Уулчин Л.Болдбаатарыг олоогүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Уулчин Л.Болдбаатарыг олоогүй байгаа гэв

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван богд уулын Малчин оргилд авиралт хийж байх үедээ осолдсон тухай мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа билээ. Дөнгөж сая Онцгой байдлын газартай холбогдож, эрлийн талаар тодруулахад, өнөөдрийн авсан мэдээллээр бол уулчныг олоогүй байгаа гэсэн хариулт өглөө.

Уулчин Ч.Болдбаатар бол гадаад, дотоодын олон өндөр оргилд авирсан, олон жил уулын спортоор хичээллэж буй туршлагатай уулчин. Тэрээр энэ удаагийн авиралтаа хоёрдугаар сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн ням гаригаас хойш сураггүй болоод байгаа юм. Тэрээр охин Б.Үүрцайхын хамт Малчин оргилыг зорьсон бөгөөд охин нь аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдал, цагдаагийнханд өгөөд байгаа. Гэхдээ Б.Үүрцайх сэтгэл санааны цочролоос болоод цагдаа, онцгойгийнхонд өгсөн мэдээллүүд нь зөрүүтэй байгаа тул эрлийг үргэлжлүүлэхэд асуудал гарч байгаа гэнэ. Ямартай ч түүний өгсөн мэдээллээс баримжаалахад аав, охин хоёр Малчин оргилоос бууж яваад ангал руу унаж, ухаан алдсан байна. Ухаан ороход аав нь хамт байсан эсэхийг Б.Үүрцайх нэгд нэгэнгүй санахгүй байгаа бололтой.

Ямартай ч одоо Малчин уулын орчимд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж байна. Тэдний дунд Баян-Өлгий аймгийн уулчид өндөр
уулын багаж хэрэгсэлтэйгээ хүч нэмэн очоод байгаа юм. Уулчид өчигдөр орой Малчин уулын бэлд хүрсэн учраас өнөөдөр эрэн хайх ажиллагааг нилээд эрчимжүүлэх байх.

Амь насанд нь аюул учирсан, бэртэж гэмтсэн, шуурганд уруудсан эсэх нь огт мэдэгдэхгүй байгаа уулчин Л.Болдбаатарыг хайх эрлийн ажилд нэгдэхэд бэлэн байгаагаа Монголын олон уулчид мэдэгдээд байгаа юм. Нөхцөл байдлыг харж байж бусад уулчдыг Алтай таван богд руу явуулах эсэх асуудлыг шийдэх юм байна.

Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр оргил юм. Монгол орны дээвэр хэмээгддэг Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог юм.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш өнөөдрийг хүртэл 800 орчим уулчин авирсан гэх мэдээлэл байдаг. Алтай таван богд уул нь Хүйтэн /4374/, Найрамдал /4192/, Бүргэд /4068/, Малчин /4051/, Өлгий /4050/ гэсэн таван оргилтой бөгөөд уулчин Л.Болдбаатар, түүний охин Б.Үүрцайх нар Малчин оргилд авирахаар явсан юм. Түүний охин Б.Үүрцайх 28 настай, өдгөө Польшид ажиллаж, амьдардаг бөгөөд амралтаараа ирэхдээ ийн аавтайгаа хамт авиралт хийхээр төлөвлөн ирсэн юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж