Төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдаж байна

Булган аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж байгаа билээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар 2014 оны 02 дугаар сарын 17-нд Булган аймагт сургалтын нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь танилцав.

2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2013 онд Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, Сургагч багш нарыг бэлтгэж, Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Тус сургалт нь 2014 оны 1, 2 дугаар улиралд үргэлжлэн 16 аймаг, 6 дүүргийн 6000 гаруй Төлөөлөгчдийг хамран зохион байгуулагдана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үндэсний сургалтыг дараах 7 сэдвийн дор явуулж байна: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс”, “Иргэдийн оролцоо,  иргэдтэй харилцах”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах”, “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Авлигаас урьдчилан сэргийлэх”, “Байгаль орчин – ногоон хөгжил”, “Хүний эрх ба жендэр” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж