
Николас Мадуро өмнө нь нэг бус удаа Америкийн дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөж, АНУ-ыг Венесуэлийн төр засгийг түлхэн унагахыг оролдсон хэмээн буруутгаж байсан. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард Мадуро америкчуудыг Венесуэлийн эрчим хүчний салбарт хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг оролдсон хэмээн мэдэгджээ. Тус улсын газар нутгийн 70 орчим хувь нь гэрэл цахилгаангүй хоцорсон ослын дараа тэрбээр ийм мэдэгдэл хийсэн юм. Үүнээс сарын дараа Венесуэлийн Ерөнхийлөгч АНУ-ыг сөрөг хүчнийг санхүүжүүлсэн хэмээн буруушааж, Америкийн гурван дипломат ажилтныг эх орноосоо хөөж гаргажээ. Мөн өнгөрсөн онд Уго Чавесыг нас барсан мэдээлэл гарахын өмнөхөн гуравдугаар сард Мадуро хоёр дипломат ажилтныг хөөж, АНУ хүнд өвчтэй Ерөнхийлөгчийнх нь эсрэг цэргийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэж мэдэгдсэн юм.
Венесуэльд сүүлийн хэд хоног өргөн олныг хамарсан эсэргүүцлийн үйл ажиллагаа болж байна. Энэ сарын эхнээс тус улсын өнцөг булан бүрт өрнөсөн оюутнуудын жагсаалд оролцогчдыг баривчилсан явдал үүний шалтгаан болжээ. Энэ сарын 12-нд нийслэл Каракаст болсон жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон байна. Жагсаалын үеэр болсон эмх замбараагүй байдал болон цагдаа нартай мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Николас Мадуро үүний хариуцлагыг сөрөг хүчний удирдагч Леопольд Лопест тохсон байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин