Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Буржгар үст

Буржгар үст охины дүрээр дэлгэцэнд мөнхөрч, зургаан настайдаа өөр ямар ч хүүхдийн хүрээгүй амжилтад хүрсэн Ширли Тэмпл өнгөрсөн даваа гаригт /II.10/ Умард Калифорнийн Вүүдсайд дахь гэртээ үүрд нойрсчээ. Тэр 85 настай байв.
20 гаруй  кино, мюзикльд ер бусын өөдрөг, хэвлүүхэн охины дүр бүтээсэн, Холливудын хамгийн алдартай, гялалзсан, “жижигхэн” од Ширли Тэмпл хожим 1960-аад онд дипломатч болж, хатагтай Блэк хэмээн дуудуулах болсон юм. 1935-1939 онд Ширли Тэмпл хэдийнэ Холливудын хамгийн өндөр хөлстэй жүжигчин болж, алдартай жүжигчин Кларк Гэйблийг хүртэл ардаа орхисон байлаа. Ширли Тэмпл тэр үед Холливудын од Грета Гарбогоос ч олон шүтэн бишрэгчтэй болж, тэдний захидалд даруулж байв. Тэр бүү хэл  АНУ-ын ерөнхийлөгч агсан Франклин Рузевельтээс ч олон удаа зураг авахуулсан алдартан бол Ширли билээ. Зургаан настай, буржгар үст охины “Бяцхан хурандаа”, “Бродвейн бяцхан мисс”,” Вилли Винки” зэрэг кинонууд тэр үед “Харри Поттер” зохиол шиг амжилт авчирч, Холливудын томоохон кино студийг санхүүгийн хямралаас аварсан билээ.

ГҮНЖ

Буржгар үст охины түүх Калифорнийн Санта Моника хотод эхэлсэн юм. Калифорнийн банкны ажилтан Жорж Тэмпл, түүний эхнэр Гертруд хоёр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд хөөрхөн гүнжтэй болсон нь Ширли Тэмпл байв. Гертруд балетын бүжигчин болох байсан ч хэтэрхий өндрөөсөө болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй тул охиноо балетчин болгохоор хатуу шийдсэн нэгэн байжээ. Ширлиг гурван настайд нь Холливудын нэгэн бүжгийн студэд элсүүлсэн байна. Тэнд Холливудын “Educational Films” хэмээх нэгэн жижиг студийн шинэ авьяасын эрэлчид түүнийг олж хараад, долоо хоногийн 50 ам.долларын хөлстэй, “Baby Burlesk” богино хэмжээний кинонд тоглуулах хоёр жилийн гэрээ байгуулжээ. Хоёр долоо хоногоор цалингүй бэлтгэл сургууль хийлгэдэг байсан уг студи балчир хүүхдийн “хөдөлмөрийг шулдаг” байсан талаар Ширли хожим дурссан байдаг. Богино хэмжээний киноны зургийг тэнд хоёр өдөрт л авдаг байсан бөгөөд Ширли өдөрт 10 ам.долларын хөлс авдаг байв. Студийн жүжигчин хүүхдүүд дуулгаваргүй аашилбал мөстэй хайрцаг өргүүлдэг байсан бөгөөд Ширли ч хэд хэдэн удаа шийтгүүлж байжээ. “Educational Films”-ийг дампуурлаа зарлахад Жорж Тэмпл охиныхоо гэрээг 25 ам.доллараар худалдаж авчээ.

АВРАЛЫН ОД


Ширли таван настайдаа “Fox Film”-ийн “Бос, хөгжилд” кинонд тоглов. Буржгар үст охин Америк даяар их хямралын үе эхэлчихсэн хүнд хэцүү жилүүдэд дампуурлын ирмэгт тулаад байсан Холливудын том студийг аварсан юм. Кино толгой эргэм амжилт авчирч, Ширли Холливудад шинэ од болон гялалзаж эхлэв. Гертруд охиноо “Гэрэлт Ширли, гэрэлт” хэмээн зоригжуулж байлаа.  Ширли “Baby Take A Bow” дууг дуулсан кино пробын үеэр продюсерүүд шинэ од мэндэлснийг харсан юм.  “Fox Film” түүнтэй долоо хоногийн 150 ам.долларын хөлстэй долоон  жилийн гэрээ байгуулж, ээжид нь охины үс, хувцаслалтад зориулан долоо хоногийн 25 ам.долларын хөлс өгөхөөр болов. Ширлиг “Now I’ll Tell”  кинонд Спенсер Трэсигийн охины дүрд тоглосны дараа “Fox Film” түүнийг “Little Miss Marker” кинонд тоглуулахаар “Paramount”-д зээлэв. Тэр үед Ширли долоо хоногийн 1000 ам.долларын цалинтай болсон юм. “Little Miss Marker” кинонд хамтран тоглосон Адолпе Мэнжу “Энэ хүүхэд намайг айлгаж байна. Тэр бүгдийг хурдан сурах юм” гэсэн байдаг. “Шинэ од” мэндэлснийг мэдсэн “Paramount” Ширли Тэмплийг  50,000 ам.доллараар худалдаж авах санал тавьсан ч “Fox Film” татгалзжээ.

“Little Miss Marker” гарахад Америк даяар кино театрууд үзэгчдийн хөлд дарагдсан юм. Ширлигийн ачаар гэр бүлийнх нь орлого дөрөв дахин нэмэгдэж, Тэмплийнхэн том тансаг байранд нүүж оржээ. Тэмплийнхэн гэрийн үйлчлэгчээс гадна Ширлид нэг долоо хоногт 4,000 шүтэн бишрэгчээс нь ирдэг захидлуудыг унших нарийн бичиг хөлслөх болсон гэдэг. Холливудын шинэ од Ширлигийн аавтай танилцах гэсэн ээжүүд банкинд урт дараалал үүсгэдэг болж, Жорж Тэмплийн ажиллаж байсан банкны орлого ч өсчээ. Ширлигийн тоглосон дараагийн кино “Baby Take A Bow” гарахад АНУ-ын ерөнхийлөгч агсан Франклин Рузвельт “Ширли Тэмпл байхад Америк алзахгүй” хэмээсэн гэдэг. 1934 он гэхэд “Bright Eyes”-ыг оруулаад найман кинонд тоглосон Ширли Холливудын гялалзсан одоос, супер од болсон. Тэр үед Ширли Холливудын нэрт жүжигчин, “Шуурган дундуур” киноны од Кларк Гэйблийг ардаа орхиж, дөрвөн жилийн турш хамгийн баян жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм.  Харин дампуурлын ирмэгт тулаад байсан “Fox Film” улаан зурааснаас гарч, буржгар үст, бяцхан охины ачаар 42 сая ам.долларын хөрөнгөтэй болсон байв.

ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ

Гэвч  буржгар үст, дуулж, бүжиглэдэг хүүхэлдэйд бүх хүн хайртай байсан уу гэвэл үгүй.  Английн зохиолч Грэхэм Грийн түүний тоглосон “Captain January” киног “Жүжиглэлт гэхээсээ илүү эгээ л нас биед хүрсэн хатагтай шиг аашилж, аальгүйтэж байгаа нь охиныг алдартай болгосон. Тэр бол яг л 50 настай одой” хэмээн хурцаар шүүмжилсэн байдаг. “Fox Film” үүнийг зүгээр хараад суусангүй. Зохиолчийг шүүхэд өглөө. Грэхэм Грийн болон түүний шүүмжийг нийтэлсэн “Night And Day” сэтгүүл Ширли Тэмплийг доромжилж, студийн нэр хүндийг унагасны төлөө 3500 фунт стирлингийн торгууль төлсөн байдаг. Мөн хөлнөөсөө толгой хүртэл алтаар гоёсон дурлалын бурхны дүрээс болж, киног Данид гаргахыг хориглосон юм. Дөрвөн жил box office-ийн “хатан хаан” байсан. Ширли Тэмпл 1939 онд “The Wizard Of Oz” киноны дүрээ өөр жүжигчинд алдсанаар карьер нь бүдгэрчээ. Ширлигийн  “The Blue Bird” кино амжилтгүй болсны дараа “Fox Film” гэрээгээ цуцлав. Ширли “Fox Film”-ээс гарсныхаа дараа хэд хэдэн кинонд тоглож, бүгдийг эргүүлж авчрах гэж оролдсон ч хацар нь хонхойдог бяцхан охин өөрчлөгдөж, өсвөр насны жирийн охин болсон нь Холливудад хангалтгүй байв. Ингээд Ширли Тэмпл 22 настайдаа жүжигчний карьераа орхиж, улс төрд хүч сорих болжээ.

Ширли 17 настайдаа Америкийн Армийн Нисэх Хүчний түрүүч Жонн Эгертэй гэрлэсэн билээ. Хожим Жонн жүжигчин болж, Ширлитэй хамтдаа хоёр ч кинонд тогложээ. Тэд 1949 онд салсан юм. Түүний шинэ хайрын эзэн нь Сан Францискогоос ирсэн бизнесмэн эр Чарльз Блэк байлаа. 1950 онд Ширли Чарльз Блэктэй гэрлэснийхээ дараа Бүгд найрамдах намд элсчээ. 1969 онд АНУ-ын ерөнхийлөгч агсан Ричард Никсон түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн гишүүнээр томилсон юм. 1972 онд Ширли хорт хавдар тусчээ. Ширли эмнэлгийн өрөөнд сэтгүүлчдийг урьж, эмэгтэй­чүүдэд хорт хавдрыг эрт оношлуулахыг уриалж байв.  Хорт хавдрын хагалгаа амжилттай болж, хүнд өвчнөө даван туул­сан зоримог бүсгүйг дараа нь улс төрийн карьерт амжилт хүлээж байсан юм. 1974-1976 хооронд Ширли  Гана улсад Элчин сайдаар томилогдов. 1989 онд зүүн Европт коммунист дэглэм нуран унаж байсан эгзэгтэй үед ерөнхийлөгч Ж.Бушийн Чехословакт томилсон Элчин сайд нь  Ширли Тэмпл байлаа.

Ширли Тэмпл амьдралынхаа сүүлийн жилүүдийг Умард Калифорнийн Вүүдсайд дахь тансаг байрандаа амар жимэр өнгөрүүлжээ. Бусдын адил даруухан амьдарсан түүнийг хотынхон нь хатагтай Блэк хэмээн дууддаг байсан гэнэ. Гадагш ховорхон гардаг түүнтэй таарсан хүмүүс эртний танилаа харсан мэт заавал эргэж хардаг байсанд гайхах зүйлгүй. Түүний багынх шиг гялалзсан нүд, инээмсэглэхээрээ хонхойдог хацар нь хүмүүст танил санагддаг байжээ. Түүний нас эцэслэсэн тухай мэдээ кино ертөнцөд уй гашуу авчирсан бөгөөд буржгар үст охиныг дахин дурсч, түүнийг замдаа сайн явахыг ерөөсөөр байна. Вүүдсайт хотын шуудангийн газарт түүнд хаягласан шүтэн бишрэгчийнх нь захидал дэлхийн өнцөг булан бүрээс одоо ч ирдэг гэнэ лээ.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №049


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж