
Украины эрх баригчид өчигдөр орой /II.18/ Тусгаар тогтнолын талбайгаас жагсагчдыг хүчээр зайлуулах ажиллагаа эхлүүлснээс Киев хотод хүчирхийлэл газар аваад байна. Уурссан жагсагчид болон хүчнийхний хооронд мөргөлдөөн үргэлжилсээр буйгаас амь үрэгдэгсдийн тоо 25-д хүрчээ. Түүнчлэн Украины эрүүл мэндийн сайдын мэдээлснээр мөргөлдөөний үеэр 241 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хичнээн цагдаа, жагсагч гэмтэж бэртсэн нь тодорхойгүй байгаа ч нэг сэтгүүлч бууны суманд өртөж амь үрэгдсэн талаар “ВВС”-д мэдээлжээ. Украины хүчнийхэн хуягт техник, гэрэлт гранат, даралттай ус зэргийг ашиглаж байгаа бол жагсагчид тэдний эсрэг шатамхай шингэн бүхий лонх, салют, тоосго, том чулуу, бейсболын цохиур шиг саваагаар зэвсэглэсэн байгаа юм. Түүнчлэн Украины албаныхны зүгээс жагсагчдыг хууль сахиулахынхны эсрэг буу, галт зэвсэг ашиглаж буйг буруутгажээ.
Украинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, үймээнт байдалд тус улсыг Европын холбоонд нэгтгэхийн эсрэг шийдвэр гаргасан Ерөнхийлөгч Виктор Януковичийг буруутгаж буй юм.