Өмнөд Суданд тайван байдал удаан үргэлжилсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд тайван байдал удаан үргэлжилсэнгүй

Өмнөд Суданы Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард босогчидтой гал зогсоох гэрээ байгуулсны үндсэн дээр тогтоосон тайван байдлыг эвдсэн том тулаан болжээ. Өмнөд Суданы Дээд Нил мужийн Малакал хотод өчигдөр /II.18/ Засгийн газрын арми, босогчдын хооронд ширүүн тулаан болсон байна. Өмнөд Суданы сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээг зөрчсөн хэрэгт бие, биенээ буруутгаж буй аж.

Өмнөд Суданы босогчдын зүгээс Засгийн газрын арми Уганда улсын цэргийн дэмжлэгтэйгээр зүүн өмнөд нутагт орших тэдний байршил руу агаараас дайрч, бөмбөгдсөн хэмээн мэдэгджээ. Харин Засгийн газрын зүгээс Угандагийн армийн дэмжлэг авсан гэдгийг эрс үгүйсгэж, тус бүсээс цэргийн хүчийнхээ заримыг эргүүлэн татсан гэсэн байна. Дээд Нил мужийн албаныхны мэдээлснээр одоогоор талуудын хооронд тулаан үргэлжилж буй боловч Засгийн газрын арми Малакалыг хяналтандаа байлгасан хэвээр байгаа гэнэ.

Өмнөд Суданд өнгөрсөн арванхоёрдугаар сард улстөрийн зөрчил, мөргөлдөөн эхэлснээс хойш 860 мянга орчим хүн гэр орноосоо дайжаад буй гэнэ. Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч асан Риек Мачарыг дэмжигчид Ерөнхийлөгч Салва Кийрийг түлхэн унагааж, төрийн эргэлт хийхээр оролдсоноос энэхүү зөрчил, мөргөлдөөн эхэлсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж