Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Х.Алтай: Би зугтаагүй

-Магадгүй хийсэн ажлын маань үр дүнг харахад тодорхой хугацаа хэрэгтэй байх. Мэдээж өргөс авсан юм шиг асуудал нэг өглөө бүх асуудал сайхан болчихгүй-


Монголын Хөрөнгийн бирж уналтад орсон уу. Тийм бол яагаад ийм байдалд оров. Харин үгүй бол яагаад ийм яриа гарах болов. Энэ асуултад хариулт авахаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтайгаас ярилцлага авсан юм. 

-Шинэ оны дараахан та албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн. Энэ гэнэтийн шийдвэр байв уу?

-Гэнэтийн шийдвэр байсан гэж хэлэхгүй. Албан тушаалаа өгөх өргөдлөө би 2013 оны зургадугаар сард өгсөн. Шийдвэрлэлгүй явсаар байгаад 2014 оны нэгдүгээр сард миний өргөдлийг хүлээж авсан болохоор хүмүүст гэнэтийн юм шиг санагдсан байх.

-Та сүүлийн үед хэвлэлээр гараад байгаа мэдээллийг уншсан биз дээ?

-Уншсан, хэн нэг миний хийж гүйцэтгэсэн ажлыг харлуулахын тулд хар PR хийж байгаа юм болов уу гэж харж байгаа.

-Ингэхэд та яагаад албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн юм бэ. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үзэлгүй гэнэт халагдаад явчихаар олон хардлага дагуулсан асуултууд ард чинь үлдээд байна. Энэ нөхөр Монголын Хөрөнгийн биржийн хувь заяагаар тоглож орхиод эцэст нь мөрөө хавчаад зугтаалаа гээд л?

-Энэ асуултад хариулахын тулд эхлээд Монголын Хөрөнгийн бирж яагаад Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан талаар ярих нь зүйтэй байх. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг удирдах удирдлагын багийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан юм. Тендерт Лондонгийн Хөрөнгийн бирж ялж, 2011 онд ТӨХ англичуудтай мастер гэрээ байгуулсныг олон хүн санаж байгаа байх. Ингэж л Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх процесс эхэлсэн дээ. Засгийн газар энэхүү шинэчлэлтэд 14,2 сая ам.доллар хүртлэх хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн. Зээлийг арилжааны зургаан баннкнаас жилийн 6.5 хүүтэйгээр авахыг Засгийн газар шийдвэрлэсэн юм. Түүнээс Х.Алтай дур мэдэн Лондонгийн Хөрөнгийн биржтэй гэрээ байгуулаад, тэдэнд өндөр цалин хөлс өгчихсөн юм биш гэдгийг хэлэх нь зөв биз. Арилжааны банкуудаас авсан зээлийг буцаан төлөхдөө жил, жилийн төсөвт суулгах маягаар асуудлыг шийдэхээр тогтсон.

-Тэгээд яагаад гэнэт бөөн өр ширний асуудал босоод ирэв ээ. 14.2 сая ам.долларыг Лондонгийн хөрөнгийн биржээс ирж ажилласан багийнханд өгсөн биз дээ?

-Ажлын гүйцэтгэлээр нь хөлсийг нь өгдөг байсан. Нийтдээ 5.7 сая ам.долларыг Монголын Хөрөнгийн биржийн шинэчлэлтэд зарцуулсан. Нэг үгээр хэлбэл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд төрөөс хөрөнгө оруулсан болохоос Монголын хөрөнгийн бирж өөрсдөө өр тавьчихаагүй юм шүү дээ. Засгийн газар 14.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл өгсөн. Гэхдээ 2012 оны долдугаар сараас хойш үйлчилгээний төлбөрт нэг ч төгрөг олгоогүй байгаа. Уг нь энэ мөнгийг Лондонгийн биржийнхэд олгочихвол зүгээр л байгаа юм. Ядаж л Монголын нэр хүндэд хэрэгтэй. Монголчууд гэрээ байгуулж, ажлаа хийлгэчихээд хөлсөө өгөх болохоор “луу унждаг” гэсэн нэр зүүх хэрэггүй байх.

-УИХ-ын сонгуулиас хойш Лондонгийн Хөрөнгийн биржийнхэнд өгөх ёстой хөлсөө өгөөгүй гэсэн үг үү?

-Тийм.

-Тэдний суурилуулсан систем нь ямар учиртай юм бэ? Дэлхийд хоцрогдсон технологийг Монголд өндөр зардлаар суурилуулчихсан юм биш үү?

-MIT бол Лондонгийн биржийн охин компани. Энэ технологио Лондонгийн бирж өөрөө ашигладаг. Итали, АНУ гээд дэлхийн 30 гаруй орон энэ системийг ашиглаж байна. Шинэ систем бол хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц. Дэд бүтцээ шинэчлэхгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Тийм учраас эхлээд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. MIT бол зөвхөн Монголын Хөрөнгийн биржэд хамаатай асуудал биш юм. Манай зах зээлийн оролцогчдын хамгийн гол дэд бүтэц. Системийг нэвтрүүлснээр Үнэт цаасны хууль хэрэгжих гол угтвар нөхцөл бүрдсэн. Энэ хоёр процесс хоорондоо уялдаа холбоотой байж Монголын хөрөнгийн зах зээл хөгжих ёстой. MIT системийг суурилуулснаар олон асуудал цэгцэрсэн. Гэхдээ магадгүй зарим хүний эрх ашигтай зөрчилдсөн байхыг үгүйсгэхгүй. Уг нь Монголын хөрөнгийн зах зээлд системийг нэвтрүүлснээр олон улсын стандарттай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байгаа юм шүү дээ. Цаашлаад эрсдлийн хамгаалалт бий болсон. Брокер дилерийн компаниудын хувьд Т+3 буюу арилжаа хийгдсэнээс гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж дуусгах систем руу орсон байгаа. Энэ нь олон улсын капитал татахад хамгийн гол хөшүүрэг болдог. Гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж дуусгах учраас эрсдэл хаах дундын сангийн хөрөнгөтэй байх ёстой юм. Тийм болохоор зарим нэг компанид таалагдаагүй байх.

-Барьцаа хөрөнгийн асуудал бас яригдаад байгаа ?

-Үнэт цаасны төлбөр тооцоог арилжааны банкуудаар дамжуулдаг болсон. Банкиар мөнгөн гүйлгээ хийдэг болсноор брокерууд банкны харилцагч болж байгаа гэсэн үг. Тиймээс хэмжээний барьцаа хөрөнгө байршуулах шаардлага тулгарч байгаа. Гэхдээ олон улсын зарчимд мөнгө байршуулах, байршуулахгүй байх нь тухайн банк болон брокер хоёрын хоорондын харилцаагаар зохицуулагдаж болдог асуудал л даа.

-Ер нь Лондонгийн Хөрөнгийн биржээс Монголд хичнээн хүн ирж ажиллаж байсан бэ?

-Олон, олон. Гурван мэргэжилтэн байнгын ажиллаж байгаа.

-Өнгөрсөн гурван жил энэ шинэ системийн сайн мууг багагүй хэлэлцлээ. Гэтэл  энэ хугацаанд Монголын хөрөнгийн зах зээл уналтад орчихлоо шүү дээ?

-Би тэгж бодохгүй байна. Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн гурван жил маш том ажлыг амжуулсан гэдгийг харин ч бардам хэлнэ. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчилж, шинэ хуулиа батлууллаа. Лондонгийн хөрөнгийн биржийнхэн бидэнд бүх л чадлаараа тусалсан. Үүнийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр кастадион үйлчилгээ нэвтэрч, банкууд өөрсдөө бизнес шийдвэрээ гаргаад зах зээл дээр орж ирэх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү хуульд давхар бүртгэлийн асуудал тусгагдсан бий. Тодруулбал энд бүртгэлтэй компани гадаад, гадаадад бүртгэлтэй компани Монголд хувьцаа босгох боломжтой болсон. Ингэснээр гадны капитал татах боломжтой болж байгаа юм. 

-Гэхдээ, үнэнийг хэлэхэд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайнгүй байгаа юм биш үү. Нэг үе  өдөртөө 100 саяын арилжаа хийдэг байсан бол одоо жижигхэн дэлгүүрийн орлогоос бага арилжаа хийж байна?

-2011 оны үед Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байсан. Тэгвэл өнөөдөр улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сул байна. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж буй юм. Хөрөнгийн зах зээлийн таагүй байдалд макро эдийн засгийн орчин нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд сайжирч байгаа.

-Лондонгийн хөрөнгийн биржийнхэн таны бодлоор хэр сайн ажилласан бэ?

-Лондонгийн хөрөнгийн биржийнхэн ч, манай баг ч сайн ажилласан. Хөрөнгийн биржийн захирлаар ирэхдээ би өөртөө дөрвөн зорилго тавьсан. Түүнийгээ биелүүлсэн гэж бодож байна. Түүнээс хүмүүсийн хэлдгээр зугатчихсан юм биш. Х.Алтай биш байлаа гэхэд хэн нэгэн энэ шинэчлэлтийг хийх ёстой байсан шүү дээ. Магадгүй хэн ч байлаа гэсэн энэ хардлага, шүүмжлэлд өртөх байсан байх. Миний хувьд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчилж, хууль эрх зүйн орчин сайжруулна гэсэн зорилгодоо хүрсэн. Зорилгоо биелүүлсэн учраас явсан. Магадгүй хийсэн ажлын маань үр дүнг харахад тодорхой хугацаа хэрэгтэй байх. Мэдээж өргөс авсан юм шиг асуудал нэг өглөө бүх асуудал сайхан болчихгүй. Тэвчээртэй, жаахан хүлээчих. Тэгээд дараа нь үр дүнг нь хэлэлцээрэй.

-Харамсалтай биш гэж үү, хийсэн ажлынхаа үр дүнг үзэлгүй замын дундаас буцахад. Та МАН-ын гишүүн болохоор АН-ынхантай хамтраад ажиллах бэрхтэй байсан байж ч болох юм?

-Хэн нэгний шахалт дарамтаас болж ажлаа өгсөн юм биш. Хийх ёстой бүхнээ хийсэн. Зорилгоо биелүүлсэн. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэлийг тавилцлаа. Энэ хангалттай тайлбар биш гэж үү. Гэхдээ үл ойлголцол байсныг нуухгүй. Ажил хийхэд төвөгтэй  хавчаад, хардаад байгаа юм шиг нэг тиймэрхүү үл ойлголцол байдаг шүү дээ.

-Төрийн өмчийн хорооныхонтой юу?

-Тэгж хэлж болно.

-Лондонгийн биржтэй байгуулсан мастер гэрээ ТӨХ-нд байхгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-ТӨХ-ны хариуцлагагүйтэй холбоотой байх. Гурван хувь гэрээ байгуулж, нэг нь ТӨХ-д, нөгөө нь Лондонгийн Хөрөнгийн бирж, нөгөө нь Монголын хөрөнгийн биржид үлдсэн. Монголын хөрөнгийн биржийнх эх хувиараа байгаа. Тэгэхээр ТӨХ-ныхны шууд хариуцлагын асуудал байгаа биз дээ.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Би хуульч хүн.

-Та С.Баярын шадар туслах байсан биз дээ. Тэр хүний нэр нөлөөгөөр таныг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал боллоо гэсэн яриа одоо хүртэл  яригддаг?

-Тиймээ. Гэхдээ тэр хүний шууд нөлөөгөөр би энэ албан тушаалд томилогдоогүй. Тэр хүний туршлага, чадвараас суралцсан гэвэл үнэн. Харин тэр хүний нэр нөлөөгөөр энэ ажилд томилогдоогүй гэдгээ хэлмээр байна.

-Та одоо юу хийж байна?

-Гэртээ амарч байна. Жаахан амармаар санагдаад. Хоёр хүүхдээ хичээл сургуульд нь зөөсөн шигээ л явж байна.

-Залуу хүн гэртээ удаан суугаад байхгүй байлгүй?

-Санхүүгийн зохицуулах хорооны даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Англи-Монголын худалдааны аж үйлдвэрийн хүндэт ерөнхийлөгчийн ажилтай. Мэдээж, зүгээр суугаагүй.

-Намынхаа ажилд хэр оролцож байна?

-Нэг их идэвхтэй оролцсон юм алга. Хааяа намынхаа байраар ороод, уулзаж, ярилцаад л явж байна.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж