Хонгор нутгийн хөгжлийн хурдасгуур

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Хонгор нутгийн хөгжлийн хурдасгуур

Хонгор нутгийн хөгжлийн хурдасгуур
-Шинэ сум төслийн түүчээ бүтээн байгуулалт
Баянхонгор аймагт өрнөж байна-

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтыг хэвлэл мэдээллийн салбарынхан нүдээр үзэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайд Х.Баттулга, Дэд сайд Ц.Туваан, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ҮХАА-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганнибал болон албаныхантай хамт Хонгор нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Томилолтын хугацаанд Баянхонгор аймгийн хоёр суман дахь "Шинэ сум" төслийн талбай дээр очсоноос гадна, мянган тэмээтэй айлаар орж, ҮХААЯ-ны Удирдах зөвлөлийн хурал, Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой талаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Хотоос 800 гаруй км-ын тэртээ Баянхонгор аймгийн Бууцагаан сум биднийг хүлээн байлаа. Энэ сум 3500 гаруй хүн амтай аж. Одоо үед хөдөө, орон нутгийнхан дээхэн үеийг бодвол элгэмсүү байдал нь өөрчлөгдөж, холоос ирсэн гийчинд хоол, унд барин суух нь ховордож, зах зээлжсэн гэдэг. Тэгвэл Бууцагаан сумынхан хотоос ирсэн гийчдийг элгэмсүү хүлээн авч, нутаг орондоо баригдаж байгаа шинэ сумтай танилцуусан юм.

Шинэ сум эхний ээлжинд зургаан обьекттой болно

Сумыг шинэчлэх ажил одоогоор Баянхонгор аймгийн хоёр сум, Дорноговь аймгийн Замын-Үүдэд хэрэгжиж байгааг сануулъя. Энэ онд 16 аймгийн  сумыг ийм маягаар шинэчлэх юм. Бууцагаан суманд оройтож очсон ч гэрэлтүүлэг болсон цэмцгэр "хот" угтав. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд яг энэ сумынхтай ижил зураг төсөл, санхүүжилтээр “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа. Нэг зураг төслөөр бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн үг. Бууцагаан дахь "Шинэ сум" төсөл нийт 13500 м2 газрыг хамарч байгаа ажээ. Нутгийн иргэдэд найдвар төрүүлсэн энэ цогцолборт нийт зургаан обьект буюу 150 хүүхдийн цэцэрлэг, 180 ортой дотуур байр, 620 хүүхдийн бүрэн дунд сургууль, 250 хүний суудалтай спорт заалны барилга, захиргааны байр, эмнэлэг байх юм гэсэн. Хоёр суманд нийт  29 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тогтсон ч одоогоор 20.9 тэрбум төгрөг өгсөн гэдгийг Канад модон барилгын ажлыг хариуцан авсан “Ти Ти энд Би” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэдэнсодов хэлсэн юм. Шинэ сумын бүтээн байгуулалтын барилгын ажилд хоёр сумын хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 1300-аад иргэд ажилласан байна.

Бууцагаан суманд дотно, гадуур нь тойрсон авто зам зогсоолтойгоо нийлээд нэг км орчим тавигджээ. Шинэ сумын дэд бүтэц, гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссан, одоо барилгын дотор засал хийж байгаа аж. Бүтээн байгуулалтад шаардлагатай зарим нэг зүйлээ орон нутгаасаа шийдэж байгаа гэх. Тухайлбал, замын бродеур, инженерийн шугам сүлжээнд шаардлагатай тагийг эндээ хийж бэлэн болгож байгааг төслийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн хэлсэн юм.  Шинэ сумын бүтээн байгуулалт ерөнхийдөө Канадын модон барилгын технологийг ашиглаж байна.

Канад модон технологийн онцлог

Одоо хүйтний үед шинэ сумын барилгын ажил үргэлжилсээр 80 орчим хувьтай байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм гэсэн. Манай улсын хувьд барилгын салбар улирлын онцлогоос бүрэн хамаарч, өвөл хийсэн цемент, цутгалтын ажил бүтэлгүйтэж, барилгын норм дүрмийг хангаж чаддаггүй тул зам, барилгын ажил бүрэн зогсдог. Тэгвэл уг Канадын модон барилгын технологийг шингээсэн барилгыг өвөл барьж буйгаараа оновчтой болохыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд Ц.Туваан онцолж байсан. Хэдий тийм боловч хүйтний үед гадаа ажиллахад барилга дээр багагүй хүндрэл гарч байна лээ. Жишээ нь, ажилчдын барьж буй багаж хэрэгсэл хүйтэнд амархан эвдэрч гэмтэх, тог цахилгааны кабель хөлдөж, хугарах жишээний хүндрэл бэрхшээл их гардаг байна. Энэ нь жижиг асуудал мэт боловч барилгын явцад багагүй хугацаа шаарддаг ажээ. Барилгын дотор ороход модон барилгын онцлогийг илтгэх дулаахан байх бөгөөд илүү дутуу зүйлгүй, даруухан зураг төслөөр баригдсан харагдлаа. Барилгын дотор гал гарлаа гэхэд, галын хамгаалалтын төхөөрөмж автоматаар эргэж, ус цацруулна. Канадын модон байшингийн энэ хамгаалалтын технолонгигүйгээр Канадад ямар ч барилгыг хүлээж авдаггүйтэй адил ийм туршлагыг Монголд цаашдаа  нэвтрүүлэх юм гэсэн. Нэг модон хавтан нэг цаг галаас хамгаалдаг бөгөөд энгийн хятад хадаасаар хадаж боломжгүй, Канадаас ирдэг зориулалтын хадаасаар хаддаг байна. Тиймээс манайх үйлдвэрлэгч орон биш тул гаднаас бараа, материалаа авахаар барилгын ажлын явц удахад нөлөөлж байгаа гэж барилгачид нь хэлсэн. Шинэ сумын нийт зургаан обьектын байрлалыг тохиолдлоор сонгоогүй юм байна. Хоёр модон байшингийн дунд нэг бетонон байшин барих шийдэлтэй гэсэн. Бетонон байшинд халуун усны газар, цэвэр, бохир усны шийдэл байх ажээ. Галын аюулгүй ажиллагааг хангах гэж модон байшингийн дунд байрлуулж, муугаар бодоход нэг модон байшинд гал гарахад нөгөө корпус руу дамжуулахгүйн тулд ийнхүү шийдсэн байна. Үүн дээр нэмэгдээд, барилгын норм дүрмээр бол 20 орчим метр урт байшин барьж болохгүй гэдэг учраас дунд нь ийнхүү зааг гаргажээ.

Шинэ сум төсөл нутгийн иргэдэд багагүй найдвар төрүүлж, хөдөө газар ч орчин үеийн орон сууцанд суух боломжтой гэсэн арга туршлагын түүчээ болж байна.Гагцхүү санхүүжилтийн хувьд зөрүүтэй мэдээлэл дуулдаж байна. Анхнаасаа хоёр сумын “Шинэ сум” төсөлд 29 тэрбум төгрөг төсөвлөнө гэж байсан  ч 20.9 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх юм. Барилгын ажилчид хамгийн хямд зардлаар барихыг хичээж байгаа ч хөрөнгө мөнгө эрхгүй дутаж байна гэж тайлбарлах юм. Мөн сумын газар зүйн байршлаас хамаарч харилцан зохистойгоор хөрөнгө мөнгийг төсөвлөх хэрэгтэй байгааг компанийх нь удирдлагууд хэлсэн. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг суманд Шинэ сум байгуулж буй бөгөөд хилтэй ойр учраас түүхий эд, материал татахад Бууцагаан сумыг бодвол харьцангуй хямд болох боломжтой гэнэ. Шинэ сум төсөл  гэхээр л хаа хамаагүй нийтэд н нэг үнийн дүнтэй санхүүжилт төсөвлөх биш, газар орны байршлын онцлогийг бодолцож,  тал бүрийн саналыг тусгаж шийдэх хэрэгтэй болжээ. Ямартай ч Хонгор нутгийн хөгжлийн хурдасгуурыг бүтээн байгуулалтаас хүлээж байна.

Үргэлжлэл бий…


У.БОЛОР




 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж