
Үйл ажиллагаа нь мухардмал байдалд орж, өдөртөө дөнгөн данган 19 сая төгрөгийн арилжаа хийж байгаа Монголын хөрөнгийн зах зээлийг сэргээх хүч хаана байна вэ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 онд Лондонгийн хөрөнгийн биржтэй ажлын мастер гэрээг байгуулсан Монголын хөрөнгийн бирж тэр үеэс л эхлээд “сахил хүртсэн биш шал дордов” гэгч болчихсон бололтой, арилжаа нь 100 саяас арван сая гаруй болтлоо буурлаа шүү дээ. Энийг шинэчлэлт гэх үү, эсвэл ухралт гэх үү. Энэхүү ажлыг гардан хийсэн хүмүүсийн хувьд өөрсдөдөө “онц” үнэлгээ өгөөд огцрох өргөдлөө өгсөн шүү дээ.
С.Батболдын Засгийн газрын үед Монголын хөрөнгийн бирж Лондонгийн мэргэжлийн багийнхныг өндөр хөлсөөр залж, үйл ажиллагаагаа сэргээх мастер гэрээ байгуулсан. Мастер гэрээний зардал болох 14 сая ам.долларыг аль хэдийнэ зарцуулаад дууссан бол харин Монголын хөрөнгийн зах зээл гүн гүнзгий нойрондоо дарагджээ. Энэ гүн нойрноос сэрээхэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үнэт цаасны тухай шинэ хууль сэргээш болно гэдэг юу л бол. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан тоон үзүүлэлтээс харахад 2011 онд Монголын хөрөнгийн бирж 350 тэрбум, 2012 онд 140 тэрбумын, 2013 онд ердөө 14 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалсан байна. Арван дөрвөн тэрбум төгрөг гэдэг захын нэг татварын байцаагчдын данснаас илэрдэг мөнгө шүү дээ.
Мастер гэрээний дагуу Монголын хөрөнгийн бирж МIT системд шилжин, төлбөр тооцоог Т+3 орчинд гүйцэтгэж ирснээ зарласан цагаас Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа уруудаж эхэлсэн. Лондонгийн хөрөнгийн биржийн санал болгосон МIT системийг суурилуулснаар Монголын хөрөнгийн зах зээл өргөжиж, томорно гээд байсан Х.Алтай захирал өргөдлөө өгөхдөө “ажлаа сайн хийсэн” гэдэг өндөр үнэлгээг өөртөө өгөөд явсан юм. Харин түүний унтуулсан хөрөнгийн зах зээл хэзээ сэргэж, монголчууд хөрөнгийн зах зээлээс хэзээ мөнгө босгох нь тодорхойгүй асуулт болон үлдлээ.
“MILLENNIUM IT” нь арилжаа, хадгаламж, төлбөр, тооцоо, хяналт гэсэн цогц зүйлсийг багтаасан шинэ систем гэдгийг туршлагатай англичууд монголчуудад сургамжилж, энэ системийг нэвтрүүлэх нь Монголын хөрөнгийн бирж дэлхийтэй нэг хөлөөр алхалж эхэлнэ гэсэн үг хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл системийг суурилуулахдаа программын алдаа гаргаснаас болоод хөрөнгийн зах зээлд томоохон эрсдэл үүсгэх нөхцөл бүрдсэн гэдгийг Монголын хөрөнгийн биржийнхэн ч, Лондонгийн мэргэжлийн багийнхан ч тас нуугаад өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийн амин судас болсон анхдагч зах зээлийн арилжааны систем энэхүү шинэчлэлээр ор тас хаягдсан байж. Тиймээс өнөөдөр хувьцааны анхдагч арилжаа нь хуучин системээрээ явж байгааг албаны хүмүүс нотолж буй. Нөгөөтэйгүүр энэхүү шинэчлэлтийн дагуу Монголын банк, санхүүгийн захаар нийтдээ нэг их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн. Энэ арилжаа уг нь Монголын хөрөнгийн биржээр хийгдэх ёстой байж. Иймэрхүү асуудал дагуулсан шинэчлэлээс болоод Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хоёрхон жилийн дотор навс унасны хариуцлагыг харин хэн хүлээх вэ гэдэг сонирхолтой бөгөөд ойлгомжгүй асуудал болчихоод байна. “Шинэ хуулийн хамгийн гол зорилтуудын нэг бол гадны зах зээл дээр гарсан Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг дотоодын зах зээлд арилжаалах, дотоодын зах зээл дээрх хувьцааг гадны зах зээлд гаргах, түүнчлэн Монгол руу хөрөнгийн урсгал татах ажлын зохицуулалт юм” хэмээн Х.Алтай дарга нэгэнтээ ярилцлага өгч байсан. Түүний хэлснээр тэр урсгал нь хаана байна. Их мөнгөний урсгалын татах хүч нойрсож буй Монголын хөрөнгийн биржид байгаа бил үү.