Сирийн дайныг дуусгавар болгохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Сирийн дайныг дуусгавар болгохыг уриалав

Ливаны шийтийн шашинтнуу­дын “Хизбалла” бүлэглэлийн тэр­гүүн шейх Хасан Насралла Сирийн дайныг дуусгавар болгохыг Арабын ертөнцөд уриаллаа. Тэр­бээр Арабын ертөнцийн бусад хүчнүүд тулаанаа зогсоовол “Хизбалла” ч мөн адил Сириэс цэргээ гаргана гэжээ. Насралла Арабын ертөнцийн улс төрийн хүчнүүдэд хандан “Хэрвээ та нар энэ бүс нутгийг аврахыг хүсч байгаа бол Сирид явуулж байгаа дайнаа зогсоох хэрэгтэй” хэмээн уриалав.

Гэхдээ тэрбээр Сирийн сөрөг хүчнийхэн ялалт байгуулах ёсгүй гэдгийг онцолсон байна. Учир нь түүний бодлоор босогчид буюу лалын хэт даврагчид ялалт байгуулвал зөвхөн өөрт нь төдийгүй тэднийг одоо дэмжиж байгаа хүчнүүдэд эргээд аюул учирна гэдгийг анхааруулжээ.

Ливаны шийтүүдийн “Хиз­балла” бүлэглэл Башар Асадын дэглэмийг дэмждэг. Асадын эсрэг тэмцэж буй босогчдын ихэнх нь суннитүүд. Тэднийг Ливаны суннитүүд болон Турк дэмжиж байгаа.

2011 оны хавраас үргэлжилж буй Сирийн иргэний дайны явцад 136 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ орхин явахад хүрчээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж