Зөвшөөрлийн реформ хийвэл засагт талархъя

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Зөвшөөрлийн реформ хийвэл засагт талархъя

Таны худалдан авсан талх хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Энэ үнэ хэрхэн бий болдгийг ч мэднэ биз дээ. Гэхдээ бараа материал, ажиллах хүчний зардал зэргээс гадна төрөөс баталсан эрх зүйн зохицуулалтын үр нөлөө ч өртөгт нөлөөлж байдаг гэдгийг бид нэг их анзаардаггүй. Ерөнхийгөөр нь харвал, тариан талбайд, түүнээс үйлдвэр хүртэлх тээвэрлэлтэд, үйлдвэрт, дэлгүүр хүртэлх тээвэрлэлтэд, дэлгүүрт гэх дамжлага бүр нь бизнес. Эдгээр бизнесийг явуулахын тулд аль алинд нь ямар нэгэн зөвшөөрөл, эрхийн бичиг, баталгаажилт зэрэг нэлээд олон цаасан дээр хэн нэгний гарын үсэг, тамга шаардагддаг. Мэдээж энэ бүх хяналт шалтгалт нь хэрээс хэтэрвэл бизнест дарамт учирч, таны гар дээр очих талхны үнэнд зардал нь шингэсээр байдаг. Тэгвэл Засгийн газраас бизнест эрхлэгчдэд дарамт болдог зөвшөөрлүүдийг дорвитойхон цөөлөхөөр ажиллаж буй аж.

Нийт зөвшөөрлийн бараг талыг нь цуцална гэж төлөвлөснөөс нь харвал бараг “реформ” гээд нэрлэхэд буруудахгүй. Мэдээж зөвшөөрөл олгож байгаа эрх мэдлээ алдахыг тамга барьсан дарга нар хүлээн зөвшөөрөхөд бэрх л байгаа. Гэвч шинэчлэл хийе л гэж байгаа бол бизнесийнхнийхээ талд ганц удаа тууштайхан шиг зогсоод дарга нарын эсэргүүцлийг давахаас өөр арга засгийнханд байхгүй.

Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах зорилготой ажлын хэсгийг байгуулжээ. Тодруулбал яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулсан аж. Тэд юу хийх вэ гэвэл, яам, агентлаг, нутгийн захиргааны байгуулагуудаас ирүүлсэн нийт зөвшөөрлүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах бөгөөд 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд эдгээрээс 404 зөвшөөрлийг нь хүчингүй болгох, 447 зөвшөөрлийг нь хэвээр үлдээхээр төлөвлөсөн байна. Ингээд өнгөрсөн хугацаанд ажлын хэсгээс тухайн зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл болон зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудын төлөөлөлтэй 30 гаруй удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулаад байгаа аж. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын  гишүүн Д.Зоригт, С.Дэмбэрэл, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг нар ажиллаж байгаа аж.

Түүх сөхвөл зөвшөөрөл, лицензийн эсрэг “дайн” зарлаж тэмцсэн нь зөвхөн өнөөдөр биш. Энэ чиглэлээр хоёр удаагийн реформ хийхээр оролдсон бөгөөд эхэнд одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий сайд байхдаа бизнесүүдийн хийж байгаа уулзалт дээр зарим зөвшөөрлийг урж хогийн саванд хийж байсныг  санаж буй байх. Дараа нь 2010 онд Засгийн газар бизнесийг дэмжих жил болгоод реформ хийх гэж зарим үйл ажиллагааг явуулсан. Гэхдээ энэ реформ нь маш өнгөц барьж авсан, мөн хувийн хэвшлийнхний ард тал нь болох ажлаа хийж чадаагүй учраас үр дүндээ хүрээгүй юм. Бүх лиценз зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж 300 зөвшөөрөл лицензийн жагсаалт гаргаж үүнээсээ Засгийн газрын хуралдаанаар 100-г хүчингүй болгоно гэсэн шийдвэр гаргаад 200 үлдсэн. Гэвч тэр 100 лиценз зөвшөөрөл нь хүчингүй болсон  нь ч нийгэм, бизнес эрхлэгчдэд нөлөөлдөг нь ховор байсан аж.

Гол нь өнгөрөгч шүүлтүүрээс үлдсэн нь зөвхөн 200 байсангүй. Лиценз, зөвшөөрөл биш ч гарын үсэг, тамга шаарддаг, ямар нэгэн даргын хүсэл сонирхлоос шалтгаалан бизнесийнхэнд дарамт болдог зүйлс илүү олон байв. Тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтыг хүртэл зөвшөөрөл гэж хамаатуулж, асуудлыг томоор нь харлаа. Ингээд харахад 54 байгууллагаас 914 зөвшөөрөл шүүгддэн гарч ирэв. Хэрэв хурган дарга нарын лоббинд орчихгүй бол 400 гаруй нь цуцлагдах ёстой.

Эдгээрээс ганцыг нь л онцлоход Барилга хот байгуулалтын яамнаас нийт 99 тусгай зөвшөөрөл олгож байгаа аж. Үүнтэй холбоотой бизнесийнхэн ч байнгын гомдолтой байсаар ирсэн бөгөөд байшин барих үндсэн ажлаасаа илүүтэй 121 гарын үсгийг хэрхэн зуруулах вэ гэдэг нь толгойны өвчин байв. Барилгынхан ч энэ талаараа гомдоллож “128 хоногт 128 гарын үсэг зуруулах гэж явахын оронд 128 хоногт 12 давхар байшин барих ч боломж бий” гэж байсан удаатай.

Тэгвэл ажлын хэсгийнхэн барилга хот байгуулалтын яамтай холбоотой зөвшөөрлүүдийг нягтлаад, зөвшөөрлийг цуцлах эсэх шийд гаргахын тулд уг зөвшөөрлийн хууль зүйн үндэслэл нь юу болох, энэхүү зөвшөөрлийг олгохгүй байснаар ямар нөлөө гарах, мөн энэ зөвшөөрлийг цуцалснаар бизнест ямар ээлтэй байх вэ гэсэн үндсэн гурван шаардлагаар асуудалд хандаж 71–ийг нь хүчингүй болгохоор бэлтгэсэн аж.

Энэ бол ганц салбар, ганц яамны хэмжээнд л гарах шинэчлэл. Мэдээж энэ ажлаа хийж дуусгавал,бизнес эрхлэгчдээс тун өндөр үнэлгээ авч таарна. Гүржид яг л ийм реформ хийсэн. Ингэж л ирэх сонгуулийн ялалтын хөзрөө бий болгосон. Үнэхээр зөвшөөрлийн реформ хийчихвэл засагт талархахаас өөр яах билээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж