“Төсвийн хоёр дахь тодотголыг хийж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

“Төсвийн хоёр дахь тодотголыг хийж магадгүй”

Төсөв боловсруулахаасаа эхлээд хэлэлцүүлэх шатанд эрх баригч хүчин хариуцлагагүй хандсан нь эргээд Монгол Улсын төсвийн нэгдсэн бодлого алдагдах эрсдэл рүү оруулсан-

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс б
аялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Үзэл баримтлалд туссан гол заалтууд юу вэ?

-Эрдэс баялгийн салбар нь нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байгаагийн хувьд энэ салбарт Монголын төр ямар бодлого баримтлах вэ гэдгийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тодорхойлж өгснөөрөө ойлгомжгүй, салаа утгатай асуудлууд нэг талдаа гарч чадлаа. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан бодлогын баримт бичиг 60 гаруй зүйлтэй байсан нь нэлээд өөрчлөгдсөн. УИХ-аар бодлогыг хэлэлцэж, боловсруулах төвшинд 80 зүйлээр санал хурааж, зарчмыг нь нэлээд өөрчилсөн. Ингэснээр эрдэс баялгийн салбарт либерал бодлого баримтлах нь, төрийн оролцоог хязгаарлах нь гэдэг илүү ойлгомжтой болсон. Эрх зүйн хүрээнд одоогийн ашигт малтмалын хүрээнд зохицуулалтууд явна. Мөн ногоон хөгжлийн үзэл баримтлал,   экологийн бодлогын асуудлыг түлхүү тусгасан, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд нэлээд олон асуудал тусгаж чадсанаар хумьсан бодлогоо буцааж дэлгэсэн хууль болж батлагдсан.

-Бодлогод стратегийн ач холбогдол бүхий орд гэдэгт ямар ордыг хамруулах вэ. Хоёрдугаарт, төрийн оролцоог хязгаарлах нэрийн дор эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй нь баялагтай, нөөцтэй ордыг хувьдаа авчих вий гэх болгоомжлол байна?

-УИХ-аар бодлогыг хэлэлцэх шатанд тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Стратегийн ач холбогдол бүхий орд гэж тодорхойлохоо болъё, төрийн оролцоог хязгаарлая” гэх саналыг их гаргасан. Тийм учраас УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордоо авч үзье. Хэрвээ хувийн хөрөнгө оруулалтаар стратегийн ач холбогдол бүхий ордыг илрүүлсэн бол 34 хувийг төр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн ордыг нээсэн бол 50 хүртэлх хувийг төрийн өмч байх эрх зүйн зохицуулалтаа мөрдье гэж ойлголцсон.

-УИХ-аас энэхүү бодлогыг баталснаар хөрөнгө оруулагчийг богино хугацаанд татах боломж байгаа юу. Эдийн засагчдын зүгээс “Энэ оны хоёрдугаар улирал хүртэл эдийн засаг сэргэхгүй” гэх прогноз гаргасан?

-2014 оны эдийн засаг сайн биш байна. Нэгдүгээр улирал дундаа орж байхад эдийн засгийн идэвхижил бий болсонгүй.  Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй, хууль баталсан даруйд хөрөнгө оруулагч орж ирдэггүй. Хөрөнгө оруулагчийг татахын тулд, итгэлийг олохын тулд Засгийн газар маш сайн ажиллаж, хичээнгүй уулзалт ярилцлага хийж, их хөрөнгө зарцуулахаас аргагүй болдог. Харамсалтай нь, манайх 2012 онд хүрсэн төвшингөөсөө ухарчихсан, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ч,  гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээний хувьд ч ухарсан. Ганцхан жишээ татахад, нэгхэн жилийн дотор нэг тэрбум гаруй ам.доллар гадагшаа гараад явчихсан, гадаадын томоохон хөрөнгө оруулагчид нүүр бууруулчихсан. Эргэж сэргээхгүй болохоор монголчууд бүгдээрээ хохирч байгаа. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахад УИХ дахь МАН-ын бүлэг идэвхитэй ажилласан. Намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлалцах шатанд ч идэвхитэй ажилласан. Тэр ч үүднээс цөөнхийн бүлэг улстөрийн намуудад хандан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого тогтвортой байна, одоогийн эрх зүйн орчин тогтвортой байна” гэдгийг олон түмэнд зарлаж хөрөнгө оруулагчийг татан дуудахад хамтарч ажиллая” гэдэг уриалгыг гаргасан. Дотроо үл ойлголцсон, зөрчилтэй байх юм бол гадаад талаас ирэх дэмжлэг, хөрөнгө оруулалт, итгэлцэл татарна.

-Тэгэхээр цаашдаа яах ёстой гэсэн үг вэ?

-Нүүрсний борлуулалт, зэс, алтны үнэ төсөвт тусгаснаас доогуур явж байна. Ийм үед хоёр хөрштэйгээ нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд Засгийн газар санаачлагатай санал ажиллах ёстой. Хойд, урд хөрштэй эдийн засгийн бодлогын томоохон асуудлуудаа зөв шийдэж, олон улсын интеграци, бүс нутгийн интеграцид зөв оролцож явахгүйгээр Монгол Улс хөгжих боломжгүй. Тэр дундаа хөрөнгө оруулалтыг нааш татахад амаргүй. Тодруулж хэлбэл, Монголын эдийн засаг олон улсын зах зээлээс илүү хамааралтай байгаа үед дээрх чиглэлд нэлээн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.

-УИХ-ын намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадсан уу. Ажиглаж байхад, Засгийн газар цаг хугацаатай уралдан ажил хийх болдог, УИХ хуулийн төслийг нь хэлэлцэхгүй цаг алдаж хойшлуулснаар зарим хуулиуд нэлээд саад давж батлагдах шиг болсон?

-Жил, жилийн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталдаг, тэр үндсэн үүргээ биелүүллээ. Гэхдээ нэг онцлог бий, эдийн засгаа сэргээхийн тулд эргээд байгалийн баялгаа ухах чиглэлд нэлээд ажиллалаа. Тухайлбал, УИХ-аас Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар алтны салбарын­ханд том татварын хөнгөлөлт эдлүү­лэхээр болсон. Энэ нь эргээд байгалийн баялаг руугаа орж ухах бодлого руу явсан гэсэн үг. Уг нь энэ бодлогоос илүү үйлдвэржилтийг, хөрөнгө оруулалтыг дэмжих, бүтээн байгуу­лал­тыг дэмжих, дотоодын эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх чиглэлд томоохон бодлого явуулах ёстой байсан. Даанч Засгийн газар дотоодын эдийн засгийн бодлогыг идэвхижүүлэх, томоохон бүтээн байгуулалтыг шинэ санаачлага гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бага анхаарч ажиллаж, бодлогуудаа оруулж ирсэн дээ.

-Гэхдээ саяхан Засгийн газар 2014 онд хийх бүтээн байгуулалтын ажлуудаа зарласан. Хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлнэ, үүнд бондыг ашиглахаа мэдэгд­сэн. “Чингис бонд, Самурай бонд”-ууд эх үүсвэр нь болохоор байгаа?

-УИХ-аас Монгол Улсын 2014 оны төсвийг батлахдаа Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгсөн. Тэгэхээр Засгийн газар ДНБ-ний 40 хувьд бариулж гадаад өр тавих эрх нь нээлттэй. Мөн 40 хувь гэдэг нь хатуу заасан тоо биш. ДНБ өсвөл дагаад 40 хувь дахь цаад мөнгөн дүн өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ДНБ-ний тэлэлтийг, өсөлтийг яаж хангах вэ гэдэгт анхаарах ёстой. Ингэхийн тулд гадаад тал руугаа чиглэсэн худалдааны, хөрөнгө оруулалтын зөв бодлого явуулах, дотоод талдаа эдийн засгаа идэвхижүүлэх. Нэг үгээр хэлбэл, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, эдийн засгийн бодлогоо дэмжиж, гарсан хуримтлалаараа бусад бүтээн байгуулалтын ажлаа явуулах ёстой. Одоо бол дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрээ гаднаас өрийн бичиг болгох буюу ирээдүйгээсээ зээлэх байдлаар цаг аргацаан өнөөдөр үүссэн асуудлыг өр тавих байдлаар шийдээд явж байна. Гадаад талаасаа энэ Засгийн газрын нүүрэн дээр ажил явж, бүтээн байгуулалт хийгдэнэ. Гэхдээ дараа, дараагийн Засгийн газар, монголчуудын нуруун дээр буух ачаа маш өндөр тусна. Ялангуяа 2016, 2017 оны улсын төсвөөс эхлүүлээд өрийн бичгийн эргэн төлөлт эхэлнэ. Жилдээ нэг их наяд төгрөгийг өрөнд өгч байх, жил болгон өрийн бичгийнхээ хүүнд 200-300 тэрбум төгрөг өгч байх, дарамт бий болж байгаа. Өнөөдөр газар шорооны ажил явж байгаа юм шиг харагдах ч эдийн засгийн агуулгаар нь үр дүн ямар байна вэ гэдгийг эргэж үзэх ёстой. Болж өгвөл дотодынхоо шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад дотоодынхоо хөрөнгө оруулалтыг дэмжих байдлаар эдийн засгийн тэлэлтийг бий болгож, хуримтлал бий болгох байдлаар ажиллавал зөв гольдролд орно.

-Сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж 2014 оны төсөвт тодотгол хийх болж байна. Энэ нь УИХ-ыг зургаахан сарын настай төсөв баталж чадахгүй байна гэх шүүмжлэлийн бай болгож эхэллээ. Богино настай төсөв батлагдсан нь хэний буруу вэ?

-УИХ-аар Монгол Улсын 2014 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж эхлэх үеэс УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр үүсээд байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэж байсан шүү дээ. Төсөвт маш олон хийсвэр тоонууд тавьсан байсан. Тухайлбал, 31 сая тонн нүүрс олборлоно, валютын ханшийг 1384 төгрөгт барина гэдэг ч юм уу, монголчуудын хэлдгээр нохой ам нийлүүлэх байдлаар төсвийг хугацаанд нь батлахын тулд хүчилж баталсан.

Түүнийг дагуулаад 240 гаруй обьектыг царцаах байдлаар буюу төсөв дээр мөнгө тавихгүйгээр, тодорхойгүй байдлаар баталсан. Төсвийг боловсруулж барихаасаа эхлээд хэлэлцүүлэх шатанд эрх баригч хүчин дэндүү хариуцлагагүй хандсан нь эргээд Монгол Улсын төсвийн нэгдсэн бодлого алдагдах эрсдэл рүү оруулсан. Нэгдүгээр улирал дуусаагүй байх үед төсвийн тодотголыг хийх болж байна, магадгүй энэ оны дундуур төсвийн хоёр дахь тодотголыг хийж магадгүй. Тэгж байж, энэ оныг давах байх. Нийгэм, эдийн засгийн байдал амаргүй хямралын байдалд орсныг эрх баригчид хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. УИХ дахь цөөнхийн бүлэг эл асуудлыг тавьж ирсэн нь эрх баригч хүчнийхний мууг үзэх гэсэндээ ч биш. Тийм утгаар шүүмж­лэлтэй хандаж ирээгүй. Хор уршигт нь монголчууд бүгдээрээ хохирч байгаа учраас аль болох хохирол багатай даван туулахын тулд ийм зүйл дээрээ анхаарах ёстой байна гэдгийг л сануулж ирсэн. Харамсалтай нь, бодит байдлыг нуух, хуулийн хийдэл гаргах байдлаар аргалж асуудалд хандаж ирсний харгай одоо төсвийн тодотголоор илэрч байна шүү дээ. Сануулж байсан зүйл амьдрал дээр хэрэгжиж байна.

Ер нь УИХ дахь цөөнхийн бүлгээс гарч байгаа саналыг шүүмжлэл гэхээс илүү ажилдаа тусгаж, асуудлыг зөв хэлбэрт оруулах талд хамтарч ажиллах ёстой л гэж бодож байна. Түүнээс шүүмжлээд байна гэж хараад, хүчээр зарим нэг обьектуудаа хасч, эвсэл орлого талаа бүрдэхгүй болохоор тодотгол оруулж ирэх байдлаар асуудлыг засахыг оролдох нь эргээд эдийн засгаа л хүнд нөхцөлд оруулж байна шүү дээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №049

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж