Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Хөргөгчтэй автобус

Алдагдалтай ажиллаж байна хэмээн гоншигносоор байгаад нийтийн тээврийнхэн зорчих тасалбарынхаа үнийг нэмж орхив. Эдийн засгийн байдал сайнгүй, ядаж байхад жолооч нар нь ажил хаяж, хөхөө өвлийн хүйтнээр явган алхуулахад хүргэсэн болохоор ард түмэн хэл ам хийсэнгүй, тэдний нэхсэн хөлсийг төлөөд явцгааж байгаа. Гэхдээ нийтийн тээврийн үнэ нь нэмэгдсэн ч үйлчилгээ нь нөгөө л бахь байдгаараа байгаа нь компаниудын захирлуудынх нь нарийн зантай холбоотой юу эсвэл жолооч, кондукторынх нь заваан зангийн илрэл үү.

Нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрдээ заримдаа залхмаар, зарим тохиолдолд халширмаар явдал цөөнгүй гардаг. Өвлийн өглөө нийтийн тээврийн автобусанд сууна гэдэг үнэндээ яс хавталзмаар болдог нь худлаа биш шүү дээ. Цонх нь битүү цан, цас мөсний орноос хүрээд ирэв үү гэлтээ хөл гар даруулах нь эгээ л хөргөгчинд суучихсан юм шиг хүйтэн сэтгэгдэл төрүүлэх. Заримдаа хаана явж байгаагаа харж чадахгүй, буудал андуурч буух нь цөөнгүй.

Өчигдөрхөн нэгэн настай буурай кондуктороос хаана явж байгааг нь асуусан биш “амар байна уу гэсэн чинь гай болов” гэгчээр бөөн хэрүүл үүсгэв. Өвөөгийн буруу гэхээсээ өндөр настанд хаана явж байгааг нь хэлээд өгчих сэтгэлгүй кондукторт зорчигчид дургүйлхсэн хэрэг л дээ. Уг нь хаана ирж байгааг зарлах нь нийтийн тээврийн автобусны нэг үүрэг биз дээ. Цанатсан цонх, бөөн хүмүүс дундаас буух буудлаа харж чадалгүй наана, цаана “гээгдэх” тохиолдол цөөнгүй гардаг. Хөгшин настай хүн байтугай, залуу бидэнд хүртэол заримдаа хаана явж байгааг нь асуумаар болдог тохиолдол цөөнгүй. Хөл гар хөлдчих шахах нь наад захын асуудал. Заримдаа ч хөргөгчинд ороод ирэв үү, автобусанд сууж байна уу гэж андуурмаар, аймаар хүйтэн.

Сав л хийвэл мөнгө нэхэж, ажил хаяхаараа айлгадаг автобус компанийн ажилчдын хувьд наад захын соёл байдаггүй. Автобусандаа чих дөжирмөөр хөгжим тавьчихаад жолооч нь хөлдүү мах ачиж байгаа аятай давхина. Тооромзоо огцом гишгэж, урд, хойдох хүмүүсийг мөргөлдүүлнэ, хэрэлдүүлнэ.

Зарим жолооч нар кабиндаа Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж, сануулсан нэгнийг нь амандаа орсон хараалаар булна. Ийм үйлчилгээтэй нийтийн тээврийнхэн ашиггүй ажиллаж байгаа гэхээсээ илүү ажилчдыгаа соёлжуулж, үйлчилгээний салбарт ажиллаж байгааг нь сануулах олон нийтийн компанит ажил зохиож байвал яасан юм бэ. Мөнгө, мөнгөи л гэхээс ганц удаа үйлчилгээгээ сайжрууллаа, өнгө төрөө өөрчиллөө гээд сайхан мэдээ сонсгож байгаа нь хаана байна.

Ядахнаа л өндөр настан, хүүхэдтэй хүмүүст суудал тавиад өг гэх сэтгэлтэй кондуктор цөөхөн шүү дээ. Нөгөө үнэ төлбөргүй явдаг “халамж”-ийн оюутнууд нь хамаг суудлынх нь бөглөөс болоод унтаж байхад нэг ч үг хэлэхгүй. За, энэ нь одоо дүүрчээ гэхэд замын голд буулгаж, суулгах, нэг нэгэндээ шилжүүлэх явдал багагүй гардаг. Буухгүй, суухгүй гэвэл жолооч нь кондуктортайгаа нийлээд зодчих шахна.

Ийм л үйлчилгээтэй нийтийн тээврийнхэнд илүү мөнгө төлж байна гэхээр гол гонсойгоод байдаг юм.  Энэ мөнгө нь үйлчилгээндээ биш өөр зүйл зарцуулагддаг болоод л Монголын нийтийн тээврийн компаниудын үйлчилгээ нэг л хэвээрээ байдаг юм болов уу даа.

 Н.ЕРӨӨЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж