Өсвөр насныхан эрүүл мэндийн мэдлэг багатай

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхан эрүүл мэндийн мэдлэг багатай

Өсвөр насны хүүхдүүдийн 7.3 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай, 16 хувь бие бялдрын хөгжил дутуу, гурван хүүхдийн нэг нь иодын дутагдалтай, 25 хувь цус багадалттай, 25 хувь нь ганцаардал, сэтгэл гутралттай гэсэн судалгаа гарсан байна. Өсвөр насны хүүхдүүдэд тавих эцэг эхчүүдийн халамж төдийлөн сайн биш. Эцэг эхчүүд бага насны хүүхэд өвдөхөд их анхаардаг хэрнээ өсвөр насны буюу 10-18 насны хүүхдэдээ тэр бүр анхаарал тавих нь бага байдаг.  Монгол Улсад өсвөр насныханд зориулсан олон төрийн бус байгууллага байдаг ч тэдний үйлчилгээ хүүхдүүдэд хангалттай хүрдэггүй гэнэ. Эрүүл мэндийн яам болон НҮБ-ийн хүн амын сан хамтран өнөөдр /өчигдөр/-өөс  “Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ сэдэвт” үндэсний зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.  Энэ үеэр НҮБ-ийн Хүн амын сангийн /ХАС/ хөтөлбөрийн мэргэжилтэн Г.Уранчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ удаагийн зөвлөлгөөний талаар товч танилуулаач?

-Өсвөр насны хүүхдэд эцэг, эхээс тавих халамж харьцангуй багасдаг. Учир нь хүүхэд бие даах чадвартай болсон гэж үздэг. Өсвөр насны хүүхдүүдээс авсан судалгаагаар 16 хувь нь өөрсдийгөө эрүүл, 39 хувь эрүүл мэндийн боловсрол чухал, 31 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ хүртэхэд хүндрэлтэй, 20 хувь эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээлэл тэдний хэрэгцээг хангаж чаддаггүй гэж үзсэн байгаа юм. Одоогийн эрүүл мэндийн үйлчилгээ өсвөр үеийнхний хэрэгцээг хангаж чадахгүй, эрүүл мэндийн талаарх боловсрол олгох мэдээлэл хомс байна.

-Өсвөр насны хүүхдүүдэд ямар өвчин зонхилж байна вэ?

-Өсвөр нас гэдэг нь 10-18 насны хүүхдийг хэлнэ. Энэ насны  хүүхдүүдэд бие бялдрын хөгжил, хоол тэжээлийн дутагдал, цус багадалт, бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, архидалт, тамхидалт их байна гэсэн судалгаа гарсан. Жишээ нь архи, тамхи нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөөтэйг хүүхэд бүр мэддэг ч үр нөлөөг нь сайн мэдэхгүй байх. Өсвөр насныхан бие биеэ даган дуурайх, аливаа зүйлийг сонирхох, шохоорхох нь их байдаг. Үүнээсээ болж ямар нэг буруу зүйл хийх тохиолдол олон байдаг. Тиймээс тэдэнд үйлчлэх тусгай төв, эрүүл мэндийн ажилтан байх хэрэгтэй. Тиймээс л энэ удаагийн үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж цаашид яаж ажиллах талаар ярилцаж байна.

-БЗХӨ авсан, архи, тамхи хэ­рэглэсэн эсэх зэргээр  өсвөр насныхан дунд явуулсан судалгаа байдаг уу?

-Эрүүл мэндийн статистикийн судалгаанаас харахад  бэлгийн замын халдвараар өвчлөгсдийн тал хувь нь 25-аас доош насныхан байгаа юм. Мөн 20-иос доош насны хүүхдүүдийн 70 хувь нь, 16-аас доош насны хүүхдүүдийн 54 хувь нь архи ууж үзсэн. Тамхийг 12-13 насандаа татаж эхэлсэн 40 хувь, 14-15 насандаа татаж эхэлсэн 34 хувь байгаа юм. Өсвөр насны охидын есөн хувь нь жирэмсэлсэн, харин орон нутагт энэ тоо хоёр дахин их байна гэсэн судалгаа бий. Эдгээрт нөлөөлж буй гол зүйл нь эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл үйлчилгээг хүртэх боломжгүй, аюулгүй орчин хангалтгүй, хүчирхийлэл дарангуйлал их байна гэж үзэж байгаа. Өсвөр үеийнхэнд сургууль, өсвөр үеийн кабинет, эмнэлгээр дамжуулж тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал байна.

-Үндэсний зөвлөлгөөнийг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх боломжтой вэ?

-Бид энэ зөвлөлгөөнөөр юуг анхаарч, хэрхэн ажиллах талаар ярилцана. Өсвөр, залуу үед хүрч ажиллахын тулд эхлээд эмнэлгийн үйлчилгээг хүргэх, энэ үйлчилгээгээр тэдэнд нөлөөлж болох арга хэмжээг авч ажиллана. Өсвөр үе, залуучуудад зориулсан төвүүд байдаг ч тэдэнд хүрч ажиллахгүй байна. Тэдгээрийн үйлчилгээг сайжруулж, өсвөр үеийнхний хэрэгцээнд тулгуур­лан мэргэжлийн байгууллагын зүгээс хийх ёстой ажлуудыг төлөвлөн хийх гээд олон зүйл дээр өсөлт, дэвшилт гарах байх гэж бодож байна.

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж