А.Баатархуягийг дахин шалгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

А.Баатархуягийг дахин шалгахаар боллоо

Байгаль орчны сайд Л.Гансүхийн нэхэмжлэл­тэй сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хэр­гийг өчигдөр 09.30 цагт Нийслэлийн давж заа­л­дах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг шийд­вэрлэхэд нотлох баримт хангалтгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа. Хүний нэр төрд санаатай халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан А.Баатархуягт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Харин хяналтын прокурор нь дээрх шийдвэрийг эсэргүүцэн яллах баримт бүрдсэн гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Харин шүүх хяналтын прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэв.

Сэтгүүлч А.Баатархуяг сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээ байгуулсныхаа төлбөрт Зайсанд өндөр үнэтэй хаус худалдаж авсан хэмээн бичжээ. Үүнийг сайд Л.Гансүх   худал мэдээлэл хэмээн няцааж “Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн аж. Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, улсын яллагч Д.Үүлэн, нэхэмжлэгч талаас Байгаль орчны сайд Л.Гансүхийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч талаас сэтгүүлч А.Баатархуягийн өмгөөлөгч С.Хишигбат нар шүүх хуралд орол­цлоо. Хяналтын прокурор эсэргүүцэл бичсэн учир шүүх хуралдаанд Л.Гансүх, А.Баатархуяг нар  оролцоогүй, шүүх хурал хаалттай болсон юм. Уг хэргийн эргэн тойрон дахь асуудлаар сэтгүүлч А.Баатархуягийн өмгөөлөгч С.Хишигбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэн ч шүүх өөрөөр үзэж байна. Нэг үгээр бол хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэдэг шийдвэрийг шүүх хоёр дахиа гаргалаа. Үүний үндэслэлийг шүүх юу гэж тайлбарлаж байна вэ?

-Нотлох баримт хангалттай бүрдсэн гэж  Хяналтын прокурор эсэргүүцэл бичсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан үндэслэлийг тодруулахгүй юу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэж үзсэн. Ерөнхийдөө шинжээчийн дүгнэлттэй холбоотой таван заалт байгаа. Тухайлбал, тухайн хаус 165 сая төгрөгийн үнэтэй эсэхэд үзлэг хийх гэх мэт. Нууцтай холбоотой асуудал учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга гэв.

Мөн сэтгүүлч А.Баатархуягтай холбогдож дээрх асуудлаар тодруулахад “Би өөрийн биеэр шүүх хуралд суугаагүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна. Мэдээж намайг яллах хангалттай нотлох баримт бүрдээгүй учир нэмэлт ажиллагаа явуулахаар болсон болов уу” гэх хариулт өгч байв.

Байгаль орчны сайд Л.Гансүх “А.Баатархуяг 2010 оны гуравдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” гэсэн нийтлэлдээ БОАЖ-ын сайд намайг сая долларын байшинд амьдардаг гэж гүтгэлээ. Тиймээс түүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх утгатай  өргөдөл гаргасан  байна.  Цагдаагийн байгууллагаас өргөдлийн дагуу шалгаж, прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэхэд хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн асуудлыг иргэний журмаар шийдүүлэхээр буцааж байв. А.Баатархуягийн дээрх нийтлэлийн “Олонх нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтэлээ “цусалж” байна, “АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая долларын үнэтэй байрандаа айлсаад л…” гэсэн хоёр өгүүлбэр өөрийг нь гутаан доромжилсон гэж  үзэж байгаа аж.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж