Номын сан нээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Номын сан нээлттэй байна

-Сургуулийн чинь номын сан хаалттай байвал өөр номын сан руу яв. Хүсвэл, номын сан нээлттэй байна шүү, залуус аа-

“Сүүлийн үеийн залуус ном уншдаггүй” гэх. Хариуд нь “Унших зүйлээ интернэтээс уншчихдаг. Тэгээд ч тэр номын сан чинь хаана байна. Номын сан байхгүй гэж залуучууд баахан л жагсаа биз дээ” хэмээн хариулах. Энэ богинохон ярианд хариулт олохоор “Номын сан нээлттэй байна уу” гэх сурвалжлагын сэдвийг сонгочихоод номын сан руу гарлаа. Үнэхээр номын сан хаалттай байна уу, магадгүй номын сан нээлттэй байвал тэнд буй ном залуусын хэрэгцээг хангах хэмжээнд байна уу гэх асуулттайгаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд очлоо. Засвартай ажиллахгүй байгаа гэсэн, яасан юм бол гэж бодсоор үүдэнд нь дөхвөл үнэхээр ажиллахгүй байгаа мэт хүнгүй байх аж. Үүднийх нь өргөтгөлийг буулгачихсан, харагдах байдлын хувьд засварын ажил дуусаагүй мэт байлаа. Ядаж харуултай нь уулзчихаад буцъя гэж бодоогүй бол буцаад явчихаар байв. Дотор ортол номын сан ажиллаж байна шүү. Даваагаас бямба гариг хүртэл ажиллана. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гаригт дотоод ажилтай тул нийтэд үйлчлэхгүй гэх хувиартайгаар ажиллаж байна. Дүүргүүдэд салбарлан ажилладаг нийтийн номын сангуудынхаа утсыг ч тавьж, Чингэлтэй, Хан Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд хүсвэл тэндээ үйлчлүүлж болох аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй

Засварын хийснийх ямартай ч номын сангийн үүднээс нь эхлээд хүний гар хүрсэн байдал анзаарагдаж байв. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу шаттай болчихож. Үүдээр ороход оюутан цагийн танил дурсамж нүднээ туслаа. Үүдний танхимд ороод үнэмлэх нээдэг ажилтан дээр очиж бүртгэл хийлгэлээ. Өмнө нь бүртгэлтэй байсан учир сунгалтын мөнгө гэж 2000 төгрөг авлаа. Бүтэн жилийн турш хүссэн үедээ ирээд, сонирхсон номоо үзэх боломжтой болов. Огт үнэмлэх нээлгэж байгаагүй хүний хувьд иргэний үнэмлэх, 3500 төгрөгтэй ирэн бүртгүүлж, жилийн хугацаанл үйлчлүүлэх эрхтэй болох аж. Үнэндээ 3500 төгрөгт багтаан худалдаад авчих ном хүртэл ховордсон цагт боломжийн л үнэ. Мөн тавдугаар анги хүртэлх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үнэгүйгээр бүртгэж оруулдаг аж. 6-12 дугаар анги болон тэтгэврийн насанд хүрсэн бол 1000 төгрөгөөр л жилийн турш номын сангаар үйлчлүүлдэг ажээ. Мөн тэдгээр иргэд жилийн дараа сунгалт хийлгэх бол 500 төгрөгөөр л сунгуулчихдаг юм байна.

500 саяын засварын дараа

Уг номын сангийн эртний үйлчлүүлэгч байсны хувьд одоо ямар болчихоод байгаа, өмнө ямар байсныг харьцуулан анзаарлаа. Номын сангийн ажилтнуудын хэлснээр Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн төв номын сан 2013 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд их засварт орж, энэ хугацаанд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Засварын ажил өнгөрөгч оны сүүлээр дуусгавар болж, энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн уншигчдад үүд хаалгаа нээжээ. Энэ талаар номын сангийн ажилтан “Нэлээд удаан хугацаанд номын сан маань ажилласангүй. Үүнээс болж намар оюутнууд үүдэнд ирж жагсаад л. Номын сангаа онгойлгохгүй түгжээд байгаа юм шиг, бид нар буруутай юм шиг л байлаа. Зуны хугацаанд засвар дуусгачихна гэсэн чинь намар ирэхэд хамаг ажил нь зуун задгай, шалны плитануудыг нь хуулаад тавьчихсан байсан. Номын сан ажиллахгүй бол бид ч цалингүй байна шүү дээ. Ингээд арваннэгдүгээр сард бид хүчээр шахуу ажилдаа орж, суллаад байсан номын сан руугаа номнуудаа зөөх, бүртгэлжүүлэх, засварлан шинэчлэх ажилд орцгоосон. Одоо бол хэвийн ажиллацгааж байна” гэв. Яг энгийн нүдээр харвал, бас үнэнийг хэлэхэд 500 сая төгрөгийн засвар хийсэн гэхэд яг юуг зассаныг олж харахад бэрх гэмээр. Ямартаа ч үүдний танхимын шалыг гантиглаж, ханан дахь зургуудыг тодруулжээ. Ардын хувьсгал, улаан оросын цэрэг, Д.Сүхбаатар, В.И.Ленин, сансарт хөөрсөн нисдэг тэрэг, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын он жилүүдийг санагдуулам зурагнууд. Угтаа бол боломж олдсон дээр нь зурагнуудыг зөвхөн тодруулж байсны оронд баяжуулж, шинэлэг зургийн аргыг ашигласан, энд байгаагаас илүүтэй бусад бахархах зүйлсээ буулгасан бол гэсэн бодол төрж байв.

Компьютер бүр эзэнтэй

Нэгэнт бүртгүүлчихсэн тул хувцсаа өлгүүрт өгөөд цааш нэвтрэн орлоо. Номын сангийн архивыг үндсэн хоёр танхимд хуваан байршуулсан бөгөөд уншигч өөртөө үйлчлэх дэлгүүрт орсон юм шиг эгнүүлэн өрсөн номон дундуур явж, өөрт хэрэгтэй номоо аваад унших боломжтой аж. Та номын сангаар үйлчлүүлж байсан бол тэр үнэрийг мэднэ. Яг л тэр үнэр урдаас угтан авлаа. Бүгдийг нь барьж аваад уншчихмаар, шунал хөдөлгөм хэдэн мянган номтой эгнээ, хажуугаар нь сонгон авснаа шимтэн унших уншигчид. Уншлагын танхим ерөнхийдөө чимээгүй. Хааяа нэг уншиж буй зүйлийнхээ талаар шивнэлдэх залуусын чимээ цаанаа л нэг танил. Шинэ номын хэсгийг очиж сонирхлоо. 2013 оны номоор нэлээд баяжиж. Харин он гараад хоёр сар өнгөрчихсөн байхад 2014 оны ном арай л харагдсангүй. Гэвч номын сангийн номны хувьд чамлаад байх зүйл байсангүй. Өөрөөр хэлбэл энд бүх төрлийн номууд байв. “Номын хуудсыг эргүүлэн, гараараа барьж, үнэрийг нь мэдрэн унших нь интернэтийн өгч чаддаггүй өөр мэдрэмж, өөр хүмүүжил өгдгийг олон залууст мэдрүүлмээр” гэх үгс өөрийн эрхгүй толгойд буув. Үнэхээр номын сан гэгч нь “сууж сурахыг”, төвлөрөхийг, бусдад саад болохгүй байхыг, сурах ёстой зүйл, мэдэх мэдлэг их байгааг ойлгуулсаар ирж. Оюутны амралт эхэлчихсэн болоод ч тэр үү үйлчлүүлэгч багатай байлаа. Энэ талаар номын сангийн мэдээллийн ажилтан “Бид энгийн үед өдөрт 800-900 хүнд үйлчилдэг. Гэхдээ одоо оюутны амралттай байгаа учраас өдөрт 200 гаруй хүнд л үйлчилж байна. Гол уншигчид маань оюутнууд байдаг” гэв. Үүдний хэсэгт интернэтэд холбогдсон компьютерууд эгнүүлэн тавьжээ. Арваад компьютер бүгд эзэнтэй. Уншигч өдөр бүр нэг цагийн хугацаанд энд үйлчлүүлэх боломжтой. Интернэт ашиглах энэ боломжийг бяцхан жаалууд эзэлжээ. Зарим нь фэйсбүүк нээжээ. Өөр хоёр нь хошин шог үзэж буй бололтой, тэрүүхэн тэндээ нугжийж инээнэ, бас өөр хоёр нь ямар нэг зүйлийн талаар мэдээлэл хайна. Мөн нэг жаал “кэндикраш” тоглоомоор ширүүхэн үзэж суув. Мэдээллийн ажилтны хэлснээр бол зарим нэг “хориотой сайт” руу орохыг блоклочихсон байгаа гэнэ.

