АНУ-ын Насжилтийн хүрээлэнгийн Дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Арьяатай ярилцлаа. Түүнийг манай улсын шинжлэх ухааны салбар, түүний дотор угсаатны зүйн нэрт эрдэмтэн, академич, доктор профессор Ш.Бирагийн хүү гэдгийг хүн бүхэн мэдэхгүй байх.
-Та аавынхаа нутгаар овоглож байна уу, ер нь уугуул газар тань хаанах юм бэ?
-Би Улаанбаатарын уугуул иргэн. Энд дунд сургуулиа төгсөөд ЗХУ (хуучин нэрээр)-ын Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцаж, генетикч мэргэжил эзэмшсэн. Дараа нь Унгар, ОХУ-ын Молекул биологийн хүрээлэнд судлаачаар ажиллаж байлаа. 1991 оноос хойш АНУ-д ажиллаж амьдарч байна даа.
-Таны судалгааны сэдэв юу байна вэ?
-Хавдрын болон насжилтын үеийн дархлааны зохицуулгыг нарийвчлан судалж, өндөр настанд илүү үр дүн өгөөжтэй дархлаа, эмчилгээг бий болгохын төлөө судалгаа шинжилгээний ажлаа хийж байна.
Энэ чиглэлээр бичсэн 60 гаруй бүтээл маань олон улсын шинжлэх ухааны нэр хүндтэй хэвлэл сэтгүүлд нийтлэгдсэн. Хавдрын эсрэг суурь судалгаа, онолын 12 бүтээлдээ өөрийн патент авсан байгаа.
-Таныг 30 настайдаа биологийн ухааны доктор цолыг хамгаалсан гэж сонссон. Түүнээс хойш АНУ-д ажиллаж байгаа юм байна. Одоо таны ажилладаг АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгүүдэд харьяалагддаг Насжилтын хүрээлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-АНУ-ын Эрүүлийг хамгаалах яаманд (National institute of Helf) харьяалалтай, улсын төсвөөс бүх санхүүжилтийг нь хийдэг том байгууллага. Жилд 30 тэрбум ам.долларын санхүүжилт авдаг. Үүнээс АНУ төдийгүй дэлхий даяар эрүүл мэндийн салбарт хийж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төсөл хөтөлбөрийг ч санхүүжүүлдэг. Дээрх хөрөнгийн 80 хувийг үүнд зарцуулдаг байх жишээтэй. Үлдсэн хэсгийг нь дотоод (АНУ)-ын судалгаа шинжилгээг санхүүжүүлэхэд зориулдаг юм билээ. Энэ салбарт судалгаа явуулдаг том бага нийлсэн 27 хүрээлэн байгаа юм. Түүний нэг нь Мерилен мужид байдаг манай Насжилт судлалын хүрээлэн л дээ.
-Та энэ хүрээлэндээ хэр удаан ажиллаж байна вэ?
-Анх очоод Илинойсын их сургуульд дараа нь Кейнсийн их сургуульд ажиллаж байсан. 2003 оноос энэ хүрээлэндээ очиж, 2011 онд тасгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан болсон. Одоогоор манай тасаг таван судлаачтай цомхон багаар ажиллаж байна. Манай байгууллага хэдийгээр улсын төсвөөс санхүүждэг ч гэсэн бидний ажлын байр бол байнгынх биш л дээ. Тодорхой хугацааны гэрээтэй ажилладаг боловч маш цөөн хүнд ажлынх нь үр дүнг харгалзаж үзсэний үндсэн дээр Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр teoner-ын эрх олгодог. Энэ нь бүх насаараа цалинтай байх, тэтгэврийн нас заадаггүй урамшуулал юм л даа. Надад үүнийг олгосон.
-Таны өөрийн нэр дээр баталгаажуулсан 12 патентын нэгийг Андерсоны эмнэлэгт авч ашиглах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой ярьж болох уу?
-Миний патентуудын ихэнх нь хавдрын эсрэг дархлааг хэрхэн бий болгох, түүний үйлчлэлийг яаж өөрчилж болох вэ гэдэгт чиглэсэн байгаа. Дээхнэ үед цөсний хавдрын эсрэг вакцин гаргаж, амьтан дээр туршиж үзсэн. Ер нь патент гэдэг маань хэн ч өмнө нь туршиж судлах нь байтугай санаж сэрж, ярьж ч байгаагүй шинэ зүйлд л өгдөг баталгаа шүү дээ. Тэр цөсний хавдрын эсрэг вакцин бол тийм л шинэ зүйл байсан. Одоо түүний лицензийг Андерсоны эмнэлэг бодит амьдралд хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг.
-Та бүхэн хавдрын эсрэг дархлааг сулруулдаг эсийг нээсэн гэсэн. Энэ нь бас нэг патент уу
-Олон жилийн өмнө хавдрын дархлааны эсийн тусгай хэсгүүд идэвхжиж хавдрыг устгадаг гэж үздэг байсан. Гэтэл судалгааны явцад бас өөр эсүүд байдгийг судалж тогтоосон. Тэдгээр нь дархлааны эсүүдийг устгахгүйн тулд зохицуулалт хийж байдаг өөр хэсэг эс байна л даа. Энгийнээр тайлбарлавал, гэмт хэрэгтэнтэй тэмцэх цагдаа нарыг элсүүлж мөрдөх тагнах ажлыг хүчгүйдүүлж байгаа өөр нэг бүлэг этгээд байна гэсэнтэй адил юм. Судалгааны явцад зураг хараад байж байтал нөгөө хавдрын дархлааны эсээс арай өөр бүлэг эс илэрсэн юм. Түүнийг манай судлаач Пүрэвдорж гэдэг залуутай ярилцсан чинь, энэ В эс байна шүү дээ гэж байна. Үүнийг бид цааш судлахад В эс нь бусадтайгаа нэгдэж Т эсийг гаргаж хавдрын дархлааг бууруулдаг болох нь батлагдсан.
-Тантай хамт монгол эрдэмтэн ажилладаг юм уу?
-Тийм. Надад эрх нь байгаа болохоор би өөрийн багт заавал нэг монгол хүн байлгахыг хичээдэг.
-Үүнийг тань хүн төрөлхтний эрүүл мэндийн тусын тулд хийсэн шинэ нээлт гэж үзээд патент олгосон юм аа даа?
-Бид тухайн үед дөрвөн ч патент авсан. Хавдрын эсрэг вакцин маань яг өвчтэй хүн дээр үйлчлэл нь бага байдаг юм. Тийм болохоор арай идэвхтэй, хялбар болгохын тулд нэг арга олсон. Үүнийг л Андерсоны эмнэлэг авч хэрэглэх гээд байгаа юм. Бусдыг нь жижиг хүрээлэн, эмнэлэгт аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн.
Би нэгэнт хүний насжилтыг судалж байгаа болохоор түүнд нөлөөлж байгаа өвчний талаар давхар судалгаа хийж байдаг юм. Түүний нэг нь ой санамж муудах явдал. Үүнийг судалж үзээд нэг бэлдмэл гаргасан ч практик амьдралд хэрэгжүүлэхээс өмнө зогсоосон. Яагаад гэвэл тэр нь хүний ТС эсэд нөлөөлж байна гэж үзсэн. Ер нь бидний хийж байгаа судалгаа шинжилгээ, туршилтын ажил хүний эрүүл мэндэд яаж тус болох, тэр нь хор нөлөөгүй байх талыг бодолцох ёстой л доо. Тийм болохоор вакцины урьдчилсан туршилтыг хулгана зэрэг амьтан дээр хийдэг бол жинхэнэ баталгаажсан вакцинаа настай хүмүүст хэрэглэдэг. Гэтэл бидний гаргаж авсан саажилтын эсрэг вакцины үйлчлэл ердөө 10 хүрэхгүй хувьтай байсан. Иймээс үйлчлэл өндөртэй болгох нэг зүйл сэдсэн нь үр дүнгээ өгч байна.
-Туршилт үр дүнтэй болж байгаа бол үйлдвэрлэж эхлэх, өндөр настангуудад хүрэх гэж бас л олон дамжлагаар орно биз?
-Миний гол зорилго бол судалгаа шүү дээ. Цаашдаа зохих шатны байгууллагаар дамжуулаад сонирхсон компани, хүрээлэнгүүд бидний лицензийг худалдан авч, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх эсэх нь тусдаа асуудал. Хэрэв ийм процесс явагдахад хүрвэл бидний хийсэн ажлын үр дүн эргээд манай хүрээлэн болон бидэнд тодорхой хэмжээгээр тусах нь тодорхой.
-Таны олон арван бүтээл дэлхийн шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн гэж ярьсан. Түүний дотроос онцолж хэлэх ямар бүтээл байдаг вэ?
-Эрдэмтэн судлаач хүн өөрийн бүтээлийг хэвлүүлнэ гэдэг амаргүй даваа байдаг юм. Эхлээд хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл (эдитор)-ийнхөн үзэж танилцаад дээрх хэвлэлийн редакцид явуулна. Түүнийг нь нэр цол нь нууц эрдэмтэд уншиж, үнэхээр чухал шинэ зүйл байна гэж үзвэл хэвлэлтэд шилжүүлдэг. Өчнөөн олон бүтээлээ явуулаад нэгийг нь ч хэвлүүлж чадаагүй эрдэмтэн ч байдаг. Миний хувьд түүнээс арай доогуур Олон улсын хавдар судлалын сэтгүүл зэргийг сонирхож бүтээлээ явуулдаг. Бидний судалгаа шинжилгээний ажлын чиглэл ч тохирдог юм.
-Одоо таны хийж байгаа судалгаа шинжилгээний ямар дорвитой ажил байна вэ?
-Би хоёр чиглэлийг барьж байгаа. Хавдрын дархлааны эсүүдээс зугтааж “баригдахгүй” байгаа эсийн хэсгийг судалж байна. Түүний арга замыг олчихвол түүнийг яаж “барьж” авах, нөгөө талаар насжилт явагдахад нөлөөлж байгаа хүчин зүйл, түүний эсрэг дархлаа тогтоох арга замыг судалж, насжилтыг уртасгахад анхаарч байна. Хүн, хулгана хоёр хэдэн мянган жилийн эволюцийн ялгаатай боловч хөгшрөх явц адилхан байдаг. Түүнд нөлөөлж байгаа эсүүд хүн болон хулганын бие дотор адилхан байгаад байна. Үүнийг бид өнгөрсөн жил олсон юм. Одоо нэгэнт тэр эсүүдийг олсон болохоор хөгшрөлтийн эсрэг дархлааны тогтолцоог хэрхэн бий болгохыг л судалж байна даа.
-Та бол Монгол Улсын нэрийг дэлхийн шинжлэх ухааны салбарт дуурсгаж яваа хүн. Бас таны судалгаа шинжилгээний чиглэлийг харсан ч хорт хавдар гэдэг аюулт өвчнөөс ангижрах боломж хэдийд нээгдэх бол гэж асуумаар байна?
-Хавдартай боловч хүний амьд явах хугацааг цаашлуулсан дорвитой ажлыг дэлхийн шинжлэх ухаан хийж байна. Гэвч хавдар нь олон эсээс гарч, олон эрхтэнг гэмтээдэг болохоор янз бүр л байх юм. Тухайлбал, хөхний хавдраар хүн даруй нас бардаг байсан бол одоо 5-10 жил амьдрах бололцоотой болсон. Бусад эд эрхтний хавдрын тухайд ч хүн эдгэрчихдэггүй юмаа гэхэд ядаж л өвчиндөө шаналах явцыг багасгаж чадсан. Ер нь нааштай алхмууд хийгдэж байгаа учраас яваандаа хавдрыг анагааж чаддаг болох байх гэж итгэж байна.
-Манай улсад дундаж наслалт 67 орчим байх шиг байна. Хүний биологийн нас 100-гаас дээш байх боломжтой гэж зарим судлаач үздэг юм билээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Хүн 100-гаас дээш насалж болох л байх. Ойрын хугацаанд эрүүл саруул, өвчин хуучгүй 90 хүртэл насалдаг болно. Гэхдээ үүнд эмнэлэг, эм тариа гэхээс илүүтэй хүний өөрийн нь амьдрах хүсэл, хоол тэжээл, хөдөлгөөн асар их нөлөөтэй. Миний сонирхож байгаа зүйл бол үүн дээр нь яаж тусалж, дархлааг нь сайжруулах, үүний тулд ямар амин дэм, вакцин гаргаж авах вэ гэж ажиллах явдал.
-Үүнээс гадна амьдрах орчин, амьсгалах агаар нь цэвэр байх ёстой. Гэтэл манайд агаарын бохирдол төв суурин газруудад дээд цэгтээ хүрчихээд байна. Энэ нь насжилтад мэдээж сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой. Энэ талаар та санал бодлоо хуваалцана уу?
-Тэгэлгүй яахав. Агаарын бохидол хүний биед маш хор хөнөөлтэй. Ийм болохоор амьдралын хэвшлээ зөв тогтоож, үр хүүхдээ багаас нь сургах хэрэгтэй. Төр, засгаас агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, арилгахын төлөө идэвхтэй ажиллах ёстой. Нөгөө талаар манай иргэд огцом таргалж байна. Энэ бол өнөөдрийн үзэмж төдий асуудал биш, маргаашийн өвчлөлийн суурь болж, өрх гэрийнхээ орлого төсвийг тийш нь цацах асуудал гарах вий гэж болгоомжилж байна. Америкт боловсрол, мэдлэгтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс нь биеэ зөв авч явдаг бол амьжиргаа, ажил муутай хэсэг нь таргалалттай байдаг. Тэд төлбөрийн чадвар муутайгаас эмчилгээний зардлыг нь төрөөс гаргаж, төсөвтөө хүндрэл учруулдаг тал бий. Манайд болохоор гадуур яваад харж байхад хүмүүс ерөнхийдөө тарган болж. Тиймээс хоол ундаа зөв тохируулж, нөгөө мундаг том машинаа унахгүй байж хөдөлгөөн их хийх хэрэгтэй байх. Эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн энэ талаар анхаарч мэдээллийн хэрэгслээр сургалт сурталчилгаа явуулах, жижиг товхимол хэвлэж тараах зэрэг ажил хиймээр санагдсан.
Нөгөө талаар иргэн хүний хувьд хэлэхэд эртний түүх дурсгалт зүйл, байшин барилгад хайр гамгүй хандаж байна. Цаашилбал хүний оюун ухаан, эрдэм боловсролыг дээдлэх, түүнийг үнэлж урамшуулах ажил хоцрогдоод байгаа юм шиг. Миний ойлгодгоор шинжлэх ухаанаа хөгжүүлэхгүйгээр ямар ч улс үндэстэн өөдлөн дэвжихгүй гэж боддог. Урлаг, шинжлэх ухаан хоёрыг төр засгаас илүү их дэмжих учиртай. Бизнес бол эрх чөлөө нь байхад өөрөө аяндаа хөгжөөд явчихна.
-Өнөөдрийн Монгол оронд аль ч салбарт залуучууд хүч түрэн гарч ирж байна. Гэтэл шинжлэх ухааны салбар цаг үеэсээ арай л хоцрогдонгүй байх шиг санагддаг. Энэ нь хангамж нөхцөлөөсөө болдог юм болов уу. Та юу гэж бодож байна?
-Шинжлэх ухааны салбарыг төрөөс дорвитой дэмжихгүй байна. Бид хэдийгээр гадаадад ажиллаж байгаа ч гэлээ Монгол Улсынхаа нэр төрийг дэлхийн шинжлэх ухааны салбарт гаргаж, Монголынхоо энэ салбарт хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Мөн эрдэм судлалд ажиллаж байгаа залуустаа хандаж аль болох дээшээ тэмүүл. Гадаадад ажиллах завшаан олдвол том газрыг сонгоорой гэж хэлэх байна. Шинжлэх ухаан бол өнөөдрийн ашиг орлого биш маргаашийн ирээдүйн төлөө өрсөлдөөн тэмцэл гэж боддог.
Энэ ярилцлагыг ШУА-ийн Их чуулганаар тус академийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж батлахын өмнөхөн авсан юм. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн шинжлэх ухааны салбарт дуудуулж, дэлхийд данстай болгоход оройлон оролцож яваа анагаах ухааны доктор Д.Анхлан, биологийн ухааны доктор Б.Арьяа нарыг “айргийн тав”-д багтана гэсэн олон хүний итгэл талаар болсонд харамсч байна. Гэвч тэд оройгүй эрдмийн оргилд тэмүүлсээр усны шувууд мэт аль хэдийнэ АНУ, Герман руу “ниссэн” байлаа.