үл хамаарах улс төрийн системтэй болжээ. Мэдээж аль ч улс орны улс төрийн систем эрээнтэй бараантай ээдрээтэй будлиантай байдагчлан манай улс төр ч ялгаагүй халгиа, цалгиатай, хэрүүлтэй уруултай явдаг жамаараа л урагшилж байна. Зарим улстөрчид, улс төрийн намуудын тэнэглэл, мулгуутлыг эс тооцвол бид өөрийн гэсэн улс оронтой түүнийгээ удирдан залаад аваад явдаг өөрийн гэсэн бие даасан хэнээс ч үл хамаарсан улс төрийн системтэй болжээ. Улс төр гэдгийг бид хориод жилийн өмнө зөвхөн улс төрийн товчооныхонд хамааруулан ойлгодог, ямар нэг тэнгэрийн алс холын зүйл мэт төсөөлдөг байсан бол өнөөдөр захын эмгэн улс төрд дуртай цагтаа оролцох, хүсвэл хүн бүр өөрийн намыг байгуулаад улс төржих боломжтой болжээ. Мэдээж улс төрийн салбарт шүүмжилмээр зүйл их бий. Хамгийн гол нь хүн бүр улс төрд оролцон түүний дутагдалтай талуудыг нь өөрийн хүссэнээр өөрчилж шинэчлэхийн төлөө зүтгэх боломжтой болсон нь өөрөө аварга том дэвшил юм. Үүнийг үгүйсгэгчид хичнээн зөрүүдэлсэн ч энэ бол Монгол орны ирээдүйг баталгаажуулж тодорхой болгож байгаа хамгийн чухал хүчин зүйл билээ.
Нийгмийн салбарт бид юу олж яаж урагшлав аа.
Ядуурал, баян хоосны ялгаа, ёс суртахууны доройтол, архидалт гээд олон зүйлийн сөрөг үзэгдлээр энэ салбарын дэвшил хөгжлийг үгүйсгэх гэж оролддог. Гэхдээ бидний олсон хамгийн гол ололт нь хувь хүний бие даасан индивидуал чөлөөт хөгжил хувь хүний эрх чөлөөт бие даасан байдлыг бүрэн үгүйсгэсэн коллективизмээс давж чадсанд байгаа юм. Хүнийг хүчээр нийгэмшүүлэх гэж албаддаг нийгэм улс төрийн дэглэмд хүлцэнгүй захирагддаг байлгахын тулд үзэл сурталжуулах, элдвийн зохиомол олон нийтийн байгууллагуудад хүчээр гишүүнчилдэг явдал ул болж хүн бүр өөрийнхөөрөө амьдрах, өөр хоорондоо ижилсэх, сайн дураараа ямар нэг албадлагагүйгээр зохион байгуулалтад орох боломж нээгдсэн нь нийгэмших үйл явцыг хэвийн жам ёсны гольдролд нь оруулав. Нийгмийн салбарын сөрөг үзэгдлүүдийг ардчилсан чөлөөт, нээлттэй нийгмийг эсэргүүцэгчид хамгийн гол аргументаа болгон ашигладаг. Социализмын үед сайхан байжээ. Бүгд ажилтай, эмнэлэг сургууль хүүхдийн цэцэрлэг гээд бараг бүх юм үнэгүй, мөн ч сайхан байж дээ, гэж тэд үглэцгээдэг. Зарим хүнд нэрээ ч сайхан байсан юм шиг хуурмаг сэтгэгдэл мэдээж төрөх нь ойлгомжтой. Хамгийн гол дэвшлийг тэд хүлээн зөвшөөрөхөөс ямагт татгалздаг. Тэр нь бие даасан өөрийн амьдрал хувь заяаны эзэн болсон өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн чөлөөт хүмүүсээс бүрдсэн нийгмийн байгуулал түүний давуу талыг хүлээн зөвшөөрөх дургүйгээс л энэ байдал үүдэлтэй юм. Чөлөөт нийгмийн үеийн нийгмийн хамгаалал социализмын үеийнхээс огт өөр механизмаар хэрэгждэг. Социализмын үед нам засаг бүх хариуцлагыг үүрдэг бол чөлөөт нийгэмд хүмүүсийн өөрсдийнх нь сайн дурын оролцоотойгоор зохион байгуулагдсан институцүүд эдгээр асуудлуудыг хариуцан зохион байгуулдаг. Энэ ч хамаагүй үр ашигтай байдаг юм. Тэтгэвэр, тэтгэмж, эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамжийг бүхэлд нь даатгалын систем хариуцдаг болоод удаж байна. Мэдээж дутуу дулимаг засаж сайжруулбал зохих олон зүйл бий. Гэхдээ ямар ч тохиолдолд даатгалын систем бол социализмынхаас дээр систем. Учир нь түүнийг даатгуулагчид өөрсдөө хянах бүрэн боломжтой. Энэ л хамгийн чухал. Үнэн төлбөргүй боловч эмчилгээгүй гэж хэлээд гаргадаг эмнэлгээс үнэ төлбөртэй боловч өвчинтэй үр дүнтэй тэмцэж чаддаг эмнэлэг хамаагүй дээр. Үнэн төлбөргүй боловч коммунист намын түүх, марксизм, ленинизм гэх мэтийн ажил мэргэжилд огт хамааралгүй улс төржсөн худал зүйлээр хүнийг төөрөгдүүлдэг сургуулиас төлбөртэй боловч жинхэнэ мэргэжил эзэмшүүлдэг сургалт нь хамаагүй дээр юм. Энэ бол бидний нийгмийнхээ салбарт олсон гол амжилт дэвшил ажээ. Нийгмийн салбарын тухай ярих үед заавал хөндөх ёстой сэдэв бол соёлын тухай сэдэв юм. Соёл нь нийгмийн харилцааны онцгой чухал салбар. Хүн төрлөхтний оюун ухаан уран гараар бүтээгдсэн аливаа бүхнээс хүртэх, өөрийн соёлыг түүнтэй харьцуулах, чөлөөтэй хөгжүүлэх боломж нь үнэлж баршгүй чухал зүйл билээ. Соёлын салбарын тухай ярихдаа хүний чөлөөтэй сэтгэн бодох, бүтээх эрх чөлөөний тухай ярилгүй орхиж болохгүй. Урлаг, утга зохиол, уран зураг, ер нь урлагтай холбоотой юм бүхэн нэг намын хатуу хяналт дарангуйлал дор оршиж байх үеийг өнөөдөртэй харьцуулахад үнэхээр нийгмийн салбарт бидний олсон ололт илүү тод томруунаар мэдрэгдэх болно. Ла Скала театрын тайзан дээр Монгол хүн ая дуугаа өргөх боломж өмнө нь байгаагүй юм. Нью-Йоркийн урлагийн музейд Монгол хүн ажиллаж монгол, түвдийн угсаатны зүйн үзэсгэлэн дэлгэх боломж мэдээж үүнээс өмнө байгаагүй билээ.
Харин одоо гол сэдэв болох эдийн засгийн тухай эргэцүүлье.
Өнгөрсөн хорин дөрвөн жилд хамгийн гол өөрчлөлт дэвшил гарсан салбар нь манай үндэсний эдийн засаг юм. Манай улсын эдийн засаг цэвэр төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засаг байлаа. Энэ загварыг бодож олж зохион байгуулсан Зөвлөлт Оросын эдийн засаг ч манайх шиг тийм хатуу төвлөрсөн байгаагүй байх. Тэр үеийн эдийн засгийн харилцааг ганц нийтлэлээр тайлбарлах боломжгүй. Улс гэдэг нэг л тоглогчтой систем гээд ойлгочих. Одоогийн залуучуудын хувьд ямар ч ойлгомжгүй зүйл. Улс гэдэг ганцхан эзэн байдаг, тэр өөрөө үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ өөрөө худалдан авдаг байв. Систем гэж нэрлэхэд ч хэцүү тийм л зүйл дарангуйлалын хүчээр оршин байв. Бүх хүн улсад хөдөлмөрлөнө. Улс гэдэг нэг л үйлдвэрийн газар байж юу үйлдвэрлэхээ өөрөө шийдэж түүнийгээ өөрөө худалдан авна. Хүнээр ярих юм бол нэг хармаандаа байгаа юмыг нөгөө хармаар уугаа байнга шилжүүлэн хийх ажлыг өдөр шөнөгүй хийнэ. Социалист эдийн засаг гэж нэг иймэрхүү л гаж тогтолцоо байсан юм. Утга учиргүй юм заавал сүйрдэг жам ёсны дагуу социалист систем бүхэлдээ сөнөсөн билээ. Зарим хүмүүсийн зөрүүдлэн зүтгэдэг шиг социализмыг бид нураагаагүй. Социализм өөрөө цаг болоод л нуран унасан юм. Монгол Улс тухайн үед гадаад тэжээгчээ алдаад өөрсдөө бие даан амьдрахын тулд зах зээлийн эдийн засагт гарцаагүй шилжин орж хүн төрөлхтөний жам ёсны хөгжлийн зам мөрөөр замнах ёстой болсон юм.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр чөлөөт сэтгэхүй, чөлөөт хөдөлмөр, чөлөөт үйлдвэрлэл, чөлөөт худалдааны эрин үе эхэлсэн юм. Хувийн өмч, хувийн бизнес буй болсноор Монгол орон өөрийн гэсэн жинхэнэ эдийн засагтай болсон билээ. Одоо бизнэс эрхлэхийн утга учрыг ойлгохгүй хүн гэж Монголд байхгүй болжээ. Хөдөлмөр, бараа бүтээгдхүүн, үйлчилгээ өөрийн гэсэн үнэ цэнэтэй болж эдийн засгийн харилцаа нь утга учиртай болсон байна. Энэ бол үнэхээр хувьсгалт өөрчлөлт юм. Хүн хөдөлмөрлөх бүтээх түүнийхээ үр шимийг хүртэх гэж юу болохыг бид өнөөдөр өөрсдийн амьсгалдаг агаар шиг, цангаагаа тайлдаг ус шиг энгийн ердийн утга агуулгаар нь ойлгодог болжээ. Энэ бол хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч юм. Хэрэв манай социалист эдийн засгийг машинтай зүйрлэвэл тэр нь моторгүй, гадаад дэмжлэггүйгээр урагш явдаггүй машинай адил байв. Зах зээлийн эдийн засгийн үед муу ч гэсэн мотортой машинтай, тэр нь асдаг бага ч атугай ачаа зөөж зохих газарт нь хүргээд өгөх боломжтой болжээ. Үнэхээр зарчмын том ялгаа байгаа биз. Өнөөдрийн манай эдийн засаг олон арван тонн ачаа ачаад холын замд айлтгүй гардаг том сайхан машин биш ч зүйрлэвэл долоо хоногийн гуравт нь засвар хийлгээд ганц нэг ачаагаа утаа савслуулан хүргэчихдэг муухан “амжиргаа портер” л юм даа. Гэлээ ч гэсэн энэ бол өөрийн даах хэмжээний ачаа ачаад эзнээ нэг муу юм тэжээгээд байдаг зарж борлуулъя гээд хүн тоож авахгүй ч эзнээ тураагаад үхүүлчихдэггүй тийм л эд. Гэлээ гээд “уулын буга хармагцаа унасан бухаа мартав” гэдгийн үлгэрээр орж болохгүйгээс хойш энэ бол манай юм, миний юм, үүнийгээ л бид яаж ийж тордож байгаад өөр сайн унаатай болохыг бодох нь зүй. Эндээс бид нэг л дүгнэлт хийж болно. Энд нэгдүгээрт, зах зээлийн эдийн засагт шилжсэн нь зайлшгүй хийх ёстой шилжилт байсан, хоёрдугаарт, хөгжлийн энэ зам мөрөөс ухран гарах ямарч боломж байхгүй, гуравдугаарт, энэ замаар бид хэр хурдан урагшлах нь гагцхүү биднээс хамаарна. Харин эдийн засгийн хөгжлийн дотоод нарийн ширийний тухай ярих юм бол өөр хэрэг. Энд бидэнд шүүн хэлэлцэх, маргаж мэтгэлцэх олон асуудал бий. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал юм. Манай эдийн засгийн нэг гол үндсэн дутагдал нь түүний үйлдвэрлэгч бүтээгч биш харин хэрэглэгч устгагч характерт нь байгаа юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд хоцрогдсон буурай орон бүрийн зовлон билээ. Богд хаант Монгол Улсын үед Хятадын Засгийн газраас ирсэн нэгэн бичигт “танай ар Монголын нэг хүн нэгийг үйлдвэрлэх боловч хоёрыг иднэ, ийм орон яаж бие даан хөгжиж чадах бил ээ?” гэж бичсэн байсан гэдэг. Тэгвэл бид өнөөдөр нэгийг үйлдвэрлээд хоёрыг биш бүр аравыг иддэг улс болчихоод байна. Манай орон нийт хэрэглээний бараа бүтээгдхүүнийхээ 97 хувийг импортоор авч байна. Ийм орон хамгийн түрүүнд өөрийн эдийн засаг, зах зээлийг хамгаалсан протекционист бодлого хэрэгжүүлэх учиртай. Эдийн засгийн меркантализм ч гэж нэрлэдэг.
Татварын бодлого нь хэрэглээг аль болох хязгаарлаж боомилсон харин үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого байх учиртай. Аль болох гадаадаас худалдан авах биш харин гадаадад худалдаж борлуулдаг орон болж байж л аливаа үндэстэн баян чинээлэг улс орон болон хөгждөг жамтай. Үүнийг Адам Смитийн”Үндэсний баялаг” номыг уншсан хүн бүр мэдэж байх учиртай. Харин эдийн засаг нь нэгэнт хөгжсөн орнууд мэдээж биднийг зах зээлээ хамгаалсан бодлого явуулахад дургуйцэх нь ойлгомжтой. Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноороо бид хожив уу? эсвэл… Хоёр дахь үндсэн асуудал нь аж үйлдвэржүүлэх бодлого юм. Тогтвортой хөгжлийн тухай бид байнга ярьдаг. Гэхдээ тогтвортой хөгжил гэдэг нь түүхий эдийн экспорт,аж үйлдвэрийн барааны импортыг хэлдэггүй байлтай. Бид янз бүрийн бонд борлуулан мөнгө босгож болно. Босгосон мөнгөө харин юунд, яаж зарав аа? гэвэл өөр асуудал болно. Аж үйлдвэрийн парк байгуулах тэнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах,аж үйлдвэрийн хөгжлийн стратегиа зөв сонгох, дэд бүтэцдээ хөрөнгө оруулах гээд олон асуудал өнөөдөр яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ихэнх тохиолдолд хоосон ярианаас хэтрэхгүй байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. 2004 оноос хойш манай намын ярьж байгаа “аж үйлдвэржүүлэлтийн хувьсгал” юу болсон бэ? Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд мөнгөтэй л бол сансрын, зэвсгийн, цөмийн, нано мэтийн хэдхэн өндөр технологоос бусад ямарч технологийг дэлхийн зах зээл дээрээс олж авах бололцоотой болжээ. Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын зах зээлээс хямдхан мөнгө, хөрөнгө босгох боломж хэзээ хэзээнээс илүү байна. Дараагийн чухал асуудал нь уул уурхайн салбарт баримтлах бодлого болно. Уул уурхайн салбар нь хурдан мөнгө олж хуримтлал үүсгэх салбар мөн үү гэвэл мөн. Үүнд маргах юм байхгүй. Гэхдээ дан уул уурхайд найдаж үүгээр л Монгол орон хөгжинө гэж тооцож байгаа бол энэ маш том эндүүрэл болно. Ер нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг маш товчхоноор авч үзэх юм бол бид нэг хэсэг социализм байгуулж байна гэж зөвлөлтөөр тэжээлгэж байгаад дараа нь ардчилсан орон болж байна гэж доноруудын хөрөнгөөр хэсэг туйлаад одоо байгалийн баялагаа ухаж идэх зам руу орж байна уу даа гэсэн сэтгэгдэл эрхгүй төрдөг. Бидэнд өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн баялгаа мэдэж ашиглалгүй яахав. Гэхдээ хэдий болтол бид түүхий эдийн экспортоор дагнах ёстой вэ? түүхий эдийн экспортын гадаад зах зээл, том орнуудын эдийн засгийн өсөлт, улс төрийн бодлогоос шууд хамааралтай байдаг эрсдэлээс бид хэзээ салах вэ? Энэ бүхний хариулт нь улс орны аж үйлдвэрийн хөгжил юм. Бид мэдээж бүх юмыг үйлдвэрлэх албагүй. Гэхдээ бид шийдвэртэй практик алхам хийж бэлэн болсон доорхи төсөл, хөтөлбөрүүд болох 1.Түлш шатахууны хараат байдлаас гарахын тулд Герман технологоор нүүрс нэрж бензин,түлш үйлдвэрлэх. 2.Эрчим хүчний нүүрсэн дээрээ түшиглэн цахилгаан станцуудыг олноор барьж ихээхэн хэмжээний цахилгаан эрчим хүч экспортлох. 3.Малын гаралтай түүхий эдээрээ Испани,Итали,Герман зэрэг улсын дэвшилтэт технологиор бүтээгдхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах. 4,Сайншанд, Дархан Сэлэнгийн районд кокс химийн болон металлургийн цогцолбор байгуулах, түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг ойрын хугацаанд хэд дахин нэмэгдүүлэх бололцоо байна. Ингэж бид олон улсын хөдөлмөрийн хуваарь, дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн байр суурийг эзлэх хэрэгтэй байна. Дахин сануулж хэлэхэд энэ дундаас хамгийн чухал нь эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал бөгөөд уг бодлого, арга хэмжээнээс хамаарч улс орны хөгжил дэвшил бүр цаашлаад тусгаар тогтнолын асуудал хөндөгдөж бидний 20 гаран жилд олсон амжилтыг бүрэн үгүйсгэх нөхцөл байдал үүсээд байна. Цагаан морин жилийн дүүхэлзсэн их үсрэлт хөх морин жилийн өнгөн дээр мод мэт хөшиж зогсох ёсгүй!