Хуучин хуулийн ангийнхны суудаг дээд давхрын танхимд “хүүхдийн уншлага” оржээ. Сонирхвол, ширээнүүд бүгдээрээ шахуу сул байв. Шалтгаан нь тэнд суух уншигчдын ихэнх нь доод танхимд өдрийн интернэтийн эрхээ ашиглаж буйтай холбоотой бололтой.

Өмнө нь хамгийн “асуудал”-тай байсан газар бол ариун цэврийн өрөө. Агааржуулалтын систем муутайгаас үнэр нь гэж асуудалтай байсан энэ газар одоо ямар болсныг харлаа. Ямартай ч элдэв үнэр танар гэх зүйл мэдрэгдсэнгүй. Их засвар хийсэн “Рендр бау” компани 500 сая төгрөгийнх нь 250 саяыг нь агааржуулалтын системд зориулсан гэнэ. Хүн багатай болоод ч тэр үү, засвар хийсэн болоод ч тэр үү ариун цэврийн өрөөнд асуудал гэх зүйл алга. Хэрэв урьдын асуудлыг шийдэж чадаагүй байсан бол 250 саяын агааржуулалтынх ажлыг нь эргэлзэлгүйгээр шүүмжлэх байлаа.

Нэг ном 100 төгрөг

Номын санд сонирхол татах нэг танхим бий. Тэр нь Америкийн соёл, мэдээллийн төв. Номын сантай хийсэн санамж бичгийн хүрээнд 2004 онд анх нээгдэж байсан гэдэг. Энэ төв нь олон ч залуучуудад англи хэл сурахад, гадаад ертөнцтэй холбогдоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Интернэт үйлчилгээ, видео уулзалт, онлайн сургалт, кино үзвэр, хэлний чадвар сайжруулах ярилцлага гээд олон боломжийг тэд санал болгодог. Мэдээж эдгээр боломжийг номын санд ирсэн хүмүүс л эдэлнэ.

Ингээд номын сангаас гарахдаа гэрээр ном олгох үйлчилгээг нь сонирхлоо. Хамгийн хямд унаа болох тралейбусанд суух тасалбарын чинь үнээс гурав дахин хямд үнээр энэ үйлчилгээг авч болох аж. Номын санд сууж үйлчлүүлэх боломжгүй, сонгосон номоо гэртээ авч уншихыг хүсвэл нэг номонд өдрийн 100 төгрөг төлнө.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Хотын хамгийн том нийтийн номын сангаар зочлоод гарахдаа “Ном уншихыг хүсэх л юм бол номын сан нээлттэй байгаа юм байна” гэдгийг анзаарч харлаа. Үнэхээр хүсэх л юм бол номын сан таны өмнө нээлттэй байна.

Зөвхөн өөрийн мэддэг номын сангуудаа нэрлэвэл, Улсын номын сан, хотын номын сан, дүүргийн номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан, сургуулиудын номын сан, шүүхийн номын сан, УИХ-ын номын сан гээд үргэлжлүүлнэ. Хэрэв хүсэх л юм бол, хөөцөлдөөд явбал аль ч номын сангийн уншигч байх бүрэн боломжтой гэж бодохоор “Залууст номын сан алга” гэж хэлж боломгүй байв. Яах вэ, төв номын сангийн хувьд хайсан ном байдаг ч үйлчилгээний хурд арай төвөгтэй, дүүргийн номын сангууд үйлчилгээ хялбар ч хайсан ном ховор гэх зэргээр шүүмжилж болох ч Улаанбаатар хотод ганцхан номын сан байдаггүй гэдгийг сануулмаар байна. Сургуулийн чинь номын сан хаалттай байвал өөр номын сан руу яв. Хүсвэл, номын сан нээлттэй байна шүү, залуус аа.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №049

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж