Г.Уянга гишүүн 1000 ахмадад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Г.Уянга гишүүн 1000 ахмадад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын
гишүүн Г.Уянга Чингэлтэй дүүргийн 1000 ахмадыг Монголын Үйлдвэрчний
Соёлын төв ордны их танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн уулзалт
хийлээ.   

“Буянтай буурал-Буян хишгийн даллага” нэртэй
уулзалт-арга хэмжээ өнгөрөгч ням гарагт буюу энэ сарын 16-ны өдөр болсон
бөгөөд Чингэлтэйн ахмадууд тойргоосоо сонгогдсон гишүүнтэй нэг өдрийг
дуу хуур, инээд хөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.

Энэ үеэр ахмадуудад
Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улааны шашны
“Раашпэлжайлин” хийдийн лам хуврагууд аливаа бүхнийг ариун сайхан
байлгах, жил, сар, өдөр, мэнгэ, зүг, цагийн цээрийг арилгах, хор хөнөөлд
үл өртүүлэх, гай барцадыг засах Дашчарвэвийн сан, Найман гэгээн,
Дашзэвэг, Гурван гүрэм буюу Цагаан, Ногоон дарь эх, Ширнэн, Цагаан
шүхэрт зэрэг номыг айлдаж буян хишгийг даллага авлаа. Энэ үеэр иргэд
авчирсан идээ цагаагаараа даллага авч, маань мэгзэмээ уншин, бүхнээ
даатган залбирч байсан нь содон байв. 

Арга хэмжээний үеэр эрхэм
гишүүний ахмадууддаа барьсан бас нэгэн сюрпризийн нэг бол тус дүүргийн
18 дугаар хорооны ахмадын “Хөх тэнгэр” хамтлаг байв. Тус хамтлагийн
гишүүд урлагийн тоглолтоо үзүүлж, танхимд цугларсан үзэгч ахмадуудын
алга ташилт нижигнэж байсан юм. Энэ үеэр эрхэм гишүүн Г.Уянга хамтлагийн
гишүүд болох Ж.Чимэг, Ч.Болдбаатар нарт Засгийн газрын шагнал болох
“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг нь гардуулж өгсөн нь бас нэгэн
бэлэг байлаа.

Уулзалтанд УИХ-ын гишүүн Г.Уянгын “Түгээлэн
ундарга”  Төрийн бус байгууллага болон “Лорд” хэлний сургалтын төвтэй
хамтран хэрэгжүүлж байгаа “30 хүүхэд-30 хүсэл” төсөлд хамрагдаж байгаа
Чингэлтэйн хүүхдүүд мөн оролцож ахмадуудад үйлчилж байсан юм. Дашрамд
дурдахад уг төсөлд эрхэм гишүүн дүүргийнхээ амьжиргааны түвшин доогуур ч
хэлний авьяастай шилдэг сурагчдыг хамруулаад байгаа бөгөөд сурагчид
гадаад хэлний сургалтад үнэ төлбөргүй нэг жилийн хугацаанд хамрагдаж
байгаа юм. Тэдний дундаас авьяас чадвараараа манлайлсан нэг сурагчид
гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрхийг олгох юм.

Ийнхүү
эрхэм төрийн түшээ сар шинийн дараахан Чингэлтэй дүүргийнхээ ТББ-ынхан
болон ахмад настан, хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулан нэг өдрийг баяр
хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Ахмадууд ийм сайхан арга хэмжээ зохион
байгуулсан УИХ-ын гишүүн Г.Уянгад талархсанаа илэрхийлж байсан
юм.                  



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж