Серена Уильямс “Dubai Open”-г тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Серена Уильямс “Dubai Open”-г тэргүүлж байна

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн(WTA) ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна.

14 дэх удаагийн “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээний шагналын сан 2 сая ам.долларт багтжээ.

Тус тэмцээнийг дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс тэргүүлэн тоглож байна. Тэрээр хоёрдугаар тойргоос тоглолтоо эхлүүлж, ОХУ-ын Екатерина Макароваг 7:6, 6:0-ийн харьцаагаар буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Нэг цаг 37 минут үргэлжилсэн тоглолтын эхний сетэд 2:5-аар хожигдож явсан Серена тоглолтыг эргүүлж, 7:6-аар өөрийн болголоо. Удаах сетийг 6:0-ийн харьцаагаар нэг ч гэм алдалгүй дуусгаснаар шөвгийн наймд шалгараад байна. Чехийн Лусия Сафаров, тавд эрэмбэтэй тоглож буй Сербийн Елена Янкович нарын хэн хожсон нь Серенатай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.

Өнгөрөгч долоо хоногт өндөрлөсөн Катарын нээлттэй тэмцээнд оролцсон БНХАУ-ын Ли Нагаас бусад шилдгүүд Дубайд өрсөлдөж буй. Тухайлбал, хоёрт эрэмбэтэй Польшийн Радваньска, Чехийн Петра Квитова(3), Италийн Сара Эррина(5) нарын шилдгүүд эхний учраагаа давж, шөвгийн 16-д шалгараад байна.

Харин хоёрдугаар тойрогт оноолт таарсан Сербийн Ана Иванович, АНУ-ын Винус Уильямс нарын тоглолт олны анхаарлын төвд байна. Винус Уильямс өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Дубайн нээлттэй тэмцээний эхний тойрогт Чехийн Петра Квитовад ялагдсан.

14 дэх удаагийн “Dubai Duty Free Tennis Championships” тэмцээний нийт шагналын сан хоёр сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх ням гаригт /02.22/ тодорно.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж