
-Бага ангийн багш гэдэг хариуцлагатай бас ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам бяцхан хүүхдүүдэд эрдэм заана гэдэг их тэвчээр шаардсан мэргэжил шиг санагддаг. Та ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Бага ангийн багш болох нь миний багын мөрөөдөл. Миний багш А.Төмөр гэж хүн бүр дуураймаар их сайхан хүн байлаа. Хичээл заахдаа чин сэтгэлээсээ ойлгуулахыг хичээдэг их шаргуу хүн байсан. Би одоо ч хичээл зааж байхдаа хааяа багшийнхаа заасныг боддог юм. Жишээлбэл, “Уушгинаас гарсан хийн урсгал ямар ч саадгүй гарахыг эгшиг авиа гэнэ” гэх тодорхойлолтыг огт мартдаггүй. Ингэж л анх багшийгаа харж багш болохыг чин сэтгэлээсээ хүсдэг болсон. Хүсэл маань ч биелж наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд явж, 1988 оноос бага ангийн багшаар ажиллаж байна. Миний хань цэргийн хүн болохоор Өвөрхангай аймгийн арван жилээс ажлын гараагаа эхэлсэн. Анх багш болчихоод хүмүүс намайг голох вий гэж ихэд хичээж ажилладаг байлаа. Жирэмсэн болсноо хүртэл ажил цалгардуулж байгаа юмшиг ичдэг, айдаг байв. Одоо бодоход ажилдаа тийм л их дуртай, хайртай байж дээ.
-Таны багшаар ажилласан он жилүүд багагүй урт хугацаа. Хүний насаар бол аль хэдийнэ насанд хүрсэн гэсэн үг. Энэ 30 орчим жилийн хугацаанд хамгийн их догдолж баярлаж, бас шантарч өөрийгөө голж байсан үеэ дурсахгүй юу?
-Анх хөдөө багшаар очиход яаж ч хичээл заагаад ойлгодоггүй гурвын зэрэг хүүхэд байсан. Тэр үед багш хүнд яах ч аргагүй үед хэрэглэх “шидэт үрэл” гэж байдаг болоосой гэж хүртэл боддог байлаа. Залуу, дөнгөж сургуулийн ширээнээс ирсэн болохоор бүхнийг амраар төсөөлдөг байж. Шидэт үрлийн тухайд зарим хүнд инээдтэй сонсогдож байж магадгүй ч, шавь нараа сайн сургах чин хүсэл тэр үеийн багш нарт үнэнхүү байсан юм шүү гэдгийг хэлэх гэснийх юм. Ангид сурлагаараа хоцрогддог хүүхэд байна гэдэг багшид нэг талаар сайнаар нөлөөлдөг. Тийм хүүхдүүд багшийгаа хурцалж, ур чадвартай болгодог. Амьдрал дээр гараад ч ийм хүүхдүүд багшдаа, багш нь хүүхэддээ хайртай болчихдог юм. Миний санаж байгаагаар “шидэт үрэл” өгөхийг хүсээд байсан хүүхдүүдийн нэг Бат-Эрдэнэ гэж хичээлдээ ирдэггүй, тэр үеийн ойлголтоор хэцүү хүүхэд байсан. Захын хороололд байдаг гэрт нь би олон ч очсон доо. Саяхан, жилийн өмнө тааралдсан. Цагдаагийн офицер, том залуу болсон байна лээ. Энэ мэтээр надаар “А” үсэг заалгаж байсан шавь нар маш сайн сайхан явж байгааг харах нь багш, тэр дундаа бага ангийн багш хүний жаргал байдаг юм. Одоогоор би найман удаа нэгдүгээр анги төгсгөж нийт 500 гаруй шавь бэлтгээд байна. 40 хүүхэдтэй зэрэг харилцана гэдэг дуу чимээ ихтэй яасан хэцүү юм бэ дээ гэж бага залуудаа шантарч байсан үе бас бий бий. Харин сургуулиас гараад явахаараа л хүүхдүүдийн маань хэлж, ярьж байсан нь нүдэнд харагдаад, инээд хүрээд байдаг юм. Би гэртээ ч хүүхдүүдээ их ярьдаг шиг байгаа юм. Манай нөхөр хүртэл манай ангийн хамгийн дэггүй хүүхдүүдийн нэрийг мэддэг болчихсон байх жишээтэй. Боломж гараад хувиараа өөр ажил хийе гэж бодсон ч тэгж огт зүрхлэхгүй болтлоо хүүхдүүддээ дасчихдаг юм. Хүн дуртай зүйлээ хийж байж амьдралын аз жаргалын мэдэрдэг гэдэг л энэ байх.
-Бага ангийн хүүхдэд хичээл зааж, ойлгуулна гэдэг багшаас чадвар, бас ур дүй шаардах нь мэдээж. Та хичээл заахдаа ямар арга барил ашигладаг вэ?
-Хүүхдийн мэддэг орчинтой холбож хичээлээ заадаг. Хөдөө амьдардаг хүүхдэд бол мал ахуйтай холбож хичээлээ тайлбарлах жишээтэй. Мөн хүүхдийг гэрийнхнээсээ хэндээ илүү хайртайг судлах нь бас их чухал. Ер нь багш хүн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл дээр суурилж байж л төгс багш болдог шиг санагддаг. Хичээлээ эхлэхдээ 40 хүүхдийнхээ нүдийг бүгдийг хардах хэрэгтэй. Арай гонсгор байгаатай нь тулж тусгайлж харилцахыг боддог. Хэрвээ нэгдүгээр ангиас нь хүүхдүүдээ нэг төвшинд аваад явбал асуудал үүсдэггүй. Зарим багш, эцэг эх энэ сайн, энэ муу гэхчилэн хүүхдийг ялгаж дүгнэдэг. Энэ маш буруу. Хүүхдийг хэрэв муу гээд л цоллочих юм бол урвайгаад л ирнэ. Харин эсрэгээр нь “чи чадна аа”, “сайн байна” гэж урамшуулж байх хэрэгтэй. Жишээ нь, одоо миний дааж байгаа ангийн нэг хүү нэлээд удаан. Эцэг эх нь ч манай гурвын хамгийн муу нь гэж хэлдэг байсан. Яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж би гонсойдог байсан. Гэтэл одоо тэр хүү ангийнхнаасаа олимпиадад хамгийн амжилттай оролцдог нь болсон. Тэр хүү дуу муутай байсан болохоор эцэг эхдээ тэгж дутуу үнэлэгдэж байж л дээ. Тэгэхээр хүүхдийг “Чи муу, чи чадахгүй, чи л манай гэрийн муу нь гэж” хэлж огт болохгүй. Тэгэх юм бол урам нь улам л хугарна. Гэхдээ хүүхдийг магтах хэрэгтэй гээд худлаа магтаж бас болохгүй. Хүүхэд үүнийг анддаггүй юм. Муу байгааг нь, ахиж байгааг нь үнэнчээр хэлж урамшуулж байх хэрэгтэй. Би уран уншлага дээр сайн уншиж байгаа хүүхдийг багшаасаа илүү уншлаа, арай тааруухан байгааг нь багш шигээ л уншлаа гэж урамшуулдаг юм. Манай ангид “би муу” гэдэг хүүхэд байдаггүй. Хүүхэд бүр өөрийгөө ангийнхаа мундаг нь гэж боддог. Хүүхдүүдийнхээ асуултад би сэтгэлээсээ хариулахыг хичээдэг. Нэг зүйл асуугаад ирэхэд нь мэдэхгүй гэдэг ч юм уу, эсвэл загнаад явуулчихвал дахиж асуухаар ирэхгүй шүү дээ. Багш шавийн ийм харилцааны гол холбоос нь өнөөх сэтгэл шүү дээ. Сэтгэл дээр суурилсан харилцаан дээр зөвхөн итгэлцэл л үүсдэг. Итгэлцлээс өөр юм багтах орон зай ч тэнд гардаггүй.
-Та шавь нараа хичээлдээ сайн болгохоос гадна сайн хүн болгож төлөвшүүлэхэд их анхаардаг юм шиг санагдлаа. Энэ талаар ярихгүй юу?
-Хүүхдийг өөрийг нь хайрлаад л байвал хариу хайрлаад л байдаг. Зөвхөн номонд дуртай бол тийм сайн хүүхэд, бас сайн төлөвшил биш. Ёс зүй, ухамсар, гэрийн хүмүүжил, сэтгэл муутай хүүхэд сурсан бүх эрдмээ муу зүйлд л ашиглана. Тэгэхээр хүүхдийг зөв, сайн, хүнлэг сэтгэлтэй хүн болгож төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг нь манай сургуулийн онцлог. Манай сургууль өдөр бүр “Би сайхан сэтгэлтэй, саруул ухаант, эрүүл монгол хүн болно” гэсэн уриаг хэлж, төрийн дууллаа дуулж хичээлээ эхэлдэг. Бас манай сургуулийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа шүлгээ цээжилж уран уншиж сурдаг. Биднийг сургуульд байхад гэртээ шүлэг цээжил гэдэг. Манайх бол монгол хэлнийхээ хичээл дээр шүлгээ давтаад цээжлүүлдэг. Хүүхдүүд бие даагаад гэртээ бас шүлэг цээжлээд ирдэг. Ингэснээр хүүхэд олон талаараа хөгжиж, өөртөө итгэлтэй биеэ даасан хүн болож төлөвшдөг. Хүүхэд хэрэв оюун ухааны сааталгүй бол бүх зүйлийг сурна. Хүмүүс цэцэрлэгээс сэргэлэн ирснийг нь сайн, даруухныг нь муу гэж дүгнэж болохгүй гэдгийг манай сургуулийг үүсгэн байгуулсан гавьяат Нэргүй багш бидэнд бичигдээгүй хууль мэт дархалж үлдээсэн юм. Ер нь хүүхэд бол хүн бүрт хайрлагдах гэж заяасан бурхны бэлэг. Тэд ерөөсөө хайрлахгүй байхын аргагүй занг урдаас гаргадаг. Тийм учраас багш хүн хүүхэд бүртэй яг өөрийн хүүхэд шиг харилцаж байх хэрэгтэй.
Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургуулийн Ч.Болорсайхан багштай 5а ангийн 43 хүүхэд таван жилийн хугацаанд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийн хүүхдүүдээс ч өндөр амжилт гаргаж, ангиараа сургуулийнхаа нэгэн шинэ түүхийг бичжээ. Тодруулбал, энэ ангиас дөрвөн жилийн дотор 44 олимпиадад оролцсоноос давхардсан тоогоор 198 удаа 1-3 байр, 126 удаа алт, мөнгө хүрэл медаль авчээ. Нийтдээ энэ ангийнхан давхардсан тоогоор 330 медаль хүртсэн байна. Хүүхдүүдийг ингэж тоонд сонирхолтой болгох аргачлалыг Ч.Болорсайхан багш “Математик эзэмшүүлэх арга” гэсэн өөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж сургасан бөгөөд хичээлээ ч тэгж заадаг байна. Түүний энэ туршлага нь сурах бичиг болон хэвлэгдэж, зарим сургуулийн багш хичээлдээ ашигладаг болжээ.
-Математикийн хичээлд хүүхдүүд дуртай гэхээсээ төвөгшөөж, аль болох зугтаадаг. Харин та яаж хүүхдийг энэ хичээлд дуртай, бүр ангиар нь амжилттай сурахад нөлөөлсөн бэ?
-Би хорь гаруй жил багшлахдаа сүүлийн арваад жил математикийн хичээлийг голчилж зааж байгаа. Яагаад гэхээр, математикт сайн хүүхэд бусад хичээлдээ муу байна гэж байдаггүй юм. Монгол хэлний дүрмээ математикийн зүй тогтлоор бодоод сайн ойлгодог, биеийн тамир дээрээ хөдөлгөөний эвсэл сайтай байх жишээтэй. Одоо миний ангийн 43 хүүхэд бүгдээрээ ямар нэгэн олимпиадад орсон, үзүүлсэн амжилтаараа сургуулийнхаа түүхэнд байгаагүй амжилт гаргаад байна. Миний хүүхдүүд математикийн гүнзгий сургалттай ангийн хүүхдүүдээс ч давсан. Би хөдөө ажилладаг байхдаа дөрөв, таван хүүхдээ олимпиадад бэлтгээд үлдсэнийг дагуулаад явдаг байсан. Харин 2007 онд 93 дугаар сургуульд ажиллахаар ирэхэд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэсэн уриатай байсан нь надад нөлөөлсөн юм. Энэ бол манай сургуулийн гавьяа. Намайг анх 93 дугаар сургуульд ирээд дааж авсан гуравдугаар ангид Бадрал гэж хүү байсан. Нэг удаа нэг тоог тэр хүү огт өөр аргаар бодчихоод надад үзүүлсэн. Хариу нь яг зөв, харин ч тэр хүүхдийн бодсон хувилбар илүү оновчтой санагдсан. Яах аргагүй түүний зөв байсан учир би их эвгүй байдалд орсон. Тэндээс л тоог олон талаас нь “мөлжиж” байхаар шийдсэн юм. Тэр үеэс хойш би анги руугаа орох бүрдээ тоог олон аргаар яаж бодох вэ гэж эрэлхийлдэг болсон. Эндээс “Олон бодлого бодох сайн боловч нэг тоог олон аргаар бодох нь илүү сайн” гэдгийг сургалтынхаа зарчим болгосон. Одоо шавь нартайгаа нийлээд нэг бодлогыг тал талаас нь “мөлжиж” өгнө шүү дээ. Математикийн сайн багш нар I, XI, “Сант” “Олонлог” сургуульд байдаг. Гэхдээ тэнд багш нар тоог хоёр, гурван аргаар л бодуулдаг. Миний хувьд нэг бодлогыг тултал бүх аргаар бодуулахыг эрмэлздэг. Манайхан тоо, бодлого, томьёо гэхээр л хүүхэд, эцэг эхчүүд айгаад эхэлдэг. Энэ бол буруу, бодлогыг зүгээр л энгийн амьдрал, өдөр тутмын хийж байгаа зүйлстэй холбож тайлбарладаг. Би стандарт бус буюу сэтгэхүйн бодлогыг бага ангийн хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах аргыг удаан эрэлхийлсний эцэст “Сэтгэн бодох бодлого, зөвлөмж бодлого” номыг 2006 онд гаргасан. Хүүхдийг сэтгэлгээг задалж өгөхөд гаднын сургалтууд илүү анхаардаг юм билээ. Харин бид хэдэн тоог бодуулах гээд л зүтгээд байдаг нь учир дутагдалтай. Тоог бодож зөв хариуг нь гаргахаасаа өмнө хүүхдийн сэтгэхүйг задлах илүү чухал. Энэ нь ч хүүхдэд цаашид сурах арга барилыг суулгаж өгдөг онцлогтой.
БШУЯ-наас сургалтын “Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” шинэчилсэн хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд анх дөрвөн жишиг сургууль дээр туршиж үзсэн бол өнгөрсөн оноос Нийслэлийн зарим сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний нэг нь 93 дугаар сургууль юм. Өнгөрсөн баасан гаригт тус сургуулийн 5а ангийн хүүхдүүд уран уншлага, ардын хөгжим, дуу, бүжиг, тоог олон аргаар бодох аргачлал, англи хэл гэх мэт сурч мэдсэн зүйлсээ эцэг эхчүүд болон бусад сургуулийн багш нарт танилцуулсан юм. Эцэг эхчүүд ч идэвхтэй иржээ. Бүгд л Ч.Болорсайхан багшид ам сайтайн дээр хүүхэд шигээ гэрийн даалгавар авч, ямар нэгэн үүрэг хүлээж байгаа харагдав. Сурагчдынхаа сурлагын явцыг эцэг эхчүүдэд ингэж “амьдаар” нь тайлагнадаг хэлбэрийг улирал тутам явуулдаг нь Ч.Болорсайхан багшийн сургалтын нэгэн онцлог юм байна.
-Хүүхдийг сайн сурахад эцэг эхчүүдийн оролцоо их чухал гэж багш нар хэлдэг. Гэтэл сүүлийн үеийн завгүй эцэг эхчүүдийг та яаж үгэндээ сайн оруулж, дуулгавартай болгож, хөдөлгөж чадаж байна вэ?
-Хүүхдэд нь чанартай боловсрол олгох гэж чадлаараа хичээж байхад цаг зав гаргадаггүй эцэг эх гэж байхгүй шүү дээ. Манай сургуулийн эцэг эхчүүд их дуулгавартай. Миний ангийн 43 хүүхдийн эцэг эхчүүдээс бидний тайлант шалгалтаас төвөгшөөж байсан хүн лав энэ таван жилд гараагүй. Тэгэхээр бага ангийн багшийн хамгийн сайн хамтрагч бол эцэг эх. Миний ангийн 43 хүүхдийн өнөөдрийн амжилтыг тулгын гурван чулуугаар зүйрлэбэл нэг нь яах аргагүй тэдний эцэг эх. Тэдэндээ би үргэлж баярлаж явдаг. Нэгэнт л хүүхдийг нь сайн хүн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор хүүхдүүдээ анзаарч байгаад аав, ээжид нь танай хүүхэд энэ чиглэлд арай дөмөг юм байна “төгөлдөр хуур, морин хуур, ардын дууны дугуйланд явуул” гэхчилэн зөвлөдөг. Эцэг эхчүүд ч дуртай хүлээж авч дэмждэг юм. Манай сургуулийн бүх анги л өөрийн гэсэн онцлогтой, бас амжилттай. Тэдэн дундаас өөрийнхөө ангийн тухайд хэлэхэд бид зөвхөн тоо бодоод, математикийн олимпиадад оролцоод явдаггүй.
Манай хүүхдүүд Монголынхоо алдартай зохиолчдын олон сайхан шүлэг найраглалыг цээжээр, уран унших чадвартай. Уншина, цээжилнэ гэдэг сэтгэх чадварын суурь болж өгдөг. IQ хөгжүүлэхэд нэлээд анхаардаг. Ангидаа зөвхөн ангийнхнаасаа бүрдсэн морин хуур, бүжиг, ардын дууны бие даасан хамтлагтай. Англи хэл, төгөлдөр хуур, шатар зэрэг олон төрлийн дугуйланд давхар суралцдаг. Ер нь хүүхдийн сурлагад авьяас чадварыг нээхэд ч эцэг эхийн дэмжлэг их чухал гэдгийг ээж, аавууд нь ч сайн ойлгодог. Би эцэг эхчүүдтэйгээ нээлттэй, чөлөөтэй ярилцдаг учир бие биеэ сайн ойлголцдог болохоор хэн хэндээ амар байдаг юм. Энгийн жишээ хэлэхэд би есдүгээр 1-нд цэцэг биш шоо авч ирэхийг эцэг эхчүүдээс хүсдэг. Тэр зарчмаар манай ангид янз бүрийн 60 гаруй шүү бий. Тэгээд шоо эвлүүлдэг хүмүүс авч ирээд хүүхдүүдээ заалгасан. Одоо манай ангийнхан зөвхөн зургаан талт шоог гэхэд хамгийн багадаа 2-3 минутад бүрэн эвлүүлж чаддаг болсон.
Надаар хичээл заалгасан хүүхэд, тэдний аав ээж нь баяртай явах л хамгийн том жаргал шиг надад санагддаг. Миний санаанаас огт гардаггүй нэгэн дурсамж бий. Өвөрхангай аймагт амьдардаг байх үедээ гэртээ орохоор явж байтал нэгэн эмээ намайг дуудаад “Сайн байна уу багш аа. Манай хүү их сайхан амьдарч байгаа. Танд баярлаж явдаг шүү” гэж хэлээд дэлгүүрт дагуулж ороод тухайн үедээ л үнэтэй байсан “Alpen Gold” шоколадыг авч өгч байсныг би огт мартдаггүй юм гэж Ч.Болорсайхан багш дурслаа. Эцэг эхчүүдийн эерэг харц, хүүхдүүдийн хайр, хүндлэлээс би их эрч хүч авдаг. Хэрэв маргааш үхэхээр байсан ч өнөөдөр цагаан самбарынхаа өмнө зогсч, хичээлээ заахад би бэлэн гэдгээ Болорсайхан багш цэргийн хүний гэр бүл гэдгээ батлах мэт андгайлж хэлэв. Үүнээс илүү сайхан үгийг ч тэр хэлэв. Бусдад хайрлагдах гэж ирсэн бурхны бэлэг-хүүхдүүдийг сайн хүн болгож төлөвшүүлэх ийм сайхан ажлыг аз жаргал болгож хийхгүй байхын аргагүй гэсэн нь Ш.Сүрэнжав найрагчийн “Нартад байхгүй Нандин сайхан алдар гагцхүү багш танд л заяажээ” гэх найргийн мөрийг санагдуулав. Тэр зөвхөн ангийнхаа хүүхдүүдэд л хичээл заадаггүй. Бусад сургуулийн эцэг эхчүүд аман яриагаар сонсч түүнд ханддаг учраас Ч.Болорсайхан багш өнгөрсөн намраас Сургалтын төвөө нээжээ. Энэ төвдөө амралтын өдөр болон сурагчдын улирлын амралтаар тусгай сургалт хичээллүүлдэг байна. “Сургалтад маань Зайсан, Баянзүрх дүүрэг гээд хаа холоос хүүхдүүд зорьж ирдэг учраас ганц ч гэсэн зүйлийг чанартай сургахыг хүсдэг. Ирээдүйд манай сургалтын төвд хичээлдээ хамгийн муу, тусламж хүссэн хүүхэдээ эцэг эхчүүд нь дагуулж ирээд инээгээд гараад яваасай гэж би хүсдэг” гэснээр бидний ярилцлага өндөрлөлөө.