Ванесса Мэй Сочигийн замд уралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Ванесса Мэй Сочигийн замд уралдлаа

Фото: Alexis Boichard / Agence Zoom / Getty Images / Fotobank
 

Олон улсын цанын холбооноос олгосон эрхийн дагуу нэрт хийлч Ванесса Мэй Сочигийн замд уралдлаа.

14 настайгаасаа цанын спортоор хичээллэсэн түүний хувьд хийлийн гайхалтай тоглолтоороо дэлхийн нийтийн сайн танил. Хөгжмийн ертөнцийн алдарт бүсгүй ийн багын мөрөөдлөө биелүүлж, Тайландын нэрийн өмнөөс өчигдөр өвлийн олимпийн наадмын уулын цанын төрөлд /слалом/ өрсөлдлөө. Энэ төрөлд Словений Тина Мейз 2:36.87 минутийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Австрийн Анна Феннингер, Германы Виктория Ребенсбург нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. Ванесса Майгийн хувьд 3:26.97 минутын амжилтаар 67-р байр эзэлжээ. Их Британий иргэн болсон ч Тайландын нэрийн өмнөс олимпод уралдсан Ванесса Мэй олимпийн замд аавынхаа Ванакорн нэрээр оролцсон юм.

Энэ төрлийн эхний гараанд 90 тамирчин оролцсон ч 74 нь шигшээ уралдаанд оролцох эрх авчээ. Ванесса Май 1:44.86 минутын амжилтаар хамгийн сүүлийн байраар шигшээ уралдаанд шалгарсан байна. Шийдвэрлэх уралдаанд 67 тамирчин барианд ороход Май 3:26.97 минутийн амжилтаар мөн л сүүлийн байранд оров. Тэрээр алтан медаль хүртсэн Словений Тина Мейзээгээс 24.21 секундын алдагдалтай барианд оржээ. Тэмцээний дараа Ванесса Мэй "Олимпод оролцох нь л миний маш том зорилго байсан. Сочи бол миний анхны бөгөөд сүүлчийн олимпийн наадам" хэмээн ярьжээ.

Ванесса Мэй олимпийн наадамд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

Ванесса Мэй нэрийг мэдэх хүмүүс түүнийг алдарт хийлч, жижигхэн Паганини гэдгээр нь танина. Гэтэл тэрээр энэ жил 35 нас хүрч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд уулын цанын спортын төрөлд ихэнх цагаа зарцуулах болжээ.

Хийлч-тамирчин хэлэхдээ, дөрвөн настайгаасаа уулын цанаар гулгаж эхэлсэн ба төгөлдөр хуур тоглодог байжээ. Түүний эх Памела Николсон таван настайгаас нь хийл тоглуулахаар шийдэж, түүнд сургажээ. Сингапурт төрсөн тэрээр эхийнхээ хамтаар Англи улсыг зорьсон байна. Түүний эцэг Тайланд хүн юм. Ванесса Мэйгийн эх түүнийг цанаар гулгах, морь унахыг хориглож, хөгжимдөөл анхаарлаа хандуулах хэрэгтэйг зөвлөжээ. Гэвч Мэй морь унах хоригийг тэвчсэн нь цанаар гулгах сонирхлоо орхиогүй байна. Том болсон хойно ч хөгжим бол түүний хувьд нэгдүгээрт тавигджээ. Нэгэн удаа хэрэв цанаар гулгаж болох юм бол яагаад хөлдсөн нууран дээгүүр паралланаар нисч болдог юм бэ? гэж ээжээсээ асуухад “Хэрэв нисч яваад осолдон амиа алдлаа гэхэд бүгд урлагийн төлөө амиа зориуллаа гэж хэлнэ. Чамд зориулагдсан гашуудлын мэдээлэл түүхэн агуу хөгжимч гэж бичигдэх болно" гэж хариулжээ. Ванесса Мэйгийн ээж түүний менежерээр ажиллаж байсан бөгөөд 21 нас хүрээд тэрээр ээжтэйгээ гэрээ байгуулахаас татгалзсан аж. Тэр цагаас хойш тэд хоорондоо үг дуугараагүй гэдэг.

Ванесса концертаа орхиогүй ч цанаар хичээллэсээр байжээ. Тэрээр бүр олимпийн наадамд оролцох хүслээ ч хаяаагүй байна. Ванесса 2002 онд Солт-Лейк-Ситийн олимпийн наадамд Их Британий багт оролцох хүсэлтэй байсан ч чадаагүй. Учир тус улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцохын тулд эхний 30 байрт шалгарч байж оролцох байсан болохоор Үндэсний олимпийн хороо нь татгалзжээ. 2010 онд дахин олимпийн наадамд оролцох хүсэлтэй байсан тэрээр бэлтгэлээ орхисонгүй. Харин түүнд Тайландын нэрийн өмнөөс Сочигийн наадамд уралдах эрхийг өгчээ. 

Олон улсын холбооны журмын дагуу топ-500 цаначдын жагсаалтад байдаггүй улс олимпод нэг нэг эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчинг илгээж болдог байна. Гэхдээ тэдэнд 140 оноо байх ёстой. Тэр оноо нь уулын цанад бага байвал чансаа өндөр гэгдэнэ. Мэй Тайландын нэрийн өмнөөс 2013 оноос хойш уулын цанад оролцож FIS чансаанд 3166 -гаас 2253-д бичигдэх болжээ. Тэрээр Тайландын багт эцгийн  Ванакорн нэрээр оролцож Норвеги, Швед, Итали, Словенид болсон тэмцээнд оролцсон байна. Ийнхүү тэрээр олимпийн эрхийг нилээд олон шалгуураар авчээ. Уулын цаныг өөрийн хобби гэж үздэг Мэй шилдэг тамирчидтай дээд төвшинд өрсөлдөх хүсэлтэй гэж хэлж байсан ч тэмцээний өмнө “Би тэдэнтэй өрсөлдөхгүй. Харин тэдэнтэй хамт гулгах хүсэлтэй байна.” гэж ярилцлагадаа өгүүлжээ.

Шигшээ уралдааны дараа тэрээр тэргүүлэгчээс 26.98 секундийн хожигдолтой барианд орсон юм.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж