Хувийн хэвшлийнхэн төрийн ажлыг “хийнэ”

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхэн төрийн ажлыг “хийнэ”

Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газраас Монгол Улсад төр хувийн хэвшлийн түншлэлийн  зарчмыг хөгжүүлэх, таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гарын авлага гаргажээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ ажлын хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага” номыг өнөөдөр танилцууллаа. Энэхүү гарын авлагад Төр-хувийн хэвшлийн түншлэл түүний дотор дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам болон бэлтгэл ажлуулын талаар тусгасан байна. Мөн Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төслийг  тодорхойлох, төслийн бүтцийг хэрхэн боловсруулах, шалгаруулалт зохион байгуулах, концессын гэрээнд хэрхэн хяналт тавих болон гэрээний хэрэгжилтийг хангах талаарх тайлбарыг гарыг авлагад тусгажээ.

Концессын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газраас энэхүү гарын авлагыг Азийн хөгжлийн банктай хамтран бэлтгэж, дэд бүтцийн холбогдолтой төслүүдийн эх сурвалж болно гэж үзэж байгаа аж.

Эдийн Засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат “Монгол Улсад төр-хувийн хэвшлийг түншлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Төрийн зарим ажлыг хувийн хэвшил хийж, гүйцэтгэх нь яг одооноос үүссэн зүйл биш. Дэлхийн алдартай улс орнууд ч энэ жишигийг хэрэгжүүлсээр ирсэн. Тодруулбал төрийн хийж чадахгүй байгаа, боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэх туршлаг манай улсад ч өмнө нь байсан. Энэ үйл ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг гаргасан бөгөөд цаашид эхний ажлууд яригдаж эхэлсэн. Тухайлбал, V цахилгаан станцыг барих ажлыг гадны хөрөнгө оруулагчид барьж гүйцэтгэхээр ярилцаж байгаа. Энэ мэт төр хувийн хэвшлийн хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Мөн Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Байлыхүү “Гадаадын хөрөнгө оруулагчдаар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг хийлгэхээс өөр аргагүй байгаа юм. Учир нь манай улсад хөрөнгө, ажлын туршлага, нөөц бага байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагч хувийн хэвшлүүдийг татсанаар хөрөнгө оруулахаас гадна үнэгүй туршлага орж ирж байгаа юм. Бид тэдний хийж байгаа ажил, ажлын туршлага, дэлхийн өндөр түвшний бүтээн байгуулалтаас туршлага хуримтлуулах, сурах зүйл олон байгаа юм. Мэдээж дотоодын хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлого явж байгаа. Заавал яагаад гадны хувийн хэвшлийг сонгож, тэдний татаж байгаа нь гадаадынханд мөнгө байна. Тэдний мөнгөөр ажлаа хийлгээд, эргүүлэн төлөх, бас хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх томоохон боломжууд харагдаж байна” гэлээ.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага гаргахаас гадна баасан гаригт гадаадын хувийн хэвшлийхэнтэй анхны уулзалтаа хийхээр Эдийн засгийн яамныхан төлөвлөжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад ямар боломж байгаа, бидэнд ямар гарц байгаа талаар хувийн хэвшлийхэнтэй ярилцах уулзалтыг зохион байгуулах аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж